Шведийн аялагч Кристиан Бодегрен хоёр бөхтэй тэмээнд шаардлагатай эд зүйлсээ ачин Казахстан болон Монголын тал нутгаар нэг жил ганцаараа яваан аялсан тухайгаа өгүүлсэн баримтат кино хийсэн. Казахстаны Каспийн тэнгисээс Монголын тал нутаг хүртэл ганцаараа явган аялсан тухай өгүүлсэн баримтат киноныхоо трейлерыг Бодегрен энэ сарын 7-нд фейсбүүк хуудсаараа түгээсэн юм. 44 настай Бодегрен нийт 5,095 км-ын явган аялал хийжээ. Тэрбээр энэхүү адал явдалт аялал, баримтат киногоо хийж байхдаа хасах 30 градуст майханд хонож, ганцаардах зэрэг олон сорилттой тулгарч байсан гэнэ. Аяллаа амжилттай дуусгаж чадахгүй нь гэж сэтгэлээр унах үе түүнд нэг бус удаа тохиолдож байсан ч тэрбээр бууж өгөөгүй байна. Тэрбээр “Энэ аялал миний хувьд амьдралаа өөрчлөх туршлага болж үлдсэн. Энэ аяллаас би өөрийгөө олсон” хэмээж байв. Түүнтэй мессенжэрээр холбогдож ярилцлаа.
-Та өмнө нь Монголд ирж байсан уу. Монголын талаар хэр мэдэх вэ?
-Анх 1999 онд Монгол оронд ирж аялж байсан. Гэхдээ тийм ч удаан аялж, олон газраар явж амжаагүй.
-Аяллаа хэзээ эхэлсэн бэ?
-Өнгөрсөн оны зургаадугаар сарын 2-нд Казахстаны Каспин тэнгисээс эхэлсэн.
-Аялалд гарахад тань юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Байгаль, соёл, аялах хүсэл маань л нөлөөлсөн байх даа.
-Яагаад Монгол болон Казахстаныг сонгосон юм бэ. Дэлхий дээр 200 гаруй улс байгаа шүү дээ?
-Хоёр бөхт тэмээ нь зөвхөн Хятадын хойд говь, Казахстан, Монгол, Киргизстанд бий. Харин тэмээгээр аялахад хамгийн тохиромжтой нь Монгол, Казахстан.Тиймээс л Монгол болон Казахстанаар аялахаар шийдсэн.
-Аяллын тань зорилго юу вэ. Яг ямар учраас аялахаар шийдэв?
-Нүүдэлчдийн амьдрал болон хоёр бөхт тэмээг би эртнээс сонирхож байсан. Тиймээс олон жилийн өмнөөс буюу 1999 онд Монголд анх ирснээсээ хойш энэ орноор аялах юмсан гэж бодож байсан юм. Нөгөө талаас энэ аялал миний хувьд амьдралаа өөрчлөх туршлага болж үлдсэн. Энэ аяллаас би өөрийгөө олсон. Энэ л хамгийн чухал нь.
-Яагаад тэмээг сонгосон юм бэ. Машин, мотоцикл эсвэл мориор аялж болоогүй юм уу?
-Би тэмээг эртнээс сонирхож байсан тухайгаа дээр дурдсан. Мөн 2010 онд би Сахарын цөлөөр нэг бөхтэй тэмээгээр аялж байсан юм. Энэ үеэс л тэмээ гэх энэ амьтныг улам ихээр сонирхох болсон юм. Бусад амьтантай харьцуулахад тэмээ тэсвэртэй, хүчтэйгээс гадна их дөлгөөхөн амьтан.
-Та жил гаруйн хугацаанд 5,000 гаруй км-ыг явганаар туулсан. Мэдээж олон бэрхшээл тулгарсан байх. Тулгарч байсан бэрхшээлүүдээсээ дурдвал?
–Хасах 30 градуст майхнаас өөр салхи хаах зүйлгүй талд явган явах нь л надад тулгарсан хамгийн том, хэзээ ч мартагдашгүй бэрхшээл байсан. Казахстан болон монголчуудын хувьд цельсийн хасах 30 градус гэдэг бол дундаж хэм. Харин миний хувьд бол эсрэгээрээ. Өвлийн зарим шөнө хасах 40 градус ч хүрч байсан. Энэ үед аялалд гарсандаа харамсах ч үе ч байлаа. Мөн хэт хүйтнээс болж нэлээн олон кг жин хаясан. Анх удаа л өвлийн улирал удаанаас удаан санагдаж байсан шүү.
-Та өмнө нь олон орноор ганцаараа аялж байсан. Аялах явцдаа халдлагад өртгөж байв уу?
-Аялах явцдаа аль болох хүмүүсээс зайлсхийдэг. 2012 онд Венесуэлд аялж байхдаа матарт бариулахаа шахаж байсан. Үүнээс хойш маш сэрэмжтэй, болгоомжтой болсон. Харин Монголоор аялах явцдаа чоно, говийн баавгайтай (мазаалай) таарсан. Монголын баавгай их жижигхэн санагдсан шүү.
-Аяллын явцад хэр хэмжээний зардал гарсан бэ?
-Хоол хүнс болон ахуйн хэрэглээ, тэмээ худалдаж авсан зардал л гарсан. Гэхдээ зардлаа нарийн тооцож үзээгүй. Угаасаа адал явдлыг мөнгөөр илэрхийлэх боломжгүй шүү дээ.
-Казахстанчууд болон монголчууд хоорондоо юугаараа ялгарч байв?
-Монголчууд өнөөг хүртэл нүүдэлчин соёлоо хадгалж үлдэж чадсан бол казахстанчууд нүүдэлчин уламжлалаа бараг алдсан. Магадгүй энэ нь Казахстан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсантай холбоотой байх. Гэхдээ нөгөө талаас энэ нь олон давуу талтай. Казахстаны нийслэл Астана хот Монголын нийслэл Улаанбаатартай харьцуулахад супер орчин үеийн хот шүү дээ.Харин хүмүүсийн хувьд казахстанчууд 1920 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан бол монголчууд 1924 онд коммунист улс болсон.
Тийм ч учраас энэ хоёр орны ард иргэдийн сэтгэхүй ерөнхийдөө адил төстэй. Казах хүмүүс их тусч, сайхан сэтгэлтэй. Казахстаны нутгаар аялж явахдаа маш олон эзэнгүй тосгонтой таарч байсан. Бараг л хүнгүй болсон тосгонд цөөхөн настай хүмүүс амьдрах нь олонтоо тохиолдсон. Харин Монголд бол эсрэгээрээ байсан. Магадгүй нүүдлийн соёлоо орхиогүй нь үүнд нөлөөлсөн байх.
-Таныг ийм эрсдэлтэй аялал хийхээр шийдэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай гэр бүлийнхэн адал явдалтай, эрсдэлтэй аялал хийхэд хэдийнээ дассан. Мэдээж эхэндээ бол зөвшөөрдөггүй байсан. Харин одоо бол гэртээ жаахан удаан байвал бараг гайхна.
-Дахин өөр газар руу аялах уу. Төлөвлөгөө гаргасан уу?
-Би нэлээн хэдэн жилийн өмнө сурахыг хүссэн зүйл, аялахыг хүссэн газрынхаа жагсаалтыг гаргачихсан. Жаахан амарч байгаад дараачийнхаа адал явдлыг хайж эхэлнэ дээ. Амьдрал богинохон, дэлхий ертөнц дэндүү том. Харин цаг хугацаа хэтэрхий богинохон. Хэрвээ хүсвэл хүн бүр хүссэн газар руугаа аялах боломжтой. Ганцхан шийдэх, төлөөлөх хэрэгтэй.
-Монголын талаарх таны сэтгэгдэл?
-Монголчууд бол нүүдэлчин уламжлалаа авч үлдсэн дэлхийн бараг цор ганц орон. Тиймээс энэ давуу талаа ашиглан жуулчдыг татах боломжтой. Энэ нь монголчуудын хамгийн том боломж ч байж магадгүй юм.
-Яг одоо аялалд гарахаар төлөвлөж буй хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нэгдүгээрт, сэтгэлзүйгээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Сэтгэлзүй хамгийн чухал нь.
Хоёрдугаарт, чийглэг орон руу аялах гэж байгаа бол хүнсний бүгээгдэхүүнээ анхаарах хэрэгтэй. Чийг ямар ч зүйлийг сүйтгэнэ.
Гуравдугаарт, халдвар өвчин авахаас сэргийлэх хэрэгтэй. Аль болох битүү хувцас өмсөж, шумуулын эсрэг тос авч явахаа мартаж болохгүй шүү л гэж хэлье дээ.
Эх сурвалж: