Стивен Спилбергийн “Mosaic” цуврал кино гарахын өмнөхөн гол дүрд нь тоглосон алдарт жүжигчин Шэрон Стоун ярилцлага өгчээ. Энэ ярилцлагадаа тэрбээр 2001 онд золтой нь үхээгүй гэдгээ хэлсэн байна. Жүжигчин бүсгүйн тархинд цус алдаж, амьд гарах магадлал 5%-тай л үлдсэн гэнэ.
“Тархинд цусны судас хагарахад би аварга том гэрэл намайг сорж байгааг мэдэрч байлаа. Би яг л биеэсээ нисч байгаа мэт болж, нас барсан найз нөхөд, амьд байхдаа надад сайн ханддаг байсан бусад хүнийг харж эхэлсэн. Яг л хоёр ертөнцийн заагт ирсэн мэт байлаа. Харин гэнэт тэсрэлт болж, би биедээ эргэж орсон” хэмээн Шэрон Стоун ярьжээ.
Энэ явдлаас хойш жүжигчин бүсгүйд дүрийн санал ирэлгүй удсан гэнэ. “Маш хүнд үе байсан. Би ажилгүй суугаад л байсан. Ямар ч санал ирэхгүй, хүмүүс намайг бүх дадал зуршлаа алдсан гэж бодсон. Би ямар зүйл даван туулснаа хэнд ярихгүй байхыг хичээж байлаа. Яагаад гэвэл кино зах зээл гэдэг ийм сул талыг өршөөдөггүй юм. Ямартай ч би хөл дээрээ боссон азтай хүн” хэмээжээ.
Стоун мэс заслын дараа үе үе этгээд байдалтай болж, хачин зан гаргаж эхэлсэн гэнэ. “Би өөрийнхөө модтой байнга ярьдаг байлаа. Тэр надад хариулж байгаа мэт санагддаг байсан. Бас маш гоё үнэр ялгаруулдаг байлаа” хэмээн ярьсан байна.