Солиот эх” киноны ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчин Ишдоржийн Одончимэгтэй ярилцлаа.

-“Солиот эх” киноны нээлтийн үеэр та үзэгчдийн дунд сууж харагдсан. Киногоо дуустал нь хамт үзсэн үү?

-Үзэгчдийн дунд суугаад киногоо үзэхэд анхаарал төвлөрч өгөхгүй хэцүү байсан. Энэ хэсэгт тэгдэг байж, арай өөр тоглох байж гэж харамсаад, нуруу руу юм гүйгээд ерөөсөө тогтож чадаагүй. Уран бүтээлдээ 100 хувь ханана гэж байдаггүй.

-Нээлтийн үзвэрийн дараа уран бүтээлчдийг тайзнаа зарлах үед таны нэрийг хэлмэгц бүгд босож зогсоод, халуун алга ташилт бэлэглэсэн. Энэ бол мэргэжлийн гоё таашаал байсан байх даа?

-Тэр их сонин мэдрэмж байсан. Тайзны ажлын хувьд “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Ромео, Жульетта”-гийн дараа үзэгчид танхимаас гарахгүй, удаан алга ташдаг тийм жүжгүүд байсан. Харин киноны хувьд анх удаагаа… Магадгүй Онон продюсер, манай киноны маркетингийн албаныхан үүнийг мэдрэхийн тулд миний нэрийг хамгийн сүүлд дуудсан болов уу.

-Тэр үед та “Би энгийн кино хийе гэж хүссэн. Энгийн, ойлгомжтой хэрнээ та, бидний санадаггүй, анзаардаггүй тэр зүйлийг гаргахыг зорьсон” гэж хэлж байсан. Харин кино бүтээх явц тийм “энгийн” байгаагүй гэж бодож байна.

-“Солиот эх” кинонд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Манай багийнхан бүгд энэ зохиол, уран бүтээлдээ дурлаж ажилласан. Амаргүй байсан уу гэвэл тийм ээ. Гол дүр маань байгалийн хүнд нөхцөлд, явах ёстой үйлдлүүд нь тухайн хүнээс амар юм шаардаад байдаггүй хэцүү гүйцэтгэлтэй.

Жишээ нь, тэр хүрмэн чулуун дундуур нүцгэн хөлөөрөө байтугай нимгэн ултай гуталтай явахын аргагүй байсан. Олон давтана, нарнаас, үүлнээс, жүжигчний тоглолтоос шалтгаалан хэд дахина. Тэр тоолонд эхний ритм унтарна, анхны байсан сэтгэл хөдлөл үгүй болно. Түүнийг тогтоон барихын тулд “хүчээр” маш их энерги гаргах шаардлагатай болж байлаа.

-Найруулагчийн хувьд дебют кино байсан байх, тийм үү. Ийм их ажиллагаатай гол дүрийг гаргана гэдэг хэцүү байсан биз?

-Ороод гарчихдаг дүр байсан бол өөр хэрэг. Гэвч энэ бол голын гол дүр, надгүй зураг гэж бараг байхгүй. Тийм учраас би дунд нь шантарсан. Бүр анхнаасаа манай киноны продюсер Онон “Чи л тоглохгүй бол энэ киног хийхгүй” гэж намайг шахсан. Тэгэхээр нь “Тэгвэл өөр найруулагч олоод би гол дүрээ бүтээе” гэхэд бас зөвшөөрөөгүй.

“Энэ бол нарийн ажиллагаатай дүр, энэ киног эмэгтэй хүн л найруулж чадна. Өөр найруулагч авбал чи урдуур нь ороод, энэ болохгүй байна, ингэнэ гэж дайраад бүтэхгүй, би чамайг мэдэж байсан” гэсэн. Хүссэн ч, хүсээгүй ч чи найруулна, гол дүрээ бүтээнэ, өөр яриа байхгүй гэж надад тулгасан. Тэгээд би ойлгосон л доо. Энэ бол хариуцлага. “Х ТҮЦ”-ийн хувьд “Болсон явдал”-аас хойш удаан хугацааны дараа бүтсэн кино. Нээрэн, хэндээ итгэж өгөх вэ гэж, гомдвол өөртөө л гомдъё гээд л орсон.

-Дүр, жүжигчин хоёрын тохироо бүрдэх тэр огтлолцол бол маш ховор байх. Хүмүүс киноны трэйлерийг үзээгүй ч энэ дүрд Одончимэг тоглосон гэдэг цуу л хүмүүсийг театрын гадаа дугаарлуулж байсан.

Таны хувьд ч гэсэн энэ нь бусад дүрээс их онцгой байсан болов уу гэж бодож байна.

-Магадгүй тийм байх. Жүжигчний амплуа гэж байдаг, тэр нь хүн бүрт өөр. Хүмүүс намайг зөөлөн, эерэг талын дүрээр хүлээж авдаг. Гэтэл би эсрэг дүрд тоглохыг хүсдэг л байхгүй юу. Би нэг удаа тайзан дээр эсрэг дүрд тоглож байсан. Олон эрчүүдтэй холбогддог, айхтар сүйхээтэй, хонжоо хайгч, амьдралаас юм атгаж байж л үлддэг, хүмүүсийг ашиглаад л өнгөрдөг тийм эмэгтэйн дүр.

Надад тэр болгон эсрэг дүрийн санал ирдэггүй учраас би маш их хичээсэн, нөгөөтэйгүүр үзэгчид ч сайн хүлээж авч, миний тоглолтын үеэр алга ташдаг байсан. Гэтэл дараа нь нэг хүн над дээр ирээд “Одончимэг ээ, би чамайг ийм байдлаар харахыг хүсэхгүй байна. Чи ахиж ийм дүрд битгий тоглооч” гэж гуйсан.

Энэ үг надад их сонин санагдсан. Миний жүжигчний ажил, хүсэл, тэр хүний хүлээж авах ойлголт өөр байсан л даа. Сонин байгаа биз? Дараа нь бас нэг хүн гудамжинд таараад “Одноо чамайг би охиддоо үлгэр жишээ болгож ярьдаг. Бид гэр бүлээрээ чамд хайртай. Гэтэл чи юунд тоглочихов оо?” гэж хэлсэн.

-Энэ үгс танд нөлөөлсөн үү?

-Нөлөөлөх гэхээсээ илүү би энэ тухай бодож байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Урлагийн хүний нөлөөлөл хүчтэй, нийгэмд хүлээсэн өөрөө ч мэдэхгүй үүрэг байдаг гэдгийг ингэж ойлгож байлаа. Магадгүй энэ киноны солиот эхийн дүр үзэгчдийн надаас хүлээгээд байсан тэр зүйл байсан болов уу.

-Дүрд өөрийгөө та яаж бэлдсэн бэ?

-Би урд нь “Алганы хээ” кинон дээр төрөхөөс болоод галзуураад, дараа нь гэхдээ эдгэрдэг эмэгтэйн дүрд тоглож байсан. Тэр үед надад маш их хэрэг болсон хоёр материал байдаг. Чингэлтэйнхэн бүгд мэднэ дээ, манай гудамжинд, хэдхэн хаалганы цаана ухаан нь заримдаа самуурдаг эмэгтэй амьдардаг байсан. Тэр гэр орондоо маш тустай, өглөө үхрээ хариулчихна, үнээгээ саачихна, ихэнхдээ бидэнтэй яг л зүгээр хүн шиг ярина. Өвчин нь хөдлөхөөр хүүхдүүд их шоглоно.

Заримдаа эрүүл болчихно, энэ маань зүгээр болчихож гэж бодоод өгсөн чихрийг нь хуваагаад идчихнэ. Хаа нэг орж гардаг, өвчин нь хөдлөхөөрөө доогуураа нүв нүцгэн гараад үхрээ туугаад явчихдаг. Тэрүүгээрээ л өвчтэй гэдэг нь мэдэгддэг тийм эмэгтэй. Галзуу хүн гэхээрээ л нүдээрээ өнцөг үүсгээд, шүлсээ гоожуулаад, “уу, аа” гээд чарлаад явдаг биш. Энэ бол том эндүүрэл.

Би бас Шар хадны эмнэлэгт хэвтэж байсан. Аав намайг ядаргаанд орлоо гээд 14 хоног хэвтүүлэхэд хоёр галзуу найзтай байсан. Өглөө цайгаа уучихаад гарч ирээд өдөр болтол буу халаад сууж л байсан. Эхнийхийг нь галзуу гэдгийг мэдэлгүй өдөр хүртэл ярьчихсан. Сүүлд нь энэ бол галзуурчихсан, бүр “Хурцын тасаг”-т байдаг гэдгийг мэдсэн.

-Шар хадны эмнэлэгт хэвтэж байх тэр үедээ жүжигчин хүн учраас сонирхож, хэргээр ярилцаж, ажиглах тохиолдол байсан уу?

-Тэр бол тодорхой. Тэр залуутай би гурав хоног ярьсан, түүнээс хойш өнөөх маань үзэгдэхээ больсон. Зориудаар, нүдийг нь харахын тулд, ааш аягийг нь мэдэхийн тулд зүгээр л ажиглалтаар… Энэ бол миний дүрд асар их хэрэг болсон.

-Зохиол уншаад таалагдах нэг хэрэг, кино болгох хүртлээ автах өөр хэрэг. Энэ зохиолыг анх яаж олж авсан бэ?

-Сайн зохиолын эрэл хэцүү. “Сэрүүн хасын нууц” жүжгийн зохиолыг бид орчуулагч Д.Болдбаатар гуайгаас авч байсан. Тэгээд бид кино хиймээр байна, гоё зохиол юу байна вэ гээд ахиад яваад очиход өөрийнхөө орчуулсан “Гэгээ”-гийн “Сургамжит өгүүллэгүүд” номыг санал болгосон. Онон бид хоёр тэр номыг тус тусдаа авч яваад, ажил дээр уулзахад хоёуланд маань “Солиот эх” өгүүллэг их таалагдсан байсан.

Тэгээд л тэр дороо шийдэж, Д.Болдбаатар ахаас зохиолчтой нь холбогдоод өгөөч гэж гуйсан. Эхэндээ олоогүй, тэгээд зөндөө эрэл сурал болж, Гадаад харилцааны яам, Бээжин дэх Консулын газар гэхчилэн хөөцөлдөөгүй газар байхгүй. Тэгж их ажил болж байж арай гэж зохиолчийг нь олсон. Багш хүн юм билээ. Ван Хэн Житэй олон хоног хэлэлцсэний эцэст зохиолоор нь үүсмэл бүтээл хийх албан ёсны эрхээ худалдаж авсан.

-Зэрэмийн дүр дээр та найруулагчийн хувьд хэр их ажиллав? Т.Бархүүгийн гүйцэтгэл хүмүүст их хүрсэн байсан.

-Зэрэмийн дүрд анх бид өөр хүн харсан. Гэвч тэр хүн маань бидний саналыг тодорхой шалтгаанаар хүлээж аваагүй. Бархүү чинь энэ жүжигт чихээсээр орж ирсэн юм шүү дээ (инээв). Анх харсан жүжигчнээ л хүн авах гээд байдаг юм билээ. Кино багийнхан маань Бархүү чинь байж болдоггүй юм уу, яагаад татгалзаад байгаа юм гэхээр үгүй ээ, Бархүү биш ээ гээд л Онон бид хоёр яваад байсан.

Бараа ч гэсэн жүжигчин олов уу, тэр байж болохгүй юу гэхчилэн хүн хайлцаад л явсан гэсэн үг. Тэгээд сүүлд нь за Бархүү чи хамтлагаа авар гээд л хүчээр тулгасан даа.

-Энэ дүр Т.Бархүүгийн оргил ажлуудын нэг байсан болов уу. Үзэгчид хүртэл түүнийг, улмаар авьяасыг нь өөр түвшинд харж эхэлсэн байх.

-Жүжигчин хүн авьяастай байж болно. Гэвч үүний хажуугаар ухаан гэж юм бий. Энэ хоёр нийлэх нь их ховор тохиол. Манай Бархүүд энэ хоёр чанар байдаг. Тийм учраас энэ дүрийг сайн бүтээсэн. Бараа энэ кино руу сэтгэл зүйн хувьд ямар ч бэлтгэлгүй орсон. Ямар ч бэлтгэлгүй хүн гэдэг чинь аймаар байхгүй юу.

Өөрөө ч гэсэн бидний саналыг сонсоод шоконд орсон, бэлэн биш байсан учраас балмагдсан. Түүний дүр бараг үг хэлдэггүй. Үгтэй юм гэдэг маш амар байдаг, үгээр бүх юмаа илэрхийлнэ. Харин үггүй дүр гэдэг жүжигчнээс дотоод тээшийг алдалгүй барьж явах маш хэцүү чадвар шаарддаг. Тэр тээшийг нэг газар алдахад л дуусаа.

-Эх зохиол хятад хэл, ахуй соёлд суурилж бичигдсэн. Үүнийг орон зай, цаг хугацаа, соёлын хувьд шилжүүлж, Монголын хөрсөн дээр буулгах ажил ямар байсан бэ?

-Авьяастай хүнд амархан байх, дор нь биччих биз. Би тийм хүн биш, зовж байж буулгасан. Хятад ахуйд суурилж бичигдсэн зохиолыг уншихад тэр гацааны амьдрал нүдэнд харагдтал буудаг ш дээ. Гэтэл манай хөдөөний амьдрал, сумын төв их өөр, сонин орчин. Суманд аваачих уу, яг хөдөө аваачих уу, эсвэл саахалтын голоо дагасан айлууд дунд буулгах уу гээд нүдэндээ харж байгаа байхгүй юу… Янз бүрээр бодсон.

Тэгээд цаг хугацааны хувьд шилжүүлье, эхлээд ганц гэрээрээ байг, дараа нь амьжиргаа нь дээшлээд нэг баян эзний хажууд хэдэн хонь, ямаа бараадаад байг, дараа нь бүр хувьсгал ялсны дараа хамгийн дотно айлтайгаа хоёр гэрээрээ тусдаа байя гэхчилэн шийдсэн.

-Та хөдөөгийн амьдралтай хэр ойрхон өссөн бэ?

-Би Өвөрхангайд төрсөн. Өвөл өнгөрөнгүүт хөдөө очдог, хүйтрэхээр буцдаг тийм л хүүхэд байсан. Хөдөөний ахуйг маш сайн мэднэ, жинхэнэ үхрийн халуун баасанд нүцгэн хөлөө хийж дулаацуулж явсан охин байхгүй юу. Өглөө эрт адуунд яв гэхээр явдаг л байсан. Морь унана, хонь ямаагаа саана. Тийм учраас хөдөөний ахуй надад хүнээр заалгаад, хэлүүлээд байхаар онхи ондоо юм бол биш. Түүхийн тухайд, би багаасаа түүх сонирхдог байсан.

Дунд сургуульд байхдаа онцгойлж түүхийн дугуйланд явдаг, тэр тухай олон ном уншсан. Эмээ маань соц нийгмийн үед хөрөнгөө гурван удаа хураалгаж явсан тайж хүний охин, энэ засгийг үздэггүй тийм эмгэн байсан. Тэр хүн надад тухайн үеийн юмнуудыг маш их ярьж өгдөг. Хүүхдийн ертөнцөд тэр нь сонин буудаг байсан учраас би түүх сонирхдог болсон л доо. Хэдий тийм боловч би мэргэжлийн хүнтэй хамтран ажилласан.

Угсаатны зүйн зөвлөхөөр Д.Тангад гуайтай ажилласан. Тэр хүн надад зохиолд хэрэг болно гээд эрдэм шинжилгээний арваад өгүүлэл, ном зааж өгсөн. Ер нь судалгаагүй ажилладаг найруулагч, жүжигчин гэж байхгүй. Би тийм юм дуулаагүй, мэдэхгүй. Саяхан нэг шүүмж дээр “Түүхээ судалмаар юм…” гэсэн санаа бичсэн байна билээ. Нэг жүжигт тоглох гэж нэг их сургууль төгссөн юм шиг их юм уншдаг шүү дээ. Тэр судалгаа нь харин өөрт нь, зохиолд нь наалдсан уу, үгүй юү, хэр шингээж чадсан бэ гэдэг тухайд ярих нь өөр хэрэг.

Жүжигчний ажил бол оюуны ажил шүү дээ. Хүмүүс зүгээр л авьяасаараа тоглочихдог гэж боддог юм шиг байгаа юм. Энэ киног өөрийгөө голохооргүй монгол ахуй руу наалдуулсан гэж бодож байна. Хэн ч үзээд энэ хятад зохиол, хятад ахуй гэж хэлэхгүй байх.

-Киногоо найруулаад, өөрөө гол дүрд нь тоглох амаргүй байсан тухай та хэлсэн. Үүнээс гадна их, бага ямар нэг хэмжээгээр давуу тал гэж байсан уу?

-Байна. Найруулагчийн хувьд би тусдаа хүн, жүжигчин өөр психтэй. Жүжигчин болгон өөрийн арга барилаар дүрээ гаргадаг. Жишээ нь, хүн бүр адилхан уурладаггүй шүү дээ. Тархинд болж буй бодол, гаргаж буй тэр эмоци шал өөр. Тийм учраас найруулагчийн хувьд өөрийнхөө бодсоныг тэр хэвээр нь илэрхийлэх тал дээр давуу тал байсан.

Яагаад гэвэл би энэ хэсэг дээр ийм л юм хүсээд байсан юм даа гэхэд авьяастай ч гэсэн өөр жүжигчин тэр нюансыг харахгүй байвал яах вэ? Гэхдээ энд алдаа гарч болно. Хүн өөрийгөө урдаас харж чадахгүй. Хөндлөнгийн хүн алдааг харж чаддаг.

-“Энэ дүрд тоглохдоо би ээжийгээ л бодож байлаа” гэж та хэлж байсан. Таны хувьд ээжээсээ өвлөж авсан хамгийн үнэт чанар юу байсан бэ?

-Би ээжээсээ их олон юм авсан даа. Миний ээж намайг хүн байхад сургасан. Хүний хувь заяа гэдэг тэр бүр олдохгүй ховор нандин юм, тийм учраас хүнийг хөгшин залуу, баян хоосон, сайхан муухай гэж ялгахгүйгээр хүн гэдэг утгаар нь харилцаж бай гэж хархан багаас минь сургасан. Зөв байх ухааныг би ээжээсээ авсан. Ээж маань “Хүнтэй хэрэлдсэн ч тэр хүний сайхан чанарыг бодоод л өнгөрчих, миний охин. Тайвширсан хойноо энэ мууд чинь ийм сайхан чанар байдаг шүү гэх зөвтгөлийг нь олчих” гэдэг юм. Би яг л ээжийн энэ үгээр амьдардаг.

Ингээд ирэхийн цагт хэн нэгнийг занаж зүхээд, бүх юмыг хорон нүдээр харахгүй болно. Сайхныг олж харах нүдтэй байна гэдэг том ухаан. Миний ээж үр хүүхдийнхээ төлөө өөрт байдаг бүх хүчээ гаргаж амьдарч буй эмэгтэй. Өнөөдөр нас хэдийнэ 70 гарч байгаа ч үр хүүхдэдээ хэрэгтэй хүн байхын төлөө амьдардаг. “Ээж нь олон юм хэлж байсан, миний охин амьдрал дээрээ авсныг ээж нь олж хардаг юм аа. Одоо ээж нь нэг үгийг л хэлнэ, би олон жил наслахгүй нь тодорхой. Миний охин үхэн үхтэлээ хүнд хэрэгтэй хүн байгаарай” гэж ээж надад хэлсэн.

Хүнд хэрэгтэй хүн байна… Аймаар үг байгаа биз? (уйлав). Тэгэхийн төлөө тэр хөгшин хүн өөрийгөө дайчилж, хүнд хэрэгтэй байсаар байгаад явахын тулд амьдарч байна. Би ээж шигээ хүнд хэрэгтэй амьдарч байгаад өтөл насаа дуусгана гэж боддог. Хорвоо бидэнд тийм урт амьдрал өгөөгүй ш дээ. Яасан дуусдаггүй хорвоо вэ гэж хүмүүс боддоггүй байх. Нэг л мэдэхэд бидний хугацаа дуусна. Бид нэг цаг үед сайхан амьдраад дуусмаар байна ш дээ.

-Ээж тань энэ киног үзсэн үү?

-Үзсэн. Ер нь ээж намайг их магтана, сайхан бүтээл болж гэж надад их урам өгдөг. Энэ удаа харин бусдаас илүү дуугүй байсан. Би ээжийгээ “Ээ миний хүүхэн…” гээд их эмоцитой угтаж авах юм байх гэж бодож байтал дуугүй байсанд гайхсан.

“Ижийд нь хэлэх үг олдохгүй, юу гэхээ мэдэхгүй байна. Ээж нь охиндоо баярлалаа л гэж хэлье. Миний охин сайхан бүтээл хийжээ. Энэ бүтээл олон жил өнгөрсөн ч байх болов уу гэж ижий нь бодоод байна. Эхийн хайрыг сайхан, төгс харуулж чадсан байна шүү. Ухаан санаа нь эрүүл биш хүн хүртэл үрээ ингэж хайрлаж байгааг олон хүн хараад эхийн хайр гээчийг ойлгох байх гэж бодох юм” гэж надад хэлсэн.

-Та охиддоо эх хүний хувиар юу гэж хэлдэг вэ, амьдралаас энийг л ойлгосон байхад аяндаа болно доо гэх захиас юу вэ?

-Ээжийнхээ хэлснийг л охиддоо хэлдэг. Миний хүүхдүүд жаахан байна. Сүни маань юугаа ч мэдэхгүй жаахан байна, том маань 20 гарсан. Бид олон дахин ярьж хэлсээр байгаад үгний үнэ цэнийг үгүй хийдэг бололтой. Энэ кино миний охиддоо хэлэх үг. Эхийн хайр, ачийг хүн ер нь их хожуу ойлгодог юм шиг байна. Яагаад гэвэл эх хүн хэзээ ч өөрийгөө амжиж хайрлаарай гэж захидаггүй.

Үрээ тойруулчихаад та нар намайг хайрла гэж хэлдэг ээж байхгүй. Хөндлөнгийн хүн л хэлдэг. Манай энэ кино магадгүй хөндлөнгийн хүний үг нь болоод, үзэгчдэд дамжуулж, ойлгуулах болов уу гэж найдаж байна.

-Танай бага охины өхөөрдөм бичлэг өнгөрсөн зун интернэтээр цацагдсан. Жүжигчний хүүхэд гэсэндээ авьяасыг нь өвлөж дээ гэх хүн олон байсан.

-Тэр бичлэгийг энэ киноны зураг авалтын үеэр хийсэн шүү дээ. Миний бага охин авьяастай. Тэр нь надад мэдрэгддэг. Дотоод хүч, тамиртай жүжигчин цаанаасаа төрдөг. Би тэрийг охиноосоо ажигладаг. Гэхдээ хувь заяаг ярих бол эрт байна.

-Киноны нуруу болсон хоёр эхийн дүр үнэхээр хүчтэй байсан. Д.Цэрэндарьзав гуайг энэ дүрд сонгох саналыг хэн гаргасан бэ?

-Онон продюсерын сонголт. Манай Цэрэндарьзав эгч үнэхээр чадалтай жүжигчин. Өөрөө их даруухан хүн учраас над шиг хэзээ ч ингэж яриад суухгүй. “Ээ бурхан минь, би эд нарынхаа хормойноос зулгааж байгаад л тоглолоо” гэж ярих байх. Хүүгээ зүүдэлж босож ирээд, дотоод санаа зөрчлийг нь хараад маргааш нь л тэгж зоригтой шийдэж чадах хүч зөвхөн эх хүнээс гарна. Цэрэндарьзав эгч энийг маш сайн гаргасан.

Хуучны хүмүүс аргагүй лут юм аа. Бид ядраахгүй, зовоохгүй гэхдээ зургаа хурдан дуусгах гэж яарна. Өөрөө бол би зүгээр ээ, тоглоё л гээд дайраад байна шүү.

-Жүжигчин хүн дүрдээ орохын тулд маш их хүч, энерги зарцуулдаг нь лав. Түүнээсээ эргээд гарах, бүрэн чөлөөлөгдөх гэдэг бас их амаргүй болов уу?

-Маш хүнд зурганд ороод “Стоп” гэж хэлсний дараа ч гэсэн хэсэг хугацаанд дүрээсээ гарахгүй, уйлж байсан бол цурхираад зогсох мөч бий. Энэ нулимс гэдэг чинь зүгээр ч нэг бэлэн урсаад байдаг ус биш. Сэтгэл дотор тодорхой процесс явагдаж, түүнийг эд эсээрээ мэдэрч байж хариу үйлдэл үзүүлнэ шүү дээ.

Хүнд үзэгдлийн дараа орчноос хэсэг холдох, ганцаар байх гэхчилэн арга хэмжээ авна. Ер нь хэцүү л дээ. “Сэрүүн хасын нууц” жүжгийг тасралтгүй сар тоглосон. Би нэг сарын турш тайзан дээр уйлсан. Дараа нь энэ жүжгийг өдөрт хоёр тоглоё гэдэг санал гаргахад би зөвшөөрөөгүй. Миний бие, миний зүрх тэр ачааллыг дийлэхгүй гэдгийг би мэдэж байсан.

-Та завтай үедээ юу уншдаг вэ? Кино, жүжигт хувилгасан зохиолын сонголтууд тань онцгой, нарийн мэдрэмжтэй байдаг учраас асуухыг хүслээ.

-Тэр энэ гэхгүй, зав гарвал таарсан болгоноо л уншихыг хүсдэг. Өмнө нь зөвхөн суут зохиолчдыг уншдаг байсан үе бий. Гэтэл нэг удаа ариун цэврийн өрөөнд хуудас нь урагдчихсан нэг зохиолыг уншаад энэ бодлоо орхисон. 1998 он юм байна, би сайн санадаг юм. Тэр нэг залуу, эхлэн бичигчийн өгүүллэг байсан.

Надад маш их таалагдаад, хүний оюуны ертөнц багаддаггүй юм байна гэдгийг ойлгосон. Надад шүлэг, зохиолыг нь алгасалгүй уншдаг авторууд бий. Би Л.Өлзийтөгсийн бүх номыг авдаг. Тэгэх болсон маань ч их сонин түүхтэй.

Би номд хорхойтой учраас, номын дэлгүүр орохгүй удвал л ямар шинэ ном гарсан бол, би юунаас хоцров гээд догдлоод эхэлдэг. Нэг өдөр сэтгэл санаа их сонин болоод, номын дэлгүүр ороход Л.Өлзийтөгсийн ном харагдсан. Тэгэхэд би хүнийг нь ч, авторыг нь ч сайн мэддэггүй байлаа.

Нэг хуудас дэлгэтэл “Бүх хувцсаа тайлж шидлээд гудамжаар орилоод гүймээр…” гэсэн мөр таарсан. Би ганц бие бүсгүй, охинтойгоо хоёулаа амьдардаг байлаа. Тэр өдөр үнэхээр л надад чангаар орилоод, бачуурлаа тайлаад гудамжаар хамаг хувцсаа шидлээд гүймээр санагдаж байсан. Гэтэл тэр шүлэг…

Дараагийн хуудсыг сөхөхөд “Шөнө дунд цас орж байна” гээд л… Би их романтик хүн. Шөнө бороо юм уу, цас орохоор өөрийн эрхгүй сэрчихдэг, миний мэдрэмжинд маш их нөлөөлдөг. Надад нэг шал шүргэсэн урт цагаан сарпаанчик байдаг юм. Нэг шөнө хачин гоё цас малгайлан ороод, би тэсгэлгүй тагтан дээрээ гарч зогсоод шөнийн 02.00 цагт бие дээр минь цасан ширхэг буухыг мэдэрч, нулимс аяндаа асгараад, гоёыг мэдрээд хэн ч намайг харахгүй юм чинь гээд “солиорч” өгсөн.

“Энэ хорвоо дээр би яг ямар хугацаатай ирсэн бол” гэх зэргийг эргэцүүлээд л… Энэ хорвоогийн аймаар гоё мэдрэмжийг мэдрээд зогсож байсан. Хэнтэй ч хуваалцахгүй, зөвхөн ганцаараа байхдаа мэдэрдэг нэг тийм гоё хором мөч тохиодог доо. Тэр шүлгэнд яг л би байсан. Тийм учраас би тэр номыг шууд худалдаж аваад, Л.Өлзийтөгсөд дуртай болж байлаа. Мэдрэмж нийлэх, ойлголцож болох хүн байна гэж бодох, түүнээ хуваалцах чинь гоё харилцаа шүү дээ.

-“Солиот эх”-ийг анх та арт хаус маягийн кино болгоно гэж бодож байсан тухайгаа нээлтийн үеэр хэлсэн. Тэр бодол тань одоо ч таны дотор бий юү?

-Онон продюсер зөвшөөрдөг бол тэгмээр л байна (инээв). Анх энэ өгүүллэгийг уншаад л энэ жанраараа тасархай болно гэдэг нь тодорхой байсан. Гэхдээ надад тэрнээс гадна их зэвүүн болж болохоор шийдэл төрсөн байхгүй юу. Зэвүүн байхын тулд бүх дүр үггүй ч байж болно. Гэтэл Онон зөвшөөрөөгүй.

-Киноны хөгжим дээр “Жонон” хамтлагтай ажилласан. Тэдний хувьд киноны хөгжим бичсэн анхны тохиолдол байсан шүү дээ.

-Би нот мэдэхгүй ч тухайн хөгжим кинонд маань наалдах, үгүйг мэдэрнэ. “Жонон” хамтлагтай ажиллах нь бидний хувьд цэвэр эрсдэл байсан. Тэдний бүх хөгжмийг сонссон. “Жонон” хамтлагийнхан “Марко Поло”-гийн хөгжим дээр хамтран ажилласан гэдгийг сонсчихсон байсан.

Тэдэнтэй уулзахад би нүдийг нь харж, сэтгэлийг нь мэдэрсэн. Хүний авьяас бол нэвт үнэртдэг шүү дээ. Надад итгэл төрсөн. “Жонон” тэр итгэлийг маш сайн гүйцэтгэлээр хариулж, кинонд маань хөгжим нь дэндүү зохисон.

-“Тэнгэр ээж минь өршөө” дуу яг л энэ кинонд зориулагдсан юм шиг зохисон байна билээ. Таны сонголт уу?

-Бид солиотын гүйдэг хэсгийн зургийг авчихаад буцаж байлаа. Цөөхөн хүнтэй бригад, Бараа, манай найруулагч Ганзо, оператор бид хэд. Тэгсэн жолооч хийж явсан Бараа дан ээжийн тухай дуутай цомог авсан гээд, бид замдаа энэ дуу явахад бүгд өөрийн эрхгүй уйлсан. Үгнийх нь үнэн, аяных нь ярууг… Бараа “Энэ дуу юм биш үү?” гээд, тэгээд бид ярилцаад продюсертоо сонсгоход яг тэр үгийг хэлсэн. Зөвхөн энэ кинонд зориулагдаад аль хэдийнэ зохиогдсон байсан мэт.

-Киногоо гадаад зах зээлд гаргах төлөвлөгөө бий юү?

-Тэрийг одоо Онон мэднэ. Миний мэдлээс хэдийнэ гарсан. Яах вэ, бид хоёр зөвлөлдөх юм гарах л байх, гэхдээ одоогоор шийдсэн юм алга. Киноны маань цаашдын хувь заяа мэдэх байлгүй дээ.

И.Одончимэг хэмээх энэ гайхалтай ертөнцийн өчүүхнийг ч болтугайг уудалж, өөртөө цоо шинээр дахин нээсэн маань надад нэр төрийн хэрэг, амьдралын минь мартагдашгүй нэг хэсэг байлаа. Түүнтэй ярилцаж дуусаад харих замд урьд уншиж байсан нэгэн шүлгийн мөр эрхгүй санаанд тороод байв. Тэр нь,

Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

Инээх чинь дөрвөн зүгийн салхи хөгжөөж,

илбэдэх мэт

Дөлгөөн хаврын урсгал дунд бүжсээр одном.

Чи бол дөрөвдүгээр сарын өглөөний тэнгэр дэх үүл

болоод манан.

Үүрээр сэвэлзэх салхи мэт тийм зөөлхөн! Өөр юу ч

биш, зүгээр л

Өндөрт анивчиж буй од, бас цэцгэн дээр дусалж

буй бороо!..

(“Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” шүлгийн хэсэг)

Эх сурвалж: 

By updown

3 thoughts on “И.Одончимэг: Эхийн хайрыг бид их хожуу ухаардаг. “Намайг хайрлаад өг” гэж хэлдэг эх хүн гэж үгүй”
  1. Энэ киног үзэхээсээ өмнө зохиолыг нь хэд хэд уншаад тэр болгондоо уйлдаг байлаа. Харин киног нь үзээд ёстой асгартлаа уйллаа. Ээжийг ч их санаж хачин эхээр үгүйлэв. Одоо ч сэтгэл нэг л хэцүүхэн өнөөдөр дахиж зохиолыг нь бас уншаад хачин болоод л сууж байна.
    Гайхалтай кино хийжээ. Ямар ч хүн эхийн хайр, ач энэрэлийн тухай эргэцүүлж бодохгүй байхын аргагүй. Ээжийгээ гомдоодог, ач тусыг нь ухаарч ойлгодоггүй хүмүүст зориулсан сайхан бүтээл болсон байна. Энэ биеийг минь бүтээж, төрүүлсэн ээж, аавыгаа хайрлаж хүндэлж яваарай. Нэг л өдөр байхгүй болчихдог юм шүү. Үнэхээр ХҮНД кино байна билээ.

  2. odonchimegiin hev mayg hodolgoon baij baigaa baidal ni oorchlogdoogui neg hev maygt barigdsan aanaa l odonchimeg hoshin shogiin jujigchin gej bodogdoj haragdaj baisnaas kinonii dureer haragdaj ogohgui bailaa

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн