Ховд аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Мөст сумын Давст багт байрлах Хагийн нууранд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага энэ сарын 8-нд оройн 20:55 цагт ирсэн. Энэ дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан энэ сарын 10-нд 11:40-11:46 цагийн хооронд ослын газраас 80 метр зайтай, 3 метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэдээс 15 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.