“WikiLeaks”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Эквадор улсын иргэншилтэй боллоо. Энэ талаар Өмнөд Америкийн “El Universo” хэвлэлд мэдээллээ.
Хэвлэлүүдийн баталж байгаагаар 2017 оны 12 дугаар сарын 21-нд Ассанжийн нэр дээр Пинчинч мужийн кодтойгоор Эквадорын иргэншилтэйг баталсан баримт үйлдсэн гэнэ. Тус улсын татварын албаны сайтад хүртэл энэхүү паспорт нь WikiLeaks-ийг үүсгэн байгуулагчийн овог, нэртэй яг адилхан хүнийх мөн болохыг баталжээ.
Эквадор улсын ГХЯ энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийхгүй гэсэн байна. Түүнчлэн Ассанж ч өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд “Twitter”-тээ Эквадор улсын далбааны өнгөтэй цамцтай зургаа авахуулжээ.
Энэ сарын 9-нд Британийн “Daily Mail” сонинд Эквадор улс Жулиан Ассанжийг Лондон дахь ЭСЯ-наасаа хөөх гэж байгаа тухай бичжээ. Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено өөрийнх нь холбоотнуудын талаар Ассанжийн бичсэн жиргээнд илт уурссан гэнэ.
Жулиан Ассанж 2012 оны 06 дугаар сараас Лондон дахь Эквадор улсын ЭСЯ-нд байрлаж байгаа юм. Түүнийг Шведэд хүчирхийллийн хэрэгт буруутгасан ч 2017 оны 05 дугаар сараас хэргийг мөрдөн шалгахаа зогсоосон. Гэхдээ Ассанж Шведийн засаг захиргааг өөрийг нь АНУ-д шилжүүлнэ гэж эмээж байгаа юм. Хэрвээ тэр АНУ-д очвол нууц мэдээлэл тараасан хэргээр цаазын ял сонсох эрсдэлтэй байгаа билээ.