Трампын засаг захиргаа Опра Уинфригийн АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй тухай мэдээлэлд хариу өгчээ. Цагаан ордны төлөөлөгч Хоган Гидли “Опра Уинфри ч бай, өөр хэн ч бай, бид ийм дуудлагыг талархан хүлээн авна” гэж мэдэгджээ. Хэвлэлийн магнат, телевизийн хөтлөгч асан Опра Уинфри Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэх яриа түүний “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгнээс болж гарчээ.
Ёслолын ажиллагаа дуусах үед Мэрил Стрип “Опра ингэж хэлсэн болохоор Ерөнхийлөгчийн кампанит ажилд оролцохоос өөр сонголт үлдсэнгүй” хэмээн мэдэгдсэн байна. “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гарагт болсон бөгөөд Холливудыг сүүлийн саруудад доргиож буй бэлгийн дарамтыг эсэргүүцсэн утгатайгаар зохион байгуулагдсан билээ.
Энэ үеэр Опра Уинфри ёслолын ажиллагааны үеэр ноёрхсон олон нийтийн уур амьсгалаар санал бодлоо илэрхийлсэн. Тэрбээр зоригтой байж, кино ертөнц дэх хүчирхийллийн талаар үнэнийг хэлсэн бүх эмэгтэйчүүдэд талархаад тэдний зоримог байдалд урам зориг орж байна гэжээ. “Эмэгтэйчүүд удаан хугацааны туршид хүчирхийллийн тухай үнэнийг ярьж болно гэдэгтээ итгээгүй. Харин одоо тэдний цаг ирлээ” хэмээн Уинфри хэлсэн байна. Энэ үеэр заал дүүрэн түүнд баяр хүргэж, алга ташжээ.
Гэхдээ олон хүн Опрагийн хэлсэн үгийг улс төрийн хандлагатай байна гэж ажиглажээ. Тухайлбал, тэрбээр хэвлэл мэдээллийг хамгаалж, сүүлийн үед Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд төрийн хамгийн дээд түвшнээсээ халдах болсон гэж мэдэгдсэн байна. Олон хүн үүнийг одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампад хандсан болохыг ойлгож байлаа.
Опрад ялах магадлал бий юу?
Опра Уинфри америкчуудын сэтгэл зүрхэнд онцгой байр эзэлдэг эрхэм. Тэрбээр юуны түрүүд 25 жилийн турш өдөр бүр эфирт гардаг теле шоугаараа алдартай.
Тэрбээр өөрийнхөө нэрээр бүхэл бүтэн байгууллыг бүтээж чадсан нэгэн. Өнөөдрийн байдлаар түүний бүтээсэн хамгийн гол бүтээл бол OWN буюу Oprah Winfrey Network теле суваг юм. Уг сувгийг тэрбээр хэдэн жилийн өмнө Discovery медиа корпорацитай хамтран байгуулсан. Одоогийн байдлаар түүний нийт хөрөнгө гурван тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Энэ бол сонгуулийн өмнөх кампанит ажлаа амжилттай явуулж болох том шалтгаан. Уинфри одоо 63 настай. Гурван жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болоход эрчимтэй хөгширч буй Трампын хажууд илүү залуу харагдана.
Үүнээс гадна Опра Барак Обамагийн дэмжлэгийг авах магадлал өндөр. Учир нь Опра л 2008 оны сонгуулийн өмнөхөн эхний шатанд түүнийг дэмжиж үг хэлж байсан. Үүний үр дүнд Иллинойс мужаас гарч ирсэн, тэр бүр олны танил болж чадаагүй сенатор залуу Айова мужид болсон дэмжигчдийн хуралд ялалт байгуулан гарч ирсэн билээ. Ерөнхийдөө Америкийн хэвлэлүүд Уинфриг Ерөнхийлөгчид өрсөлдөхийг дэмждэг.
NBC суваг л гэхэд Опраг “Алтан бөмбөрцөг” ёслол дээр үг хэлсний дараа тун ч баяртайгаар “Манай ирээдүйн Ерөнхийлөгч” гэж зарласан байна. Харин даваа гарагт тус суваг энэ үгээ засахаас өөр аргагүй болжээ.
Трамп хүчтэй өрсөлдөгчөөсөө айсан уу?
Цагаан ордон даваа гарагт Уинфриг Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй гэсэн хэвлэлүүдийн мэдээлэлд тайлбар хийжээ. “Бид Опра Уинфри, өөр хэн ч байсан ийм дуудлагыг талархан хүлээн авна” гэж Цагаан ордны төлөөлөгч Хоган Гидли мэдэгдсэн байна.
Сонирхолтой нь Дональд Трамп тэртээ 1999 онд CNN-д өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтой байгаагаа мэдэгдсэн. Тэр үедээ Опра Уинфриг хамтрагчаараа буюу дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр сонгох байсан гэж байв. Трамп тухайн үед “Опра бол гайхалтай, мундаг эмэгтэй” гэж хэлж байлаа.
Гэхдээ Трамп 10 хэдэн жилийн өмнө Клинтоны хосыг ч ингэж магтаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Хиллари Клинтонтой Цагаан ордны эзний суудлын төлөө өрсөлдөхөөс өмнөх явдал шүү дээ. Харин одоо бол Трамп “Хиллари шоронд уйлж байвал таарна” гэж ярих болсон.
Тиймээс Опра Уинфри Цагаан ордныг эзэлж авах зорилго тавих юм бол Трампын амнаас түүний тухай олон шинэ мэдээлэл гарах биз ээ.
1 comment
humuusiin dund nerd garsan hunii sain muu bugdiig delgez ner olson iim hun eromhiilogch bolbol hogtei ym bolno