Испанийн хойд нутагт орших Астур хэмээх өөртөө засах мужийн нэгэн эмнэлгийн цогцос хадгалах газарт “амьсгал хураасан” гэгдэж байсан хоригдол ухаан орсон байна. Саяхан болсон энэ хэргийн тухай “Би-Би-Си” агентлагийн мэдээлснээр Астур мужийн нэгэн шоронд хоригдож байсан Гонсало Монтойя Хименес гэгч эрийг гурван эмч үзээд “амьсгал хураасан” гэж дүгнэжээ. Задлан шинжилгээ хийхээс хэдхэн цагийн өмнө хоригдол Г.М.Хименес үхлээс эргэн “иржээ”. Задлан шинжилгээ хийхийн өмнө гэр бүлийнхэнд нь талийгаачийн цогцосыг үзүүлж байхад энэ явдал болж ухаан орсон аж.
Одоогоор Г.М.Хименес нь Астур мужийн төв Овьедо хотын нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эмч нар түүнийг “нас барсан”-д тооцох болсон нь “Хөшчихсөн байхад нь Г.М.Хименесийг амьсгал хураасан гэж дүгнэсэн байж магадгүй юм” гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд өгчээ.