“Солиот эх” киноны нээлтийг үеэр МУГЖ И.Одончимэгтэй ярилцаж цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.
Шинэ уран бүтээлийнхээ талаар сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
Манай ард түмэн эцэг эхийн ачлал энэрэл, элбэрлийг их шүтдэг. Манайд эхийн хайрыг энэ талаас нь өмнө нь харуулж байгаагүй гэж бодож байна. Миний амьдралд олон солиотой хүн дайралдсан. Тэд бүгд эх хүмүүс байсан. Ялангуяа намайг бага байхад Чингэлтэйн гудамжинд нэгэн солиотой эх байдаг байсан юм. Бид тэрнийг тойрч их тоглоно. Хааяа бидэнтэй чихэр хувааж идээд, зүв зүгээр ярилцдаг. Гэр орныхоо ажил төрөлд энгийн хүн шиг л тусалчихдаг байлаа. Тэр хүн одоо болтол надад мартагддаггүй юм. Энэ дүр бүтээж байхад, хүртэл миний нүдэнд харагдаад байсан. Хүмүүс солиот хүн гэхээр л нүд ам нь эрээлжилсэн хачин байдаг гэж боддог. Энэ бол маш том төөрөгдөл. Хааяа өвчин нь хөдөлдөг байлаа ч, заримдаа яг эрүүл хүн шиг уйлж, дуулж, инээж, гомдож, зовлон жаргалаа ярьдаг л хүмүүс.
Энэ кинонд эхийнхээ хайрыг сүүлд нь мэдэрч ойлгож байгаа тухай гардаг юм. Хүний хайрыг бүүр сүүлд нь мэдэх шиг аймшигтай зүйл байхгүй. Эхэндээ энэ кино надад шал өөрөөр “арт хаус” чиглэлээр нүдэнд харагдсан. Тэгсэн бол илүү “Зэвүүн” кино болох боломж байлаа. Яагаад гэвэл энэ кино маш цөөхөн үгтэй. Бид ямар нэгэн измд харъяалагдаж, урлагийг нарийн ойлгож мэдэрдэг дээд хэмжээнд хийе гэж бодсон ч хайран санагдаад байсан. Эцэст нь продессор, жүжигчид гээд олон хүмүүстэй ярилцаад зориуд энгийн маш тодорхой хийхээр шийдсэн. Гэхдээ надад нэг “сахилгагүй” бодол бий. Ямар ч үг, хөгжимгүйгээр мантажилж этгээд кино болгох хүсэл байгаа.
Энэ кино гарсан цагаасаа эхлээд олон магтаал, шүүмжлэл дагуулж байх шиг байна?
Урлагийн хүн маш их мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой. Мэдлэг, мэдрэмжгүй байж хүн шүүмжлэх шиг аймшигтай зүйл байхгүй. Хүний хөлс, хөдөлмөрөө гаргаж хийсэн зүйлийг нулимах маш амархан. Гоо зүйн мэдрэмж нь хөгжөөгүй хүн юмыг маш тэнэгээр шүүмжилдэг.
“Аянгын бороо”-г гарсны дараа гэнэт маш олон шүүмжлэгч нар гарч ирсэн. Энэ үед театрын урлаг нам жим болчихсон байсан үе. Дараа нь “Сэрүүн хасын нууц” гарсны дараа бас баахан шүүмжлэгч нар гарч ирсэн. Үүнийг би “Х түц” амьд байгаа юм байна, хөдөлмөрлөж байгаа юм байна, урлагт хайртай юм байна гэж дүгнэсэн. Энэ киног дагаж олон шүүмж гарч ирэх байхаа гэж бодож байна.
Б.Сүүний охин энэ киног үзээд юу гэж байна, мэдээж их гайхсан байх?
Хар мантааж, цэвэрлэгээгээ хийж байхад нь үзчихээд маш их уйлсан. Аав нь цээжиндээ наагаад “Миний охин энэ чинь зүгээр кино байхгүй юу” гэж тайвшруулах гэж их л оролдсон. Одоо үзэхдээ арай гайгүй байх. Сая бид хоёр “Миний хүү энэ чинь кино шүү дээ, уйлж болохгүй” гэж хэлж хэлж л оруулж байна. \инээв\
Киногоо өөрөө найруулаад, гол дүрд нь тоглоно гэдэг хэцүү байх?
Энэ кинонд өөрөө тоглохгүй гэж бодож байсан. Гэтэл Н.Онон “Хэрвээ чи тоглохгүй бол энэ киног хийхгүй” гэж шууд л тулгасан. \инээв\ Эргээд бодсон чинь тоглосондоо хармсах зүйл алга. Уран бүтээлч хүн дотроо нэг ачаа тээж явдаг. Би ээждээ зориулаад кино хийх юмсан гэж боддог юм. Энэ кино бодлоос минь магадгүй жаахан ч гэсэн хөнгөлсөн байх. Гэхдээ ээжийн сэдвээр дахиад кино хийнэ. Хэзээ төрөхийг бүү мэд. Олон сайхан эмэгтэйчүүд мөн чанарыг харуулсан кино байх болно.
Хятадын зохиолчтой хэрхэн холбогдсон бэ? Зөвшөөрөл хүсэхэд хэцүү байв уу?
Маш хэцүү юм билээ. Н.Онон тулдаа л холбогдсон. Маш удаан, шаргуу хөөцөлдсөний эцэст зөвшөөрөл авсан. Ганц Монгол ч биш дэлхийн олон орноос кино хийх зөвшөөрөл хүсдэг юм байна лээ. Ямар ч байсан чамгүй хэдэн сая төгрөгөөр авсан шүү. Гэхдээ үнийн дүн чухал биш, гадны зохиолчоос анх удаа зохиолыг нь албан ёсны зөвшөөрөлтэй авч чадсанд баяртай байна. Хятадад гранфри авч байсан зохиол юм байна лээ.
Киногоо үзэгчдийнхээ дунд үзэх гэж байна, юу бодогдож байна?
Их л юм бодогдож байна. Үзэж байхад нуруу руу юм гүйгээд л хачин болно шүү дээ. Маш их зовж байж дуусгадаг. Бидний үүрэг юм чинь яах ч аргагүй. \инээв\
Ард түмэн таньд 100 хувь гэдэг үнэлгээг өгчихсөн байгаа. Өөртөө болон киногоо дүгнэсэн үү?
Үүнийг цаг хугацаа л харуулна. Зарим уран бүтээлчид “би алчихлаа, талчихлаа, гайхамшигтай зүйл хийчихлээ” гэж ярихыг нь сонсоод их гайхдаг. Хүн өөрийгөө магтах үедээ магтах ёстой ч, өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Өнөөдөр бидний том том яриад магтаад байгаа бүтээл хэдэн жилийн дараа дурсагдахгүй алга болохыг хэн ч үгүйсгэхгүй. Тийм учраас бидний уран бүтээлийг цаг хугацаа шүүх байх л гэж хэлмээр байна.
Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?
Бид гуравдугаар сард “Алтан өндөг” гээд инээдмийн жанрын киногоо нээнэ. Киноны зураг авалт Өвөрмонголд хийгдсэн. Өвөрмонголын нэлээдгүй хэдэн жүжигчдийг тоглуулсан л даа. Энэхүү кино уг нь гурван жилийн өмнө хийгдсэн ч гарч чадахгүй байсаар байгаад өдийг хүрчихлээ. Уг нь “дрон” энэ тэр Монголд орж ирээгүй байхад хийгдсэн ч одоо бүр хоцрогдчихлоо. \инээв\ Зөвхөн гэрэлтүүлэгт нь л гэхэд 100-гаад сая төгрөг орсон, өндөр өртөгтэй кино.
Эх сурвалж: http://www.monnews.mn/a/742
3 comments
zailaa ed nar oligtoihon um hiij chadahgui bj
эх зохиол нь хятад. монгол ахуйд огт наалдахгүй сэтэгхүйгээр бичэгдсэн зохиол байдаг
Хэн дуртай нь кино хийгээд нэг л үнэмшилгүй л болчихож. Их хөдөлмөр нь үнэн. Үр дүн гэж бий цаг хугацаа харуулна биз ээ.