Гадаадад оршин суугаа монгол иргэд энгийн гадаад паспорт захиалах боломжтой болжээ. Энэ ажлыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран шинэ журам батлан 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ хэмээн Гадаад харилцааны яамны консулын газраас мэдээллээ.
Шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдсэн бөгөөд өмнө нь паспорт захиалсан иргэн дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан хугацаа 30 хүртэл хоног болон багасч байгаа юм.
Өнгөрсөн онд хилийн чанадад энгийн гадаад паспорт захиалсан 1941 иргэнд паспорт олгож байсан бол 2015 онд нийт 1636 иргэнд паспортыг нь олгосон байна.