Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгч нартай уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар, Орон сууц ашиглалт борлуулалтын хэлтсийн дарга П.Алтанхуяг, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, орлогч дарга Б.Азжаргал, Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Б.Оюунтуяа болон БНХАУ-ын Барилгын яамны орон сууц хариуцсан захирал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн захирал, хотын төлөвлөгөөний хүрээлэнгийн дарга зэрэг албаны хүмүүсийн бүрэлдэхүүн оролцов.
Тус уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн зүгээс гэр хороололд дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд баригдахаар болсон “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлыг явцыг эрчимжүүлэх, өнөөгийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүслээ. Тэрбээр “Өнөөдөр уулзалтыг бидний зүгээс их хүндэтгэн үзэж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын хүрээнд хэд хэдэн тодруулах зүйл байна.
Нэгдүгээрт, бүтээн байгуулалтын ажлыг Бээжин констракшн хийх үү эсвэл өөр компани гүйцэтгэхээр болсон уу. Хоёрдугаарт, зураг төслийн ажил өөрчлөгдсөн учраас зураг төсөл хэзээ бэлэн болох вэ. Гуравдугаарт, барилгын ажлыг хэзээ эхлүүлэх вэ. Энэ талаар манай холбогдох албаны хүмүүст мэдээлэл өгөхийг хүсч байна. Бид ажлын хүрээнд Гадаад хэргийн яам бусад холбогдох байгууллагууд олон удаагийн уулзалт хийсэн. Нийслэлийн орон сууцны корпораци энэ төсөлд хамтран ажиллахаар болсон. Нийслэлийн удирдлагын зүгээс энэ төслийг хийж хэрэгжүүлэх тал дээр бүхий л талаас нь тусалж дэмжиж ажиллах болно” хэмээлээ.
Бугатын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн өнөөгийн явцын талаар та бүхэнд танилцуулъя. Дахин төлөвлөлтийн ажлыг танилцуулга хийх найман ажилтан маань хэрэгтэй, шаардлагатай мэдээллийг өгөх болно. Өнгөрсөн жил нийслэлээс холбогдох албаны хүмүүс болон тантай Бугат хотод уулзаж байсан. Миний бие БНХАУ-ын Бугатын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.
Бидний зүгээс дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд тендерийн шалгуураар хамгийн өндөр үнэлгээ авсан гурван компанийг сонгон шалгаруулж, Барилга хот байгуулалтын яаманд саналаа хүргүүлсэн. БХБЯамнаас аль нэг компанийг сонгох юм. Монголын цаг агаар онцлогт тохирсон чадвартай компани сонгож, чадвартай хүмүүсийг томилж ажиллуулах болно. Ажлын зураг төсөл эхний ээлжид Хятад хэл дээр гарсан бөгөөд удахгүй та бүхэнд Монгол хэл дээр хөрвүүлж танилцуулах болно. Энэ төслийг манайх бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид төслийн ажлыг яаравчлах бүх арга хэмжээ авч ажиллана. Бид өмнө нь ийм төрлийн олон төслийг амжилттай хийж гүйцэтгэж байсан. Монголын зүгээс бидэнд ийм их итгэлийг үзүүлж байгаад их баяртай байна” гэв.
БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур” орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна.
Иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт орон сууцны хороолол барьснаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийг дулаан, цахилгаанаар хангана. Ингэснээр агаарын бохирдол буурч, иргэд тохь тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм.
Уг хотхонд 21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.