Хятадын зохиолч Ван Хэн Жигийн ижил нэрт өгүүллэгээс сэдэвлэн “Х Түц” продакшны бүтээсэн “Солиот эх” уран сайхны кино манай кино урлагт шинэ өнгө утга нэмсэн дэлгэцийн сайн бүтээл болсныг юуны өмнө онцолъё. Киног найруулж, өөрөө гол дүрд тоглосон И.Одончимэгийн төрмөл авьяас, мэдрэмж, чадвар энэхүү бүтээлийг өнөө цагийн нэгэн хэвт сэдвээс илт ялгаруулж чаджээ. Эрэгтэй гол дүрийг амилуулсан Т.Бархүү, туслах дүрийг бүтээсэн Д.Цэрэндарьзав нар ч ялгаагүй хүлээсэн үүргээ хангалттай биелүүлжээ гэж хэлж болохоор байна.
Товчхондоо, кино урлаг бол гол утга санаагаа тоочин ярих бус дүрс, авианы аргаар илэрхийлэх зарчмыг сайтар баримталсан гэж дүгнэж болохоор. Энэ кинонд угаас харилцан яриа ховорын дээр дүр бүр үг хэлээр бус үйл хөдлөл, биеийн хэлэмжээр санаагаа гаргах тал дээр муугүй ажиллажээ. Тухайлбал, сэтгэцийн өвчтэй тэнэмэл бүсгүй Зэрэмийг дагаж ирүүт нас биед хүрсэн зэрэмдэг хүүтэй хөгшин эх “Энэ хүүхнийг хүүхэдтэй болгочихсон байхад…” гэдгээс илүү олон таван зүйл ярихгүй. Мөн “Би өнөөдөр айлд очиж хононо” гэх зэрэг далд хэрнээ ойлгомжтой цөөн үгээр гол утгуудыг ойлгомжтой гаргасан байх юм.
Киног үзүүштэй амттай болгож буй хэд хэдэн хүчин зүйлийн нэг нь яах аргагүй монголын үзэсгэлэнт байгаль. Алдарт Хоргын тогоо, эртний галт уулын лаваас тогтсон хүрмэн чулууд, Тэрхийн цагаан нуурын сав, Чулуутын хавцал зэрэг бэлээхэн өгөгдлүүд нь элдэв эффект график ашиглах шаардлагагүйгээр нүд баясгаж сэтгэл хөдөлгөм. Гэхдээ энэ бүхнийг киноныхоо үйл явдалд нягт уялдуулж, уран тансаг дүрслэлүүдийг бүтээх нь мөн л уран бүтээлчдийн авьяас чадвар, бүтээлч хандлагаас хамаарна. Энэ тал дээр кино баг хичээж ажилласан нь илэрхий байна. Ялангуяа, нялх үрээ авч зугтан зах хязгааргүй хүрмэн чулуун дундуур хөл нүцгэн туучиж буй солиот эх, араас хөөж яваа морьтой эрчүүд аргагүйдэн тойрч байгаа хэсэг тун оновчтой. Энд ямар ч хийсвэр ажиллагаа харагдахгүй шууд бодитоор бууж буй нь таатай. Жишээ нь, “Зүрхний хилэн” уран сайхны кинод хавцал дээгүүр морьтой үсрээд хад бугуйлдаж амь гардаг хэсэг өнгөн дээрээ дуу алдмаар боловч амьдрал дээр байх боломжгүй хийсвэр үзэгдэл. Харин “Солиот эх”-ийн байгаль дээрх хэсгүүд логик зөрчилгүй, үзүүштэй, үнэн байсныг тэмдэглүүштэй. Чонотой хэсэг ч ялгаагүй. Өчнөөн хүч хөдөлмөр зарсан бүтээлээ компьютер график ашиглаж хийсэн “Ну погоди”-гийн чоно шиг хиймэл, болхи “юм”-аар балласангүй. Хэдийгээр ганцхан зуны дотор зураг авсан ч богино хугацаанд сайн бүтээл хийж болдгийг харуулж, тэд.
Аж байдлын хувьд яах аргагүй тухайн /1900-аад он/ үеийнхээ онцлогийг тод харуулна. Хүрээ суурингийн худалдаачид, хөдөөний ядуу өрхийн навсархай оромж, тарвага туулайхнаар бор хоног залгуулах ядуу тарчиг амьдрал… гээд тоочиж болно.
Зохиолоо монголын хөрсөнд буулгаж, өөрчлөн найруулсан авч эх зохиолын гол үзэл санаа, зангилаануудыг яг тэр чигээр нь оновчтой ашиглажээ. Өгүүллэгт хүүгээ өмөөрсөн эх Фань Зяси гэх хүүг цөөрөм рүү авч шидээд буруутдаг бол кинонд хамжлагат баяны хүүд мөн л хүүгээ өмөөрөн гар хүрснээр нөхцөл байдлыг хурцатгана. Энд баян ядуугийн ялгаа, хүний мөс чанарыг шигтгэж өгчээ. Сэтгэцийн өвчтэй хүүхэнд нүүр өгөхгүй өдий хүрсэн ядуу эр бас ч гэж удам залгах үрийг нь төрүүлж өгсний хариуг барих ёстой. Иймд нэг удаа ч болов байр сууриа өөрчилж, баян эзнээ хаяж нүүх шийдвэр гаргаж байгаа нь хүн хэдий хатуу ч уярч ухаарах, өрөвдөж хайрлах зай сэтгэлд нь байдгийг харуулсан байна.
Ухаан орохоос эх гэдэг хүнийг мэдэхгүй өссөн хүү нэг л өдөр “Ээж чинь ирлээ” гэх баяртай мэдээ дуулаад догдлон гүйж иртэл санаанд багтамгүй арзайж сэгсийсэн амьтан зогсож байхыг хараад “энэ миний ээж биш” гэж гоморхох, хөөрхий өвчтэй эх нь үрээ хараад өмөлзөх агшнууд үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөж, уйлуулж байлаа. Цаашлаад сургуульд орсон хүүгээ байнга эргэж тойрох, хүү нь өвчтэй эхээсээ ичиж, бачимдах үзэгдлүүд бол энэ киноны амин сүнс. Ижий минь гэж дотроо хайрлавч ил гаргаж чадахгүй шаналж буй хүүгийн дүр өөлөлтгүй. Хүүгийн бага болон өсвөр насны дүрийг бүтээсэн ах дүү Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар оногдсон дүрийнхээ характерийг мэргэжлийн жүжигчдээс дутахааргүй гаргажээ. Тэдэнд ирээдүй байна.
Киноны төгсгөлийн хэсэгт л бяцхан хэрнээ том алдаа гаргаж орхижээ. Хөөрхий солиот эх хүүдээ жимс түүж өгөхөөр яваад хавцал руу унаж амь алдсан байсныг олох үед хүү “Би тэр жимсийг ямар амттай юм бэ гэж яах гэж хэлэв ээ” гэж хэлэх нь зарчмын хувьд буруу юм. Тэртэй тэргүй өөрөөс нь дөлж байсан хүү анх удаа нааш харж, авчирч өгсөн жимсийг нь амттай гэсэн учраас л эх жимсэнд дахин явсныг үзэгчид ойлгож байгаа шүү дээ. Тэгээд ч үгээр бус ингэж үйл явдлын дараалал, дүрслэл, үйлдлээр харуулах нь кино урлагийн мөн чанар. Гэхдээ кино бүхэлдээ бус өчүүхэн хэсгийн алдаа тул цаашид анхаарах буй за.
Шуудхан хэлэхэд, энэ бүтээл арилжааны сэдвээс давсан агуулга, өгүүлэмж, дүрслэлтэй болсон гэдгийг хэлэх нь зүй. Тийм ч учраас олон улсын кино наадмуудад сойвол гайгүй давхихыг үгүйсгэхгүй.
Ерөнхий тайлал нь хүний хайр агуу, тэр тусмаа эхийн хайр юу юунаас агуу. Энэ агуу хайр ямар ч хахир хатууг зөөллөж, эргүүлж чадах хүчтэйг ойлгуулж өгсөнд ажээ. Галзуу ч бай, ноорхой ч бай хүн бол хүн. Хүнийг амьдад нь хайрлаж чадаагүй ч хүн хүнээ хайрлах ухаарлыг энэ түүхээр тод өгүүлж, үлдээсэн нь “Солиот эх”-ийн хамгийн гол ололт юм болов уу.
Эх сурвалж: http://nem.mn/n/4828
1 comment
Сайн уу,
Та нэр хүндтэй, итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компанийг хайж байна уу? Бүх төрлийн зээлийг түргэн шуурхай, хялбар зээл, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгтгэл зэрэг бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Та бүхэн санхүүгийн асуудлынхаа талаар өнгөрсөн хугацаанд эндээс нэгийг нь хайж үзэх шаардлагагүй байгаа эсэхийг шалгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийн түвшинг 2% -иар 50 ам.доллараас 50 сая доллараар санал болгож байна. И-мэйл, санхүүгийн асуудлууд, хийх зүйлсийн талаар бидэнтэй холбоо бариарай, Кредит баталгаажуулалт шаардлагагүй, 100% баталгаатай.
И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).