Идэр есийн жавар тачигнаж, өвлийн хүйтэн оргилдоо хүрч байгаа энэ үед тэмээтэй аялагч Н.Байгалмаа 630 километрийг туулж, Баянхонгор аймагт иржээ. Тэрбээр арван нэгдүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос санаа сэтгэл нэгдсэн зургаан хүний хамтаар аяллаа эхлүүлсэн юм. Үүнээс хойш хоёр сарын хугацаанд хамт гарсан аялагчид замаа орхиж, өдгөө сүүлийн 11 жил явган аяллаар аялж буй Их Британийн иргэн Карлийн хамтаар зам нэгдэн аяллаа үргэлжлүүлж байгаа нь энэ аж.
Маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явах юм байна. Энэ нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй.
Тэмээтэй аялагч бүсгүй эрс тэрс ширүүн уур амьсгалтай эх орноо ийнхүү хөндлөн гулд туулж Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг арван таван орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй ажээ. Түүний аялал гурван жил үргэлжилнэ гэж тооцжээ.