Дэлхий дээр жил бүр орон байрны хэдэн сая хулгай гарч байдаг. Тэдгээрийн хохирогчид нь баячууд, одод, бизнесмэн байдаг гэж бодох хэрэггүй. Гэмт этгээдүүд жирийн нэгэн айлд ч орж, тэндээсээ их хэмжээний үнэт зүйлс олж чадна. АНУ-д л гэхэд 2016 онд орон байрны хулгайн нийт хохирол 3,5 тэрбум гаруй долларт хүрчээ.
Хулгайчид хэнд ч анзаарагдалгүй байж, хулгайлсан эд зүйлсээсээ аль болох хурдан ангижрахыг эрмэлздэг. Тиймээс алдсан эд зүйлсээ эргүүлж олж авах боломж хомс. Мөн ийм хулгайн илрүүлэлт 20%-тай л байдаг.
Гэхдээ сул газраа мэдэж, гэмт этгээдүүд хаашаа хамгийн түрүүнд зорьдог вэ гэдгийг мэдвэл ядаж л эрсдэлээ бууруулж, өөрийгөө олон хөрөнгөө хамгаалах боломжтой.
1.Хулгайчид орж болох амархан нүх сүвийг хайдаг
Хулгайчид байр, орон сууцанд хулгай хийхэд 90 секундээс 12 минутын л хугацаа зарцуулдаг. Энэ хугацааныхаа ихэнх хэсгийг үнэт зүйлсийг олж, авч гарахад зарцуулдаг байна. Тиймээс нэг давхарт байрладаг, эсвэл байшин, хувийн байр, цонхоо дутуу хаасан, түгжээгүй орхисон газарт ордог.
-Хаалга үүд болон орцныхоо хаалгыг сайтар түгжиж хэвших, түүнчлэн цонх, тагтны хаалгаа сайн хаах. Хэрвээ та 1,2 дугаар давхарт амьдардаг бол цонхондоо хаалт хийлгэж, орж, гарахдаа сайтар түгжиж байгаарай.
-Түлхүүрийг хөлийн дэвсгэр дор болон бусдын сайн мэдэж болох газар бүү хий. Харин итгэж болох хөршүүддээ үлдээгээрэй.
-Байр, орон сууцаа дохиолол хамгаалалттай болго. Хулгайч нар ихэнх түгжээг энгийн багажаар онгойлгож дөнгөдөг болсон. Харин дохиолол тэднийг үргээдэг.
-Нохойтой бол. Байр сууцаа хамгаалахын тулд заавал тулааны үүлдрийн том нохой тэжээх шаардлагагүй. Хулгайч нар нохой хазчих вий гэхээс илүү хуцалтаас нь болж бусдын анхаарлыг татчихна гэж эмээдэг.
-Хэрвээ та амины байр сууцтай бол хаалга нь гудамжнаас сайн харагддаг, гэрэлтүүлэгтэй байх хэрэгтэй.
2.Эвдэж орох хамгийн тохиромжтой объект бол эзгүй байр сууц
Орон байрны хулгай 06-08 дугаар сард идэвхждэг. Энэ үеэр ихэнх хүмүүс амралтаа аваад хөдөө явах буюу зусландаа гардаг. Харин эзгүй байшинг хулгайч нар хэд хэдэн аргаар мэддэг. Хамгийн энгийн арга бол шуудангийн хайрцаг, хаалган дээр хэчнээн зар, тараах материал хуримтлагдсан байгаагаар баримжаа авна. Түүнчлэн үүдний хэсгийг дэвсгэр дээр жигнэмэг, хатсан навч ч тавьж орхино. Хэрвээ навчийг хэн ч авч хаяагүй, жигнэмэг бүтэн байх юм бол эзэд нь явчихсан гэсэн үг.
-Удаан хугацаагаар явах бол найз нөхөд, хөршүүдээсээ гэрийг нь анзаарч харж байх, тараах материал, зарыг нь авч байхыг гуйгаарай.
-Шуудангийн хайрцгаа байн байн суллаж, хаалган дээр зарлалууд үлдээхгүй байх
-Хөшгөө татаж үлдээх хэрэггүй. Гэмт этгээдүүд цонхыг байнга ажиглаж байдаг.
3.Гэмт этгээдүүд байранд ажиглалт хийдэг
Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхээсээ өмнө ажиглалт хийж байдаг. Жишээлбэл тэд танай гэрт цахилгаан, сантехникийн албаны ажилтны дүрээр ирж, ямар цагт гэртээ байдаггүйг шалгаж, авч болох юу байгааг нь шалгадаг. Ингээд шалгасан газартаа хаалга, шуудангийн хайрцаг дээр тусгай тэмдэглэгээ тавина. Энэ тэмдэглэгээ нь улс орнуудад ялгаатай бөгөөд байн байн өөрчлөгддөг.
-Хэрвээ танай гэрт сантехникч, эсвэл цахилгаанчин урьдчилан сануулалгүйгээр ирвэл контор, компани руу нь ярьж, явуулсан эсэхийг нь шалгаж байгаарай. Урилгагүй зочны хэлсэн утасны дугаар руу ч залгах хэрэггүй. Хуурамч дугаар байж мэднэ.
-Хаалга үүд, шуудангийн хайрцагтаа сэжигтэй тэмдэг байгаа эсэхийг шалга.
-Түлхүүр, үнэт зүйлсээ ил бүү байлга. Хулгайч байгаа газрыг нь өлөн нүдээрээ гялс тэмдэглэж авна.
4.Хулгайч нар жижиг эд зүйлсийг ангуучилдаг бөгөөд хаана байдгийг нь сайн мэднэ
Гэмт этгээдүүдийн сонирхдог зүйлсийн тоонд мөнгө, алт, мөнгөн эдлэл, цахилгаан бараа, компьютер зэрэг байдаг. Мөн брэндийн үнэтэй гутал, хувцас, цүнх, үнэртэй ус, зэвсэг зэрэг байрнаас авч гарахад анзаарахааргүй зүйлс ч хараанд нь өртөнө.
-Мөнгөө банкинд, үнэт эдлэл, бусад эд зүйлсээ найдвартай газар хадгал. Дотуур хувцастай шүүгээ, номын тавиур, гутлын сав, сав суулганы шүүгээ найдвартай газарт ордоггүй. Эдгээр газрыг хулгайч нар хамгийн түрүүнд мэддэг. Харин хоол хүнстэй шүүгээ, хөргөгчийг тэр бүр анзаарахгүй.
-Гар утас, компьютер болон бусад техник хэрэгслийнхээ серийн дугаарыг найдвартай газар хадгал. Энэ нь ядаж л алга болсон эд зүйлсээ олоход тусална.
5.Гэмт этгээдүүд олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг
Амралтад явсан зургаа олон нийтийн сүлжээнд тавихад төрөл төрөгсөд, найз нөхөд тань төдийгүй эзгүй байр сууц ухаж амьдардаг нөхөд ч харж байгаа гэдгийг санаарай. Тэд гэртээ байгаа зургаар тань байршлыг нь мэдэж чадна. Түүнчлэн олон нийтийн сүлжээн дээр зургаар энэ гэрт орох уу, үгүй юу гэдгээ шийддэг.
-Олон нийтийн сүлжээнд өөрийнхөө тухай хэтэрхий их мэдээллийг бүү тавь.
-Амралтаар явах төлөвлөгөөгөө олон нийтийн сүлжээнд бүү тавь. Мөн амралтын үеийн зургаа шууд битгий тавиарай.
-Олон нийтийн сүлжээнд үнэтэй цайтай эд зүйлс, мөнгө, томоохон худалдан авалтынхаа зургийг тавьж болохгүй.
-Танихгүй хүнийг бүү найзаа болго.
1 comment
horgogch yagaad zov temdegtei baina