Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох мах, ногооны үнэ өмнө долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийслэлийн Статистикийн газраас гаргасан энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн дүнг танилцуулъя
Махны дундаж үнэ
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5090 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6470 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу таван төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна. Харин хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3700 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.1 хувиар буюу 20 төгрөг, лууван 1.2 хувиар буюу 15 төгрөг, байцаа 7.4 хувиар буюу 115 төгрөг, хятад сонгино 3.3 хувиар буюу 45 төгрөгөөр тус тус буурчээ.