Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн ОХУ-аас 50 мянга орчим ам.доллар авчээ. Түүнийг мөнгө авсан болохыг нь АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Хяналт, засгийн газрын шинэчлэлийн хорооны гишүүдээс олж авсан баримтаар “The Wall Street Journal” сонин цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр энэ албыг хашихаасаа өмнө Оросын хэд хэдэн компанитай хамтран ажилллаж, мөнгө авсан байна. Тухайлбал, тус улсын агаараар ачаа тээвэрлэдэг нэгэн компаниас 11 мянга гаруй доллар авсан бол мөн ийм хэмжээний мөнгийг Оросын цахим аюулгүй байдлын салбарт үйлчилгээ үзүүлдэг компаниас авсан байж магадгүй тухай тус сонинд бичжээ. Эдгээр нь “Kaspersky Lab” болон агаарын тээврийн “Волга-Днепр” компаниуд аж.
“Kaspersky Lab” компани 2015 оны 10 дугаар сард Вашингтонд болсон бага хурлыг ивээн тэтгэсэн юм. Энэ үеэр М.Флинн уг хуралд оролцон илтгэл тавьсныхаа төлбөр болгож “Kaspersky Lab”-аас мөнгө авчээ. Түүнчлэн “Волга-Днепр” компанитай ямар байдлаар хамтран ажилласныг дурдаагүй аж. Үүнээс гадна 2015 оны 12 дугаар сард Оросын “RT” телевиз өөрийн зохион байгуулсан бага хуралд оролцож 34 мянган доллар авчээ. Бага хурлын үеэр М.Флинн АНУ-ын гадаад бодлого болон тагнуулын үйл ажиллагааны асуудлаар үг хэлсэн юм байна
Майкл Флинн нь өнгөрсөн хоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд өдгөө энэ албыг Жозеф Кит Келлог хашиж буй юм.