Баяр гуай та сумын наадамд хулгар хээрийнхээ түрүүлж шуугиан тарьсан намтрыг яриач! гэхэд Баярын нүд гялалзан, хийморь сэргэж хоолой засаад,
– За байз. Тэр чинь туулай жилийн зунсан билүү дээ. Тэр наадмын дараагаар би баярласан гомдсон хоёртоо болж гурван өдөр шөнө тувт архидаж балрах дөхсөн юм шүү. Хүний амьдралд баярлах гомдох юм алийг тэр гэх вэ! Тэр л миний баярлах гомдох хоёрын туйл болсон болов уу. Наадам яагаа ч үгүй байсан. Би үүрээр босож хулгар хээрээ унаж Нөмрөг Сумын төв ороод буцаад хамж явав. Тэгтэл нэг хүн урдуур зам хөндөлсөн давхиж ирсэн нь Нянгаа байв. Бид ямар мэнд мэдэлцэн бууж тамхилах завсар Нянгаа, миний унаж яваа хулгар хээрийг үл тоосон шинжтэй, ширэв татан тамшааж:
– За би ч энэ жилийн наадмаар “хурдан зээрдийнхээ” тоосыг нэг харна дээ хө. Аав ээж ачит төрийн буян түшиж гүү морь унаж, гүзээ мах идэж явсангүй дээ гэж ирээд л гайхуулах нь тэр.
Миний хор буцлав. Ам руу нь таглачихмаар санагдлаа. Тэгэвч биеэ барьсан юм. Тэгээд:
– Сайн гүү соёотой байдаг. Сайхан авгай сахалтай байдаг. Гүү биенээс хөлөг төрдөг. Эрийг дагуулахгүй ухаалаг чадалтай хүүхнүүд алийг тэр гэх вэ? Миний энэ хээр ч юун хурдан зээрд битгий хэл, үлгэрт гардаг салхин зээрдээс ч хурдан амьтан даа хөөрхий. Сугандаа гуурстай адгуус л тийм байдаг байх. Би өглөө үүрээр Хустын мухраас мордож давхиад Нөмрөгийн төв ороод одоо буцаж яваа минь энэ. Нэг талдаа гурван өртөө газар шүү дээ гэв.
Нянгаа муу пийсуу гансаараа оролдон, Сайн гүү соёотой ч хурдны цол дуудуулахгүй. Сайхан хүүхэн сахалтай ч эрийн гурван наадамд барилдахгүй дээ ха ха гэж хөхрөв. Тэгээд:
– Чиний энэ муу бөгтөр хээр ч цуутай л унага даа. Одоо ч харьж яваа биз гэж байна, муу нохой чинь. Сархад балгасан явсан бол ч хүзүүн дундуур нь дэлсэхсэн л байх. Даан ч эрүүл явсны тул дотроо хөмхий зууж байв. Тэгээд хулгар хээрийгээ наадмын өмнө яг хоёр хоног сойж хагсаан уралдуулчихсан чинь хол саахалтын дайтай түрүүлж тийм хэрэг болсон юм. Ямар ч гэсэн, тэр зуны наадмаар ягаан Нянгаагийн зээрд түрүүлж чадаагүй нь үнэн. Миний хулгар ч яахав. Хүмүүс цоллоно, цоллохгүй гэж хоёр талцан мэтгэлцсэн боловч аргагүй л цоллуулаагүй.
Зөвхөн л Нянгааг чадаж санасандаа хүрсэн хүн дээ би. Тэгэхэд муу хулгар хээрээ мөн ч их өрөвдөж билээ. Эвлэлийн үүрийн дарга тэр хүүг түмний эхийн түрүүлсэн пайзтай хөтлөж явахыг хараад миний хоёр нүдний нулимс асгаад тэсч сууж чадалгүй босож барианыхаа тушаа Нянгаагийн дараа очсон юмаа гэж Баяр өвгөн бахархан ярив.
– Yгүй ээ хараач! Энэ чинь юу вэ? Бараан зүсний морь шиг байх юм. Миний зээрдийн урд ингэж хол түрүүлэх бараан зүстэй хэний, юу байдагсан билээ. Миний энэ муу хоёр ногоон нүд юм танихаа байчихаа юу! гэж Нянгаа өндөлзөн байна.
– Алив, ах аа! Наад дурангаа өгөөч гэж дүү Осор нь хэсэг дурандсанаа:
– Нээрээ тийм байна. Хээр морь байна. Унасан хүүхэд нь ягаан цамцтай юм
– Ямар хачин юм бэ! гэж царай нь муухай болсон Нянгаа миний зээрдийн өмнө орох дөрвөн хөлтэй адгуус чинь хэнийх байх билээ гэснээ дурангаа шүүрч аваад сайтар харснаа дараачийнх нь миний зээрд байна.
– Та минь ээ, тэр хүүхэд зүүн талынхаа жолоог сул тавиасай гэж адгаж, үгээ залгуулан:
– Хол саахалтын дайтай цахилан түрүүлж яваа тэр хээр чинь арай Доржжүгдэрийн хээр биш биз! гэхэд дүү нь арай ч үгүй байлгүй. Тэр хээр цулбуурдуулбал хэр нь тэр.
– За дөхлөө шүү. Бушуу мордоорой! Барианыхан тэр хөдөллөө гэж хэлээд Нянгаа яаран сандран мордмогц ухасхийв. Өөрөө уралдаад ирсэн юм шиг хөлс нь цувсан Нянгаа, нүд нь орой дээрээ гарч,
– Хүүш та минь ээ! Харав уу? Муу луйварчинг хараач! Тэгэх байхаа чи, өнөөх Баяраагийн хулгар хээр байна. За чамайг даа! Чи бас тэгж олон түмэн наадамчныг мэхлэх үү. Тэгж маллуулахгүй хө гэж ташуураа гозолзуулан давхиж,
– Зогсоорой, зогсоорой! Залуу чи чинь яаж байна. Мал мэддэггүй ямар газрын цагаачин бэ? Чи чинь наадахыгаа хараач! Түрүүлсэн морь биш шүү гэж дуу тавин хурдан морины шүүгч, эвлэлийн үүрийн дарга залуугийн урдаас давхин очиж цулбуурдан авав.
– Яаж байнаа, Нянгаа гуай Ташуурдах нь уу. Танай зээрд хоёрт орсныг тэр Сэнгээ гуай авч явна шүү дээ.
– Элэнцэгний чинь хоёрт орох наадах чинь морь биш Алдарханы эрмэг хулгар гэдэг гүү байна. Баяраа муу луйварчинг хар! Гүү уралдуулж төрийн наадам үймүүлж олон ардыг доромжилж байна. Төр, наадмын ёс! Гүү уралдуулах цээртэй гэж шүлс үсэргэн:
– Бүсгүй хүн бөхийн дэвжээнд барилдаж бөгтөр хээр барианд орж цоллуулах болоо юу. Яасан задарсан улс вэ! Та нар хар! Алдарханыхан хаа байна. Яасан ичгүүргүй улс вэ? хэмээн барьсан залууг эмээлээс нь хуу татах алдан давшлав.
– Нянгаа гуай! Та уураа тат! Наадмын комисст очиж учры нь олъё. Түмэн олон наадамчны нүдэн дээр ганцаараа хол түрүүлж ирэхээр нь би барилаа. Магадгүй. Таны морь ч нэгд орох юм билүү. Та намайг тавь хэмээн эвлэлийн үүрийн дарга залуу учирлав. Баяр давхин очиж:
– За цол дуудсан дуудаагүй нь яамай. Би үүнийхээ хурдан ид шидийг үзүүлэх гэсэн юм. Yүнээс илүү яахав гээд буун харайж хулгар хээрийнхээ хошууг илж цулбуураас нь адис авав.
Төдөлгүй хулгар хээрийн дэргэд наадамчид хуран шавж ирэв. Зарим нь эвий хөөрхий яасан хурдан хөлөг вэ? Хөлсий нь бушуу хусаач! Салхины нь амыг тавиад өгөөч. Хөх мах нь чичрэхийг үзэж байна уу гэхэд нөгөө хэсэг нь – хүлэг морио хат! Гүү л байна шүү дээ, энэ чинь. Одоо байтугай, эзэрхэг засгийн үед ч монгол хүн гүү уралдуулж байгаагүй юм гэлцэнэ. Тэгтэл энэ чинь гарцаагүй хурдан шандаст амьтан байна. Монгол гүүний унага. Хурдан л болсон хойно морь гүү ялгаа юу байсан юм бэ. Цоллох нь зөв! гэхэд зарим нь:
– Ээ бүү үзэгд, муу ёр байгаа даа. Эрийн гурван наадам гэдэг чинь эр хүн зодоглож, агт морины шандас шалгаж, мэргэн эрчүүл харвана гэсэн үг биз дээ, та минь! Баяр зальтай этгээд мөн гэлцэнэ. Ийнхүү дургүйцэх бахархах үгс сумын наадмын гол яриа болов. Хөлс нь дусалж арьс нь гилтгэнэсэн бөөрөнхий хавиргатай аман хүзүү бүдүүн, бөгтөрдүү хээр морь цулбуураа чирэн, эзнийхээ араас дагаж хэд алхсанаа гайхашран үүрсэв. Дөч эргэм насны зузаан уруултай тагтгар хөх хүн тэнтэр тунтар гишгэлэн өлийн овооны дэргэд очив.
Өврөөсөө лонхтой архи гаргаж овоонд нь цавдан цацав. Дараа нь ямар нэг юм амандаа бувтнан тал тал тийш цавдсанаа шүлсээ хүдхийтэл залгин, суун тусав. Архинаасаа ус залгилах адил нэгэн хэсэг залгилаад ханцуйгаараа амаа хайнгадуу шувтрав. Тэгснээ унасан морио харж:
– Эвий хурдан хөлөг минь! Ямар ч гэсэн ягаан Нянгаагаас хариугаа авлаа даа, чи бид хоёр гэж инээх уйлах хоёрын хооронд ярвайснаа гэнэт санаа авав бололтой босов.
– Хан хурмаст тэнгэр минь, даанч яав. Хулгар хээрийн мань хүйсийг ингэж эндүүрэх гэж дээ. Гүү гүү гэнэ. Хэзээ унагалсан юм бэ? Хэрэв морь байсан бол, миний энэ хээрийг саяын наадамд алтан жолоог нь өргөж цолыг нь дуудах байв. Бүгд найрамдах бүх монгол ард улсын Завхан аймгийн Алдархан сумын ард Баярын аргамаг хөлөг хэмээн морины цол дуудах мэт сунжруулан үглэсэндээ Баяр итгэн уярч уйлав.
– Ээ чааваас! Чи бид хоёрт цолоо дуудуулах заяа дутжээ. Түрүүлсэн мөртөө шүү! гэж хэлээд мэнэрсэн согтуу нүдээр хулгар хээрийгээ нэгэн хэсэг гөлрөн ширтэв. Тэгснээ өлийн овоонд хоёр чулуу нэмж шидээд, хан тэнгэр эцэг минь! Хатан дэлхий ээж минь! Эрмэг хээгчээс минь эр унага гараасай! хэмээн хэдэнтээ шивнээд согтсон баярласан, гомдсондоо алжаасан бололтой, эмээлээ авч, тохмоо үлдээгээд эрмэг хээгчээ сул тавин хэвтмэгц нам унтав.
Эрмэг хээгч эзнээ орхин явж чадахгүй, шаасан гадас шиг дөрвөн хөл дээрээ босоогоороо байж агшин зуур зүүрмэглэснээ хангинатал янцгаан эзнээ сэрээжээ.
1 comment
худал зүйл бичээд байгаач хулгар хээр гэж хөвсгөл аймаг цэцэрлэг сумын унган адаа алдарт уяач И,Санжаа гэдэг хүний морь улсад хүртэл уралдаж байсан зартай хурдан хүлэг байсан юм бичих зүйлээ эх сурвалжаас нь судалж бичнэ үү