Угаалгын газрын манаач согтуурсан үедээ иргэн “М.Б”-ийн цагаан өнгийн “Land Сruicer-200” автомашиныг унаж явсан хэрэг өчигдөр гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны “Орчлон” хороолол “Төгс” авто угаалгын газарт автомашинаа авахаар очсон иргэний “төмөр хүлэг” нь байгаагүй тул гайхсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Энэ дагуу тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч М.Төмөрчөдөр шуурхай эрэн сурвалжилж манаачыг илрүүлжээ. Хэргийг цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.