Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дахь орон сууцны гуравдугаар давхарт мөнгөн ус асгарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр онцгой байдлын утсанд ирсэнээр Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 15:03 цагт очиж нэгдүгээр давхрын шал хүртэл  18 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ганцхан грамм мөнгөн ус ууршихдаа 20 га хүртэл талбайг бохирдуулдаг гэж энэ хорт бодисын тухай багагүй хугацаанд судалсан эрдэмтэн үзүүлсэн байдаг. Тэгвэл 18 грамм мөнгөн ус агаарт ууршина гэж бодвол нэг орон сууцны оршин суугчид бүгд хордох өндөр магадлалтай юм.

Мөнгөн ус нь тасалгааны температурт шингэн байдаг цорын ганц металл бөгөөд металлтай нэгдэж амальгам үүсгэдэг ба энэ шинж чанарыг ашиглаж уул уурхайн салбарт хүдрээс металлыг ялгаж авахад хэрэглэдэг аж. Мөнгөн усны уур нь маш хортой бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээдэг, хүний биед орсон тохиолдолд амьсгал давчдуулж, амьсгалахад хүнд болох, толгой өвдөх, булчин татах, цуллаг эрхтнүүд, тэр тусмаа элгэнд хуримтлагдаж гэмтээх, хорт хавдар үүсгэх зэрэг аюултай байдгийг анагаахын шинжлэх ухаан тогтоожээ. Мөн арьс, салстад хүрсэн тохиолдолд түлж, шархлуулах, арьсаар нэвчиж хүний биед орох аюултайг анхаар.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн