Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаантай холбогдуулан тус дүүргийн иргэдийн Хуралд “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” албан бичиг хүргүүллээ.
Уг албан бичигт: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус дүүргийн 2018 оны төсвийг батлахдаа хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 төлөөлөгчийг оролцуулаагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “хуралдаанаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах”, “хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” зэрэг иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг ноцтой зөрчсөн байгааг сануулаад 41 мандаттай Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 төлөөлөгчийг дүүргийн 2018 оны төсвийг батлах хуралдаанд оролцуулаагүй явдал нь 327.0 мянга орчим оршин суугчтай тус дүүргийн 152.0 мянган иргэд буюу 46% орчим хувийн төлөөллийн дуу хоолой, саналыг боомилсон, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн зарчимд үл нийцэх, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхэд оролцох иргэдийн эрхэд халдсан туйлын бүдүүлэг үйлдэл боллоо гэдгийг онцолжээ.
Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тус дүүргийн 2018 оны төсвийг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх” зарчмыг баримтлах шаардлагатай бөгөөд гаргасан шийдвэр нь уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй байгааг мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, тус хуралдаанд оролцсон иргэн Х.Өлзийхорол, А.Эрдэнэсайхан нарыг орон нутгийн хурлын 2016 оны сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө, эд зүйл тараасныг Монгол Улсын Дээд шүүх эцэслэн тогтоосон бөгөөд тэднийг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн нэрийн жагсаалтаас хассан сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар, 06 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолууд хүчинтэй хэвээр байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд оролцуулаагүй 19 төлөөлөгч болон хуулийн дагуу төлөөлөгчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан хоёр төлөөлөгчийг оролцуулан тооцоход нийт 21 төлөөлөгч буюу олонхи нь оролцоогүй байхад хурал хуралдуулж, төсөв баталсан явдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, шаардлагуудыг хангаагүй байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.6 дахь хэсэгт заасан төсвийн түр горимыг тус дүүрэгт тогтоож, мөрдүүлэх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг анхаарах шаардлагатай болно.
Иймд Баянзүрх дүүргийн иргэдээс сонгогдсон, дээр дурдсан 19 төлөөлөгчийн хурлын үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрэн хангаж, хуралдаанаа Монгол Улсын хууль тогтоомжид заасан зарчим, журмын хүрээнд зохион байгуулан ажиллах шаардлагатай байгаа талаар хотын дарга албан бичигтээ дурдсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.