Bloomberg агентлагийн мэргэжилтнүүд 74 орноос эрэмбэлсэн судалгаагаар ард иргэд нь хамгийн их стрессддэг улс орнуудын жагсаалтын дөрөвдүгээрт манай улсыг багтаажээ. Үүнд, ажилгүйдэл, авлига хээл хахууль, агаарын бохирдол, эдийн засгийн хямрал, гэмт хэргийн үзүүлэлт зэрэг багтаж байгаа. Бид өглөө ажил, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хэн нэгэнтэй уулзахаар гэрээсээ гарахдаа хичнээн аз жаргалтай байсан ч эргэн тойрны зүйлст өөрийн эрхгүй бухимдаж эхэлдэг. Хоолой хорсгож, уушги өвдмөөр их өтгөн манантай утаан дундуур автобусны буудал руу эсвэл машинаа унаад гарахдаа замын хальтиргаа гулгаа, түгжрэлээс эхлээд хэн нэгний бүдүүлэг авир, нийтийн тээвэрт хөлөн дээр гишгэчихээд уучлалт ч гуйхгүй дээгүүр харан зогсох нэг тийм хээвнэг атлаа соёлгүй занд уур тань хүрч байсан уу?.
Эсвэл машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байхад хэн нэгэн этгээд мөргүүлэх шахам улаан гэрлээр гарч, хажуу талаас тань машин шахаж, өөр нэг талд хоёр машин мөргөлдчихөөд жолооч нар нь нэгийнхээ буруутайг батлах гээд маргалдан зогсох нь хэвийн л үзэгдэл мэт болчихсон. Энэ мэтчилэн тоочвол биднийг бухимдуулах маш их зүйл бий. Уур бухимдал бүр хэмжээ хязгаартай. Үүнийг зөв тайлах хэрэгтэй. Гэвч ихэнх хүмүүс уураа хэрхэн яаж гаргахаа мэдэхгүйгээс болж хэн нэгэнд уурласан уураа гэртээ эсвэл ажил дээрээ гаргах нь түгээмэл үзэгдэл болжээ. Арга ч үгүй биз, уураа гаргах газар бидэнд байхгүй. Магадгүй Сөүл хотын баруун дүүрэгт орших “Уураа гаргах өрөө”-тэй болбол хичнээн мянган залуус хандаж, оочер дараалал үүсэхийг хэлж мэдэхгүй. Тэндхийг зорин ирсэн хүмүүсийн ихэнх нь 20-30 насны залуус байдаг аж.
“Уураа гаргах өрөө”-нд та хүссэн бүхнээ хийж болно. Хамгаалалтын малгай өмсөөд бэйсболын цохиураар зэвсэглэснийхээ дараа шаазан эдлэл, гэр ахуйн төхөөрөмжүүд, резинэн хүн, машины дугуй зэрэг эд зүйлд хүссэнээрээ уураа гаргаж болдог. Гэхдээ энэ үйлчилгээ нь хэд хэдэн ангилалтай. Хамгийн энгийн “Vandalism” ангилал нь 10 минутын хугацаанд 10 шаазанг хагалж, хэмхчих хязгаартай ба үнэ нь 20,000 вон гэнэ.
180,000 воны төлбөртэй “Madness” ангиллын үйлчилгээг авбал тоо хязгааргүй шаазан хагалж, хуучин телевизор, компьютерийн дэлгэц, принтер зэргийг эвдэх боломжтой ажээ.
Өрөөний гаднаас шаазан хагарах, орилж хашхирах, галзуу мэт инээх чимээ сонсогддог байна. Энэ оны дөрөвдүгээр сард тус үйлчилгээ нээгдсэнээс хойш олон мянган хүн үйлчлүүлэх болжээ.
Өмнөд Солонгосын нийгэм өрсөлдөөн өндөр, дарамт шахалт ихтэй тул иргэдийн ихэнх нь сэтгэлзүйн хямрал, бухимдалтай явдаг. 2015 онд гаргасан судалгаагаар насанд хүрсэн хүн амын тал нь уур бухимдлаа зохицуулах асуудалтай тулгардаг, 10 хувь нь мэргэжлийн зөвлөгөө авах шаардлагатай гэж гарсан байна. Хэрэв гуравхан сая хүн амтай манай улсад нийслэлд эсвэл орон нутагт ийм газар нээвэл магадгүй уураа гаргаад тайвширсан хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй, гэмт хэрэг холбогдох, архи согтууруулах ундааны хэрэглээ багасах ч юм бил үү.
Б.Яруу
2 comments
Би хүүхэд байхдаа их хортой шартай байсан байгаа юм Манай хөл бөмбөгийн баг хожигдчихоор нь бөмбөгөө тоглолтын дараа хадаасаар хага шааж байгаа юм даа Харамсалтай нь бөмбөг минийх байсанд л дараа харамсахгүй юу Иймд гудамжинд дарга нарыхаа дүрийг резинээр хийж тавибал яасан юм бэ Иргэд маань уураа гаргаж л байг
depress elbegshij