Бид бие хаагаа харахдаа хаанаас нь хасах ёстой, хаана нь булчин нэмэх ёстой, аль хэсгээ хөгжүүлэх хэрэгтэй вэ л гэж хардаг. Харин таны бие галбир таныг ямар хүн болох, юу хүсдэг, юунд шаналж зовдог, юунаас айдаг болох вэ гэдгийг хэлж өгдөг гэдгийг мэдэх үү? Хүний бие ямар амьдралтай болох, ямар дэглэм барьдаг гээд олон зүйлийг хэлж өгч чадна.
Канадын сэтгэлзүйч Лиз Бурбо бидний бие хаа бидэнд үүссэн сэтгэлзүйн гэмтлийн тухай мэдээллийг агуулдаг болохыг тогтоожээ.
“Ясан туранхай” төрлийн хүн
50 кг-аас доош жинтэй, яс нь гэрэлтсэн, анорекси өвчтэй гэмээр моделиудад атаархдаг уу? Тэдэнд атаархах хэрэггүй. Ийм бие нь “гологдол”-уудын гэмтлийн илрэл юм.
“Гологдлууд” эмзэг, хугарчихмаар, хэтэрхий туранхай бие хаатай байна. Ийм хүн хөндлөнгийн хүмүүст үл үзэгдэгч, бусдаас ялгарч чаддаггүй нэгэн мэт санагддаг. Гологдлууд олны анхаарлын төвд байхыг хүсдэггүй.
Энэ нь хүсээгүй хүүхдэд илэрдэг шинж юм. Жишээлбэл ээж нь хүүтэй болохыг маш их мөрөөдөж байтал охин хүүхэд төрөх, эсвэл эцэг нь хүүхэдтэй болоход бэлэн бус байтал гэнэт хүүтэй болох гэх мэт. Гологдмол хүмүүс үргэлж л өөрийгөө илүүдэл мэт санадаг. Оршиж, амьдарч байгаа эрхэндээ итгэдэггүй. Тэвдэж сандрахаас маш их айдаг, айдсаа даван туулж чаддаггүй. Хаалттай, сэтгэлээ илчлэхдээ муу, аль эртнээс мэддэг хүмүүстэйгээ л голдуу харьцдаг.
“Эмзэгхэн амьтан” төрлийн хүн
Олон охин бие галбиртаа сэтгэл хангалуун бус байдгийг та анзаарсан биз ээ. Орчин үеийн анагаах ухаан өндөр хөгжсөн ч бөгтөр нуруунаас ангижирч, бие хааг цэгцтэй болгож чадаагүй байна. Учир нь бөгтөр мөр, сул, унжгар бие нь “хаягдсан хүн”-ий дотоод гэмтлийг илэрхийлдэг. Ийм эмэгтэйг хүмүүс маш их орхидог. Ялангуяа эрчүүдэд их хаягдсан байдаг. Аав нь гэр бүлээ хаяж явсан, эсвэл түүнд чухал санагддаг байсан хүн гэнэт дэргэд нь байхаа больсон, найз залуу нь энэ эмэгтэйг өөр эмэгтэйгээс, эсвэл ажил, найз нөхөд, төрөл төрөгсдөөсөө болж хаясан байх нь бий.
Хаягдсан төрлийн хүмүүс олны анхаарлыг өөртөө татах сонирхолтой байдаг. Ийм сэтгэлзүйтэй хүн улс төр, шоу бизнес зэрэгт карьер хөөх нь элбэг. Хаягдсан төрлийнхөн ганцаардахаас маш их айдаг. Тиймээс тэд олон хүнээр өөрийгөө хүрээлүүлэхийг яагаад ч юм бэ хичээдэг.
Хамгийн хайртай, ойр дотны хүнээ дэргэдээ тогтоон барьж, тэднээс хамааралтай болохыг хүсдэг. “Би чамгүйгээр амьдарч чадахгүй нь”, “Хэрвээ чи намайг хаях юм бол би амиа хорлоно”, “Чи хүнд үед надаас нүүр буруулбал надад маш хэцүү байна”. Яг л ийм байдлаар хайртай хүнээ дэргэдээ тогтоон барих чадвартай.
“Иддэг бөмбөг” хэлбэрийнхэн
Болсон алимыг санагдуулам бие галбиртай, тарган эмэгтэйчүүд “доромжлол”-ын гэмтлээр шаналж байдаг. Хүүхэд байхдаа нэг бус удаа доромжлуулж байсан, олны өмнө “бохир гахай”, “заваан” зэргээр дооглуулж байсан хүмүүс.
Ийм эмэгтэйчүүд өсөж том болохдоо хэтэрхий бүрэг ичимхий болдог. Ээжийн хайр халамж, өрөвч зөөлөн сэтгэлтэй энэ хатагтай нар үргэлж л таньдаг бүх хүнээ нөмөр нөөлөгтөө авахыг хичээдэг. Бусдын асуудлыг өөртөө тохох нь ч цөөнгүй.
Доромжлолын гэмтэлтэй хүмүүс өөрийнхөө хэрэгцээнээс санаа зовж, өөрийгөө эрхлүүлэх нь аймшигтай хувиа хичээсэн, жигшмээр асуудал гэж хүлээн авдаг. Гэсэн ч энэ бие хүнд хэцүү хөдөлмөрийнхөө төлөө ямар нэгэн магтаал, сайшаал шаардаж явдаг. Тиймээс ийм төрлийн эмэгтэйчүүд бэлгийн болон бусад хэрэгцээгээ амттанаар орлочихдог.
“Хазаж болдоггүй лийр” хэлбэрийнхэн
Ер бусын мэдрэмтгий эмэгтэйчүүд. Дээрээс нь харахад жижигхэн хөх, нарийхан мөр гээд нямбай, харин доод хэсгээрээ өргөн гуя, өгзөгтэй. Ийм эмэгтэйчүүдэд “үнэнч байдал”-ын гэмтэлд орчихсон хүмүүс. Тэдний гол асуудал бол хүмүүс, ялангуяа эрчүүд тэдний хүлээлтээс өөр байдаг. Үүнээс болж ийм эмэгтэйчүүд бусад хүнд бараг итгэдэггүй. Тиймээс эргэн тойрон дахь бүх хүн урвагч мэт санагддаг. Ийм эмэгтэйчүүд найдвартай, журамт бүсгүй байхыг хүсдэг ч санаснаар тэр бүр байж чаддаггүй. Тэд гайхалтай зальтай, бусдыг удирдах чадвартай. Гэхдээ хүнд итгэх итгэл муу, юмыг хэтэрхий их хяналтдаа байлгадгаасаа болж хавийн хүмүүсийг таагүй байдалд оруулдаг.
“Төгс төгөлдөр” хэлбэрийнхэн
Зөв пропорцитой бие галбиртай охид шударга бус байдлын гэмтэлд өртсөн байдаг. Эцэг эх нь тэднийг хүүхэд байхад нь хийсэн гавьяа бүтээлийг нь үнэлдэггүй, эсвэл ямар нэгэн хэрэггүй зүйлд буруутгаж байдаг. Тэр цагаас хойш шударга бус байдал ийм охидын гол асуудал болдог. Тэд бүх зүйл төгс төгөлдөр байхыг эрмэлздэг. Яагаад гэвэл эмзэг байж, бусдад өө сэвээ харуулах шалтгаан гаргахыг хүсдэггүй.
Нэг талаас харахад тэд “мөсөн хатан”, хүйтэн, хөндий мэт харагддаг. Харин үнэн хэрэгтээ тэд юу ч болсон байнга л тайван байхыг хичээж дасчээ. Гэхдээ буруугүй байхад нь хүйтэн хөндий хандвал маш ихээр шаналж, гомддог.