Нийгэм

18 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

0f34afd01b39dacf0be354f4cf6c4bd1 18 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас энэ сарын эхэнд 15 иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 18 иргэн орон сууцныхаа түлхүүрээ гардан авлаа. Өнөөдрийн байдлаар сангаас 53 иргэн дэмжлэг авч орон сууцаар хангагдаад байгаа юм. Дэмжлэг авахыг хүссэн иргэдийн тоо ч өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг албаныхан онцолж байлаа.

Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэр НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, үүнээс үүдэн иргэдийн эрүүл мэндэд учирч буй хор нөлөөг багасгах чиглэлээр онцгой анхаарч, бодит үр дүнд хүрэх, шуурхай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа” гэдгийг дурдаад, “Энэ өвөл Улаанбаатар хотод байгаа 113 сургуулийн 3520 гаруй анги танхимд, 277 цэцэрлэгийн 1860 гаруй бүлэг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагын 503 хүүхдийн тасаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 100 гаруй эмчилгээний тасаг нийтдээ 5600 гаруй анги танхим, бүлэг, эрүүл мэндийн байгууллагын тасгуудыг агаар шүүгчээр хангах болно” гэдгээ мэдэгдэж байсан юм.

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн н.Болд “Анх санаандгүй явж байгаад энэ талаар мэдсэн. Мэдсэн даруйдаа эгчдээ хэлээд, өнгөрсөн долоодугаар сарын 28-нд энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Ингээд НЗДТГ болон банкнаас тавьсан шаардлагыг хангаад, өнөөдөр байрныхаа түлхүүрээ гардан авч байна. Эхэндээ хэн нэгэн танил талгүйгээр бүтэхгүй гэсэн хар байсан. Гэхдээ энэ бол ямар ч асуудалгүйгээр болдог юм байна гэдгийг харж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод бас нэгэн аз жаргалтай гэр бүл нэмэгдэж байна. Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна” хэмээлээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15 мянган орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх юм. Хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close