2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза нар нээж, Шадар суурин төлөөлөгч “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаарх НҮБ-ын Хүн амын сангийн баримталж буй бодлого, үйл ажиллагаа”-г танилцуулж илтгэл тавилаа.
Мөн тус уулзалтад Эрүүл мэндийн яамны Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нинжбадгар “Өсвөр насны охидын жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвлөлийн байдал, төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Гүнж төв” ТББ-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрах “Охидын жирэмслэлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, тулгамдаж буй бэрхшээл, төрөөс цаашид анхаарах асуудал, санал зөвлөмж”, Тэргэнцэртэй иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн НҮЭМ, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, тулгамдаж буй бэрхшээл, төрөөс цаашид анхаарах асуудал, санал зөвлөмж” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Манай улсын хувьд эх, үрсийн эндэгдлийг багасгасан дэлхийн 10 орны тоонд багтдаг ч насанд хүрээгүй хүүхдийн жирэмслэлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал ихээхэн тулгамдсан, нэн даруй бодлогоор шийдвэрлэх, хамтран хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага өндөртэйд тооцогдож буйг олон улсын байгууллагын төлөөлөл мэдэгдсэн бол хүүхдийн эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд “Дан ганц охидыг буруутгах сөрөг хандлага нийгэмд байгаад эмзэглэдэг, эцэг, эхийн хараа хяналт сул, бэлгийн боловсрол, мэдлэг ойлголт сул, биеэ хамгаалах боломж бага зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр цагаасаа эрт ээж болох, хүчингийн гэмт хэргийн золиос болох магадлал ихтэй, мөн хөвгүүд, эрчүүдэд ч хамааралтай асуудал гэдгийг ойлгож мэдрэмжтэй ажиллах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Мөн төр засгийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, бодлогоох зохицуулж өгөх ёстой. Бэлгийн хавьталд орж буй бага насны хүүхдүүд санхүүгийн чадваргүй, аав, ээжээсээ бэлгэвчний мөнгө авах боломжгүй зэрэг жижиг гэлтгүй шалтгаанууд бага насны охидын жирэмслэлт, бэлгийн замын халдвар тээх хүчин зүйл болж байгаа” гэх зэргээр судалгаа, жишээнд тулгуурлан харилцан санал, мэдээлэл солилцлоо.
Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 онд НҮБ-ын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн (насанд хүрээгүй, ядуу, тусгай хэрэгцээт, алслагдсан бүсэд амьдарч буй, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэйгэх мэт) охид, эмэгтэйчүүдийннөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоосөгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Уг ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, энэхүү эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхэд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилготой юм. Өнөөдрийн уулзалтад төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд ирж оролцож байгаагаараа онцлог юм. Тэд тус бүрийн аймагтаа дээрх судалгаа, дүн шинжилгээ, мониторингийг эхлүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: ХҮЭК