“Цаст уулын өнгө лүгээ тэмцэлдсэн
Цагаан өнгө нь гялбалзаж тодорсон
Цаана цаанаас харшлагчийг буцаах
Цааш эргэж бусдыг хорлохгүй
Цаг мөчийн дотор замба тивийг эргэн ирэх
Цангах өлсөхийн зүдрэл бүхнийг тэвчсэн
Цогзолсон олон эрдэнийн ачаатай
Цаглашгүй эрдэм төгс заан
Төрийн нэгэн эрдэнэ.”
1911 онд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөн түүнд зориулан бүтээсэн заан бол хаан төрийн долоон эрдэнийн нэг нь байлаа. Богдыг жаахан байхад нь түүнд зориулж бүтээсэн эсэх, эсвэл дараа нь бүтээсний аль нь болох тодорхойгүй ч ямар ч гэсэн түүнд “нуруун дээрээ зэндмэнэ эрдэнэ үүрсэн зааны ясаар сийлж хийсэн тоглоомон заан” байжээ. Энэхүү тоглоомон заан эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагдаж байна.
Богд Жавзандамба хутагт амьтанд дуртай хүн байжээ. Түүнд амьд заан лав хоёр ч байсан гэдэг. 1890- 1899 оны хооронд үзэсгэлэн байгуулахаар амьд амьтан цуглуулж, хутагт сангаасаа бага бус хөрөнгө зарцуулсан байна.Түүний амьтны цуглуулгыг үзээд Польшийн нэрт аялагч, эрдэмтэн Антоний Фердинанд Оссендовский бичихдээ “автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас, болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, Энэтхэгийн могой, тоть зэрэг олон төрлийн амьтад “Бурханы” ордонд янз бүрийн цаг үед байжээ” гээд тэрээр Богдын үнэт эдлэлийн музейд хэрхэн саатсан тухайгаа өгүүлжээ.
Богдын үнэт эдлэлийн санд “Бей Кемагаас авсан цэвэр алтан гулдмайнууд, Кемчингийн хар булга, бугын гайхалтай эвэр, Энэтхэгийн алмаз, Хятадын зааны яс” гэх мэт гойд сонирхолтой, Европын музейд ч харж чадамгүй ховор зүйлс хадгалагдаж байв.
Хаан төрийн долоон эрдэнийн нэгийг бодитоор байлгахаар шийдсэн Богдын тааллаар 1912 оны сүүлч, 1913 оны эхээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Орос улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “бага шиг бор зааныг 22000 цөлхөөвөөр (рубль) худалдан авч, 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл зааныг вагонд ачуулах, хөлөөр нь явуулах зэргээр найман сар гаруй аялуулсаар Хиагт хотноо” авч ирсэн байна. Хиагтаас Нийслэл Хүрээ рүү дулааны улиралд авчирсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Зааны хоолонд зориулж өдөрт 21 ширхэг мантуу, хоёр жин шар тос, гурван шанага улаан чавга зарцуулж байжээ.
1924 онд Богд хаан таалал болсны дараа зааныг арчлах хүн хомсдож, 1926 оны үед заан үхсэн ажээ.
Эх сурвалж: “Монголчууд: Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь (1911-1924)”