-Таны фэйсбүүк хуудсандаа оруулсан “Ричард Гирийн гутал” гэсэн гарчигтай пост олон хүнд хүрсэн. Ричард Гиртэй зорьж уулзсан уу?
-Би сүүлийн арван жилийн турш намар болохоор Америк явж байгаа л даа. Аризонад найз маань байдаг юм. Миний хувьд тэнд Монголдоо байдаг шигээ идэвхтэй биш намдуухан амьдарч байгаад ирэхийг хүсдэг. Тэр үеэрээ Ричард Гиртэй уулзсан. Зорьж уулзсан ч биш юм аа. Яах юм бэ гэсэн чинь уулз гэсээр байгаад уулзуулсан (инээв). Гир их таалагдсан. Уулзангуут шууд ойлголцсон. Зүрхний хүн байна лээ. Буддын шашинтай хүн болохоор Монголын буддын шашинд чадах тусаа хүргэхсэн гэсэн бодолтой явдаг юм билээ. Одоо нэг кино хийж байгаа. Зураг авалтыг нь Хятадад хийнэ гэж төлөвлөсөн гэсэн. Хятадууд Гирийг оруулахгүй байхаа даа.
-Буддын чигийн кино байх нь ээ?
-Тийм гэсэн.
-Таныг Ричард Гиртэй уулзуулсан хүнийг хэн гэдэг вэ, хаанахын хүн юм бол?
-Жасрай гээд халимаг хүн. Жараад онд Америк руу 500 гаруй халимаг гарсан байдаг юм. Америкийн засгаас тэдэнд газар өгөөд сүм барих боломжийг олгосон юм билээ. Америкт очсон халимагуудаас хоёр нь их сайн амьдардаг. Нэг нь Алтан, нөгөө нь Жасрай. Сэтгэл сайтай хүмүүс шүү. Нью Жерсид амьдарцгаадаг юм. Тэд намайг Гиртэй уулзуулсан. Саяхан надтай Германаас хэдэн хүн ирж уулзаад явлаа. Европ, Азийн хамтарсан том баримтат киноныхон юм билээ. Европт нэг асуудал үүсчихэж. Настай хүмүүс нь л сүмдээ явдаг юм байна. Ахмадууд нь цөөрсөөр байгаад эзгүйрсэн сүм олон болж. Фэйсбүүк идэвхтэй хөтөлж, залуус руу чиглэсэн шинэлэг зүйл хийдэг болохоор надад хандсан юм билээ. Би ч эхэндээ цааргалсан. Өөрийгөө ярих тийм ч таатай санагдаагүй. Залуусаа шашин руу татах зорилгоор хийж байгаа кино юм аа, хэдхэн минут яриад өгөөч гэж хүссэн л дээ. Жасрайгийн санаа бас ийм. Монголд шашны чиглэлээр залуус руу чиглэсэн зөв юм хийгээд яваа хүн гэдэг утгаар нь надад Гиртэй лекц хийгээд яваач гэсэн санал тавьсан хэрэг. Монголын залуус Холливудыг сонсч тэндээс үлгэр дууриал авахыг хүсдэг гэдэг талаас нь харсан байх.
-Гир буддын шашинтай Холливудын жүжигчдийг Монголд урьж бурхны шашны чиглэлээр лекц уншуулах боломжтой гэж хэлсэн гэл үү?
-Тсална, дэмжинэ гэсэн яриа хөөрөө өрнөсөн тал бий. Энэ жил уламжлал ёсоороо Америкт очно. Яг юу болохыг урьдчилж хэлэх боломжгүй байна.
-Холливуд чамгүй олон буддисттай. Монголд ирээч гэвэл дуртай зөвшөөрөх байх аа?
-Тэгэлгүй яахав. Тийм боломж мэдээж бий.
-Барууны айхавтар хэсэг нь буддын шашныг сонирхоод байгаа анзаарагддаг. Америкчуудын хувьд ямар байна?
-Элит түвшнийхэн нь буддизм, бясалгалыг илүү ихээр судалж, сонирхох болсон. Материаллаг талаасаа бүх юм нь ханачихаар сэтгэлийн амгалан, сэтгэлийн таашаал гэдэг талаасаа хэцүү болчихдог юм байна л даа. Ямар ч хүн сэтгэлийн амгаланг эрэлхийлнэ. Эрэлхийлж яваад буддизм дээр ирээд зогсдог, сонирхдог, судалдаг, дурладаг шиг санагддаг.
-Бясалгал гэснээс таныг саяхан удаан хугацаагаар маанийн бясалгал хийсэн гэж сонссон. Маанийн бясалгал гэж ямар бясалгал байна аа?
-Ум ма ни бад ми хум гэдэг бол Жанрайсигийн тарни. Маани мэдэхгүй хүн гэж үгүй. Аяндаа л цээжилчихдэг. Хүмүүсийн хувьд маани уншиж байхдаа огт өөр зүйл боддог. Үүнийг маани тоолно гэдэг л дээ. Тэгэхээр ихэнх хүн маани тоолдог гэсэн үг. Үүнийг бясалгал болгоод маанийг бүтээнэ гэж бий. Бүтээнэ гэдэг уг нь их энгийн. Эх болсон зургаан зүйлийн амьтдад тус бүрт нь зориулж маани уншдаг. Дороосоо эхлээд есөн шаттай. Есдүгээр шатанд хүрвэл бурхан болно. ийм үе шаттай бясалгал л даа. Зургадугаар төвшинд хүрэхэд биеийн бүх өвчин үгүй болдог.
-Хорт хавдар хүртэл үү?
-Тэгнэ. Жил орчим маанийн бясалгал хийхэд сэтгэл их зөөлөрнө. Жанрайсигийн тарни их сайхан. Ум ма ни бад ми хум гэж хэлэхэд хүртэл уруул инээмсэглэж байгаа мэт хэлбэр үүсгэдэг. Гэтэл энэ тарнийг хүн нас барахаар уншдаг гэсэн сэтгэл зүй давамгайлаад байна л даа. Энэ бол буруу хандлага. Өөрчлөхсөн гэж боддог. Дуу эгшиг авианд нь хүч чадлыг нь шингээж өгсөн тарни шүү дээ. Унших тусам чадал нь гарч ирдэг.
-Ямар ч өвчнийг тарниар эдгээж болно гэдэг тун сонирхолтой сонсогдож байна…?
-Эвдэршгүйг бий болгох чадал энэ тарнид бий. Биеийг хутгаар хатгахад цус гарахгүй, сүү гарах хэмжээнд хүртэл хүрэх боломжтой. Шинжлэх ухаанч үндэслэл нотолгоотойгоор батлагдсан шашны бясалгал. Бид мэдлэгийнхээ төвшинд амьдардаг юм байна л даа. Мэддэггүйгээ үгүйсгэдэг гэм бидэнд бий. Яг судлаад үзэхээр огт өөрийг нь мэдэрдэг. Энэ бясалгалыг би Монголд түгээх хүсэлтэй яваа. Нийт хүмүүсийн бодол, сэтгэл гундуу болоод ирэхээр бүх юм сөрөг болж, түүнийгээ дагаад муу юм их гардаг. Бороо хургүй гандуухан байгаа нь ч цаанаа учир шалтгаантай. Нийт массын энерги, үйлийн үр нөлөөлөөд байгаа хэрэг. Тэгэхээр олны бодол, энергийг зөв болгох л энэ цагт хамгийн чухал. Маани мэдэхгүй хүн гэж байхгүй болохоор маанийн бясалгалаар хүмүүсийн сэтгэлийг засах боломжтой. Онцгойлон сонирхоод үзвэл маш гайхалтай бясалгал. Аръяабал бурхан өөрөө дамжуулсан бясалгал.
-Маани уншдаг хүн бүр хийх боломжтой бясалгал юм байна. Биечлэн заах боломж танд бий юу?
-Биечлэн заагаад тийм олон хүнд хүрэхгүй л дээ. Нарийн зааж өгсөн гарын авлага хэвлүүлэх гэх мэт аль болох олон хүнд түгээх гарцыг хайж байна. илүү гүнзгийрсэн түвшинд бясалгах хүсэлтэй хүмүүст сургалт явуулж болох юм. Болж өгвөл массын түвшинд хүмүүсийг эерэг болгохсон гэсэн хүсэл байна.
-Ум ма ни бад мэ хум гэж хэлээд л өөрийгөө бүрэн өөрчилнө гэхээр хүмүүс эргэлзэж хүлээж авч мэдэх юм. Заавал нэг мундаг хүн дээр очиж засал хийлгэвэл сайхан болчихно гэсэн хандлагатай хүмүүс олон шүү дээ?
-Бид сүртэй зүйлд дуртай юм байна л даа. Таны хэлсэн шиг ажил үйлс бүтэхээ байлаа гээд нэг мундаг хүнд ханддаг, өнөөх нь тэрийгээ шатаачих тэгээд л болчихно гэдэг. Тэр бүхнийг нь хийчихээрээ “За ёстой нэг сайхан засал хийлгэлээ” гэж боддог. Зүгээр л нэг энгийн зан үйл шүү дээ. Харин ум ма ни бад ми хум гэсэн тарнийг унш гэвэл ингээд л болоо юм уу гэдэг. Жанрайсиг бурхан “Бүх амьтдыг гэгээрүүлснийхээ дараа би гэгээрнэ. Эс бөгөөс би гэгээрэхгүй” гэж амласан байдаг юм. Хүмүүс өнөөдөр гэгээрээгүй байна. Тэгэхээр Жанрайсиг бурхан байгаа нь тодорхой. Жанрайсиг бурхан хэмжээлшгүй их нулимс асгаруулаад уйлсан байдаг. Тамын амьтдыг дээш нь гаргаад буцаад хартал тамын амьтад буцаад л дүүрчихсэн байж. “Хүмүүс ямар их нүгэлд дуртай юм бэ” гээд шаналахад нь Авид бурхан ирж залраад “Би ч гэсэн санал нэг байна” гэж. Сүүлд нь бүр мянган бурхан ирж, нэг нэг гар, нэг нэг нүд болж залраад “Бүх амьтдыг аврахын тулд бид ч нэгдье” хэмээж. Мянган бурхны зүрхэн тарни ум ма ни бад ми хумд шингэсэн гэдэг нь ийм учиртай.
-Таны яриаг уншаад маанийн бясалгал хийе гэсэн бодол олон хүнд төрөх байх. Маанийн бясалгалаа энгийнээр хэлж зааж өгөх боломж байна уу?
-Энэ тарнийг зургаан зүйлийн амьтдад зориулж уншвал арванхоёр зүйлд зориулж уншиж байгаа гэсэн үг. Үүнийг нь нэг тун гэдэг. Эхлээд тамын амьтдад зориулж гурван эрхи маань уншина. Уншихын өмнө нүдээ аних ёстой, суудал нь тийм байх учиртай гээд нарийн дэг бий. Тэгээд “Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтад үтэр түргэн гэгээрлийн хутгийг олох болтугай. Эрлэг тамын амьтдад зориулж маанийн зургаан үсгийг сүсэглэн бүтээе” гээд нүдээ аниад унших ёстой. Нүд харж байгаа тохиолдолд анхаарал сарнидаг. Нүдээр дамжуулж бидний шуналын 80 хувь нь явж байдаг.
Энэ тарни бол бодитой үнэн, мундаг хүчтэй, би энэ тарнийг бусдад туслахын тулд уншиж байна гэсэн сэтгэлийг үүсгэх учиртай. дараа нь бирд, адгуус, хүмүүн төрөлхтөн амьтдад гэх мэтээр тус бүрт нь зориулж уншина. Тэгээд асур тэнгэрийн оронд зориулна. Энэ бол эхний зургаан зүйл. Дараагийн зургаан зүйл нь хүмүүний маш олон төрөл тутамтай холбоотой. Төрөл тутамд өчнөөн амьтад үрэгдсэн байдаг. Бид энэ төрөлдөө гэхэд л хэчнээн амьтдыг хүнсэндээ хэрэглэж байгаа билээ. Тэгэхээр бид төрөл тутамдаа хязгааргүй олон амьтдын аминд хүрсэн гэсэн үг. Үүнд зориулаад дахиад гурван эрхи маань уншина. Төрөл тутамд ач тусаа өгсөн өчнөөн амьтад бий. Энэ амьдралд ч өчнөөн хүн биднийг хайрлаж энэрсэн. Тэдэнд зориулж уншина. Төрөл тутамд хорлогдож хөнөөгдсөн ургамлан аймаг, төрөл тутмынхаа аав, ээж, гал ус дөрвөн хүчний эзэд, уул усны савдагууд тус бүрд нь зориулаад гурав гурван эрхи маани уншина. Нийлээд 36 эрхи маани болно.
-Эрхи маани гэдгээ тодруулаач?
-108 удаа ум ма ни бад ми хум гэж хэлэхийг эрхи маани гэдэг юм. 36 эрхи маани гэдэг нь 360 удаа уншина гэсэн үг. Үүнийг уншихад 45 минут л болно. Утга учиргүй хэлсэн хэдэн түмэн мааниас ганц удаа ингэж зорьж уншсан маани илүү чадалтай. Бясалгал бол төвлөрөл. Мааниндаа төвлөрөнгүүт сэтгэл бодь болдог. Сэтгэл нэг зүйл дээр төвлөрөхөөр олон бодол цөөрнө. Бусдын төлөө уншиж байгаа учраас хайрлах сэтгэл нэмэгдэнэ. Энэ мэт олон давуу тал бий.
-Чойжамц хамбатай ярилцаж суухад маанийн дуу авиа талаасаа хүнд үзүүлдэг нөлөөллийг их сайхан тайлбарлаж байсан. Тэгэхээр тарни эгшиг авиа талаасаа хүний биед нөлөөлөхөөр хүчтэй байдаг шиг байгаа юм…?
-Тэгэлгүй яахав, дуутай маани гэж бий. Эхлээд гурван эрхи маанийг сул дуутай уншина. Ум ма ни бад ми хум гэж сулаар унших үедээ биеэ мэдэрнэ. дунд дуутай гурав, чанга дуутайгаар гурван эрхи маани уншдаг. дуугаар уншихад биеийн энд тэнд ирвэгнэж чичирч эхэлдэг. Тарниар доргио үүсгэж байгаа хэрэг. чанга дуутай уншиж эхлэхээр хөлрөөд ирдэг. Ер нь маанийн бясалгал хийхдээ хүйс хавийн чакрандаа төвлөрдөг. Хүний биеийн доод хэсэгт маш хүчтэй энерги байдаг. Энэ энергийн төвлөрлийг задалж дээш нь өгсгөж байгаа юм. Хөлөрдөг нь ийм учиртай. Энгийнээр хэлбэл биеийг эгшгийн доргиогоор, тарниар цэвэрлэж өгдөг гэсэн үг.
-Хүйсний доод хэсгийн чакра яг ямар учиртай энергийн хүрд вэ?
-Хүнд долоон чакра бий. Яг голын чакра нь зүрхнийх. Түүнээс дээш, доош гурав гурван чакра бий. Доод чакрандаа л амьдраад явбал адгууслаг амьдраад байна гэсэн үг. Бие махбодийн таашаалаар л амьдраад байгаа хэрэг. Биеийн тэр хэсэгт маш хүчтэй энерги байдаг юм. Анагаахын сургуульд сурдаг шавь маань “Багш аа яг үнэн юм байна аа. Маш олон судасны зангилаа хүний биеийн доод хэсэгт байдаг юм байна” гэж хэлж байсан. Тэнд байгаа энергийг дээш нь өгсгөж задлах ёстой юм байна л даа.
Доор төвлөрсөн энергиэ дээш өгсгөж байж бид бие махбодийн төвшнөөсөө салж оюунлаг, зүрх сэтгэлийн төвшинд очдог. Бас нэг шалтгаан хэлье. Хүний бие тэр хэсэгт бүрэлддэг гэхээр ямар хүчтэй энергийн төвлөрөл бий нь төсөөлөгдөх байх. Царайны цаана нэг тархи, цоройны цаана бас нэг тархи байдаг гэж ярьдаг нь цаанаа ийм нарийн учиртай. Доод хэсгийн чакранд төвлөрөхөөр бие халдаг. Хязгааргүй их хална. Биед гурван янзын эс бий. Хамгийн шимтэй нь үрийн шингэний эс, чөмөгний эс, зүрхний цагаан эс. Энэ гурав нэгдэж байж халалт хүчтэй явагддаг. Энэ гурав сайн байвал, чөмөг дүүрэн бол хүн хөгшрөхгүй. Хоол тэжээлийн шим нь яс, ясны шим нь чөмөг. Хамгийн шимтэй нь гэсэн үг. чөмөгнөөс шимтэй нь чөмөгний шар эс. чөмөгний шар эс, зүрхний цагаан эсийг үл эвдрэх дусал хэмээдэг.
-Чөмөгний шар эс, зүрхний цагаан эс, үрийн шингэн нийлэхээр биед хүчтэй халалт явагддаг гэж ойлголоо. Хүчтэй халалт явагдсаны дараах процессийг энгийнээр тайлбарлаач?
-Сая хэлсэн гурван эс нийлж халалт хүчтэй явагдахаар хаана өвчин байна тэр хэсгийг нэвтэлж гардаг. Ингэсэн тохиолдолд эс, бөөмийн төвшинд өөрчлөлт өгдөг. Нэвтлэх үед өвдөлт мэдрэгдэх ч дараа нь ямар ч өвчингүй болдог. Халдаг бясалгалын хувьд Түвдийн дүмон бясалгал л даа. Нүцгэн биенд нөмөрсөн нойтон даавууг хатаах чадалтай бясалгал. Түвдийн дүмон хийдэг хүмүүс маш гүнзгий төвшинд хүрсэн байсан. Шприцээр цус сорлоо гэхэд дүмон сайн хийдэг хүмүүс биеэ халаагаад буцаагаад татаад авчихдаг. Данзанравжаа гэхэд л энэ бясалгалд нэвтэрсэн хүн байсан гэдэг. Бидний бие төгс. Гараа эсгэчихлээ гэхэд цэвэрлээд боохоос өөр зүйл хийхгүй байхад өөрөө эдгэчихдэг. Америкт нэг судалгаа хийсэн байдаг юм. Дүмон бясалгал хийдэг хүнийг том мөсөн дотор суулгахад бүгдийг нь хайлуулсан. Бие хална гэдэг арга билгийн агаарыг тэнцүүлж өгч байгаа хэрэг. Ийм тохиолдолд өвчин гэсэн ойлголт үгүй болдог гэсэн үг л дээ.
-Хүмүүст анхан шатнаас нь заамаар л бясалгал байна…?
-Миний хувьд тэгтлээ гүнзгийрээгүй ч чадах хэмжээндээ зааж өгөх хүсэл байна. Байр сав, хүмүүсийн цаг зав гээд олон асуудал байна л даа. Эхлүүлбэл их сайхан ажил болно.
-Жирийн хүмүүс энэ бясалгалаар хичээнгүйлж хичээллэлээ гэхэд дээд түвшинд хүрэх боломжтой юу, эрүүлжье гээд хийвэл хэр хугацаа зарах бол?
-Бүрэн боломжтой. 1600 хоног буюу наад зах нь гурван жилийн хугацаа орно. Ер нь 108 хоног суухад л илт мэдэгдээд эхэлдэг. Эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байгаа нь мэдрэгддэг.
Эх сурвалж:peak.mn
3 comments
Уул нь юмыг ойлгож хүлээж авдаг хүнд бол энгийн зүйл л дээ.
Аль болох олон хүн л ойлгож хэрэгжүүлбэл сэтгэлийн амар амгаланг эдэлнэ дээ.
биеийн жаргалыг таягдаж сэтгэлийн жаргалыг эдлээрэй.
МОНГОЛЫН БҮХ ЛАМ НАР ХАМГЫН МУНДАГ ТАРНИА УШААД МОНГОЛЫГ АВРААЧ.ЧАДАХ УУ???ХАМГЫН ТОМ ЛАМ НЬ БУРХАН БОЛООЧДЫН ЦОГЦСООР БИЗНЕС ХИЙЖ АЛГА ДАРАМ ГАЗРЫГ ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭЭР ЗАРЖ БАЙГАА НЬ НӨГӨӨ НҮГЭЛГҮЙ ЛАМ НАРЫН АРИУН ЯВДАЛ УУ??? ТИЙМЭЭС ТЭДЭНД ИТГЭЖ ЧАДАДГҮЙ ЮМ ДАА.
САЙХАН ЗҮЙЛ БИЧСЭН БАЙНА ..ХОЛБОО БАРИХ УТАС БАЙНА УУ?