Канадын цагдаагийн газар тэрбумтан Барри Шерман болон түүний гэргий Хани нарын үхлийн шалтгааныг “сэжигтэй” гэж үзжээ. Тэдний цогцос Торонта дахь гэрийнх нь подвалаас олдсон байна.

Барри Шерман тус улсдаа хамгийн томд ордог эмийн үйлдвэрлэлийн “Apotex” компанийг үүсгэн байгуулж, тэргүүлж байв. “Үхлийн нөхцөл байдал нь сэжигтэй байна. Тиймээс бид энэ хэргийг мөрдөн шалгахаар боллоо” гэж хууль сахиулах байгууллагын захиргааны ажилтан Дэвид Хопкинс мэдэгджээ.

Шерманы хос нас барахаасаа өмнөхөн шилтгээнээ худалдахаар зар тавьсан байжээ. Ингээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын ажилтан худалдан авагчдад үзүүлэх байшингийн бэлтгэл хангах зорилгоор тэднийг очтол хосын цогцос олдсон тухай Канадын “The Globe and Mail” сонинд Шерманы гэр бүлийн гишүүний хэлснээс эш татан мэдээлжээ.

Шуурхай албаны төлөөлөгчид Шерманы гэр бүлийн байшинд энэ сарын 15-ны үд дундын үед очжээ. Цагдаагийнхны мэдээлж буйгаар байшинд ямар нэгэн эвдэж орсон шинж тэмдэг харагдаагүй байна.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо энэ хэрэгтэй холбогдуулан “Твиттер”-тээ “Софи (эхнэр нь) бид хоёр Барри, Хан Шерман нарыг зуурдаар төгссөн тухай мэдээллийг цочирдон хүлээж авлаа. Гэр бүл, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлье” гэжээ. Түүнчлэн “Би үнэхээр их цочирдлоо. Миний хүндэт анд Барри, Хани Шерман нар нас барсан байдалтай олджээ” гэж Онтарио мужийн Эрүүл мэндийн сайд Эрик Хоскинс олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн байна.

Мөрдөгч Брэндон Прайс Канадын “CBC” сувагт өгсөн ярилцлагадаа одоогийн байдлаар мөрдөгчид Барри, Хани Шерман нарын үхэлд хүчирхийллийн ул мөр байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Цогцоснуудыг бямба гарагт задлан шинжилгээнд оруулахаар шилжүүлжээ.

75 настай Барри Шерман нь Канадын хамгийн баян хүмүүсийн нэг байсан юм. “Forbes” сэтгүүлээс түүний хувийн хөрөнгийг гурван тэрбум ам.доллараар үнэлж байв. Шерманыхан байшингаа таван сая ам.доллараар зарахаар төлөвлөж байжээ.

Барри Шерман 1974 онд “Apotex” компаниа үүсгэн байгуулсан. Түүнийг төрөл төрөгсөд нь ашигтай бизнесээсээ өөрсдийг нь шахан зайлуулсан гэж буруутгаж, нэг бус удаа шүүхээс нөхөн төлбөр авахыг оролдож байсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Шерманы гэр бүл дөрвөн хүүхэдтэй.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн