“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын мэдээлж буйгаар энэ оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 24-ний хугацаанд Мьянмарт лалын шашинт рохинжа 9000 орчим хүн амиа алджээ. Эдгээрээс 730 орчим нь тав хүртэлх насны хүүхдүүд аж. Түүнчлэн 626 мянга гаруй хүн хөрш Бангладеш руу дүрвэсэн байна. “Бид Мьянмарт хүчирхийлэлд өртөж, өдгөө Бангладешт хүнээр дүүрсэн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй лагерьт толгой хоргодож буй хүмүүстэй уулзаж ярилцсан. Тэдгээр хүмүүстэй ярьж байхад гэр бүлийн гишүүн нь хүчирхийллийн улмаас амиа алдсан гэж хэлж буй хүмүүсийн мэдээлэл үнэхээр цочирдуулам байлаа” хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын анагаах ухааны доктор, эмч Сидни Вонг тэмдэглэжээ.