Хүйтний улиралд өглөө эрт сэрнэ гэдэг хэн бүхэнд амаргүй даваа. Өглөө эртлэн босохын ач тусыг магадгүй та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Гэвч дулаан хөнжил, амттай зүүднээс сэрүүлэгний хангинах дуугаар сэрэх нь яг л усан дээр гал түлэх мэт боловч та эртэч болохыг хүсч байгаа бол дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй.
Эрт унт
Та компьютерээсээ салж чаддаггүй шөнийн шар шувуу бол энэ маш хэцүү ч гэсэн нэг зүйлийг сайн бодох хэрэгтэй. Маргааш таны хийх ёстой ажлууд хүлээгээд байж байна. Орондоо эрт ор. Тэгж байж маргааш өглөө эрт босох боломжтой болно.
Өнөөдөр өчигдрөөсөө арай эрт бос
Өглөө эрт босно гээд гэнэт маш эрт босдог болох хэцүү. Үүнийхээ оронд өчигдрийнхөөсөө 10 минутаар эрт босох зарчмыг баримтал. Ингэснээр таны бие болон сэтгэл санаанд хүндрэл учрах нь бага байдаг.
Өглөөний цайндаа эрүүл хүнс хэрэглэ
Өглөө өөрийгөө эрч хүчээр цэнэглэхийг хүсвэл эрүүл хүнс хэрэглээрэй. Эрүүл хоол хүнс нь таныг сульдаахгүй бөгөөд сэтгэл санаанд илүү баяр баясгалан авчирна. Босоод хар кофеноос өөр зүйл хэрэглэдэггүй хүмүүсийг гунигтай сэрдэгт гайхаад байх зүйлгүй билээ.
Дасгал хий
Өглөө хөнгөн дасгал хийхэд таны эрч хүчийг улам нэмэх болно. Дасгалын дараа төрж буй эерэг мэдрэмж, эрч хүчээрээ тухайн өдрийн ажлыг бүтээмжтэй хийж, ямар нэгэн бэрхшээлийг даван туулахад хялбар болно.
Унтах цагийн хуваарьтай бол
Биологийн цагаа бүү март. Өглөө бүр ижил цагт босох хуваарьтай болох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ ажлын өдрүүдэд баримталж бай. Мөн өглөө эрт боссоныхоо цараа өдрийн хийх ажлуудаа бодож төлөвлөөрэй.
Орондоо орохоосоо өмнө өөрийгөө амраа
Унтахынхаа өмнө зурагт үзэх, нөүтбүүк болон бусад ухаалаг төхөөрөмжүүд хэрэглэхээс аль болох зайлсхий. Учир нь эдгээр цахилгаан хэрэгслүүдээс гарч буй долгион таны тархийг ядраадаг. Мөн хэр зэрэг орой болсныг мэдрэхгүй өнгөрөх нь бий. Тиймээс унтахын өмнө цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгаж бай. Ухаалаг төхөөрөмжтэй “наалдаж” суухын оронд ваннтай усанд хэвтэх, зөөлөн хөгжим сонсох замыг сонгоорой.
Өөрийгөө шагна
Маргааш босоод хийнэ гэхээс тэсэн ядан хүлээж буй зүйлтэй бай. Жишээ нь: Уншиж байгаа номныхоо хамгийн сонирхолтой хэсэг, эсвэл сонирхолтой шоу нэвтрүүлгийн дараагийн анги гээд юу ч байж болно. Хамгийн гол нь орноос чинь “татаад” босгох хэмжээний сонирхолтой зүйл байх хэрэгтэй шүү.