Японы Токио хотод байрлалтай “Piala Inc” маркетингийн компани өнгөрсөн есдүгээр сард тамхи татдаг ажилтнуудаас илүү их ажил хийж байна гэсэн тамхи татдаггүй ажилчдын гомдлыг үндэслэн хортой зуршилгүй ажилтнууддаа нэмж 6 хоногийн амралт олгохоор болжээ. Тус компанийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар компани 29 давхарт байрладаг бөгөөд тамхи татахад дор хаяж 15 минут зарцуулдаг гэнэ. Тиймээс тамхи татдаггүй ажилтнууддаа тамхичдын зарцуулдаг цагийг нөхөх зорилгоор амралтыг нь сунгахаар болсон байна.
“Piala Inc” компанийн захирал энэхүү урамшуулал архаг тамхичдыг ч тамхинаасаа гарахад нь түлхэц өгнө гэж найдаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Япон улсын нийт хүн амын 18 орчим хувь нь тамхи татдаг гэнэ.