ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сириэс Оросын дайчдаа гаргах зарлиг гаргалаа. Энэ талаар тэрбээр өчигдөр Хмеймим Оросын агаарын цэргийн баазад очихдоо мэдэгджээ.
Путин Сирид мөргөлдөөн гарснаас хойш анх удаа энэ улсад ирээд байгаа юм. Тэрбээр замдаа Египетэд түр саатаж, Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах ас-Сиситэй уулзсан байна. Путин цэргийн баазад үг хэлэх үеэрээ “Батлан хамгаалахын сайд, Ерөнхий штабын дарга нарт зарлиг болгох нь. Оросын цэргийн бүлэглэлийг байнгын шилжилтийн пунктээс гаргасугай” хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ хэсэгт УАЗ цэргийн автомашинаар хүрэлцэн ирсэн байна. Путин агаарын цэргийн баазад Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Оросын цэргийн бүлэглэлийн командлагч Сергей Суровикин нартай уулзжээ. Энэ үеэр тэрбээр “Та бүхэн ялалттайгаар төрөлх эх орон, эцэг эх, ойр дотныхон, эхнэр, хүүхэд, найз нөхөд дээрээ очиж байна. Эх орон тань та нарыг хүлээж байна, нөхөд өө” гэжээ.
Ингэхдээ Орос руу бүх энхийг сахиулагчдаа буцаахгүй. Хмеймим баазад байрлалтай нисэх онгоцны нисгэгчдэдээ буцааж буй гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Оросын цэргийнхэн дайчдынхаа үлдэж буй хэсгийнхээ Сирийн ард түмэнд энх тайван амьдралыг сэргээн босгоход туслахад гол хүчээр дайчилна гэж мэдэгдэж байсан юм. “Хэрвээ алан хядагчид дахин толгойгоо өндийлгөвөл бид тэдэнд өмнө нь огт амсаж байгаагүй цохилтыг үзүүлэх болно” хэмээх Путин Хмеймим агаарын цэргийн баазал үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
ОХУ Сирид явуулж буй хоёр жил гаруй үргэлжилсэн ажиллагаагаа татахаар болсон тухай мэдээлэл өнгөрсөн сард анх гарч байсан юм. Путин өнгөрсөн сарын 20-нд Сочи хотноо Асадыг хүлээн авах үеэрээ ажиллагаагаа удахгүй дуусгана гэж байв. Ингээд маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 21-нд Путин Иран, Туркийн Ерөнхийлөгчидтэй уулзаж, Сири дэх үйл явц цаашид хэрхэх тухай зөвлөлджээ. Тухайн үед тэрбээр “Сирийн газар нутгийн 98 гаруй хувь нь Засгийн газрын дайчдын бүрэн хяналтад шилжсэн” гэж байв.
Харин өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 6-нд Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Сирийн газар нутагт “Исламын улс” бүлэглэлийг “бут ниргэсэн” тухай мэдээг Путинд дамжуулсан. Энэ өдөр Оросын Ерөнхийлөгч 2018 оны сонгуульд дахин оролцохоор болсноо зарласан билээ.
Шинжээчид Путиныг Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаасаа урьтаж, Сири дэх цэргийн ажиллагаагаа дуусгахыг хичээж байна гэж таамаглаж байна. “Левада-центр”-ээс наймдугаар сард явуулсан санал асуулгаар нийт оролцогчдын 49 хувь нь Сирид Оросын цэргийн ажиллагааг дуусгахыг дэмжинэ гэжээ.
Тиймээс Путин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энхийг сахиулагчийг имижийг өөртөө бүрдүүлэх гэсэн байж болзошгүй гэж ВВС-гийн улстөр судлаач Аббас Галлямов үзжээ.
1 comment
Агуу ард түмэн жинхэнэ удирдагчийг төрүүлдэг ажээ.