ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Тэрбээр өмнө нь ийм шийдвэр гаргах болсноо товчхон зарладаг байв. Харин 2017 онд нэр дэвшиж буй тухайгаа зарлах хэв маяг нь өөрчлөгдсөн байна. Энэ удаад тэрбээр нэг өдрийн дотор хоёр удаа олны өмнө Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж зарлалаа.
Владимир Путин Ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлэх тухай шийдвэрээ албан бусаар нэлээд эрт гаргасан юм. Харин өчигдөр л анх удаа энэ тухай ам нээлээ. Кремльд сүүлийн саруудад энэ зарыг хэрхэн тараах тухай яриа хэлэлцээ явагдсан гэхэд болно. Тухайлбал, хэнд, ямар хэлбэрээр нэр дэвшиж байгаагаа зарлах вэ гэж удаан хугацаанд хэлэлцжээ.
Ийнхүү Путин 17 жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа. Нэг удаа тэр өөрийн залгамжлагч болох Дмитрий Медведевээ сонгуульд дэвшүүлж байгаагаа зарласан. Ингээд ВВС-гийнхан Путиныг Ерөнхийлөгчийн сунгаагаа эхэлснийг хэрхэн, хэзээ, хэнд мэдэгдэж байсныг он дарааллаар нь хүргэжээ.
2000 он: Санкт-Петербургийн улсын их сургууль
Оросын төрийн тэргүүн Борис Ельцин 1999 оны арванхоёдугаар сарын 31-нд огцрохдоо Оросын шинэ Ерөнхийлөгчөөр Владимир Путиныг зарласан. Тэрбээр шинэ жилээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Би явлаа. Би чадах бүхнээ хийсэн. Ингээд би Оросын Ерөнхийлөгчийн үүргийг Засгийн газрын тэргүүн Владимир Путинд оноох зарлигт гарын үсэг зурсан” гэж мэдэгдэж байв. Хуулийн дагуу сонгууль 2000 оны есдүгээр сард болох ёстой байсан ч Ельцин хугацаанаасаа өмнө бууж байгаатай холбогдуулан гуравдугаар сард болгон өөрчилжээ.
Үүнээс өмнө буюу 1999 оны есдүгээр сард Ельцин Путиныг “улс орноо удирдах чадвартай хүн” хэмээн нэрлэж, удахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд болно хэмээн Путиныг Ерөнхий сайдаар тохоон томилж байсан түүхтэй. Тухайн үед Кремль “Нэгдмэл” хөдөлгөөн дээр нэлээд идэвхтэй ажиллаж байсан юм. Энэ хөдөлгөөн нь Путиныг сонгуульд дэмжих зорилгоор байгуулагдсан гэж хожим нь Борис Березовский дурссан байдаг.
Харин Путин өөрөө 2000 оны нэгдүгээр сарын 13-нд л Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэдгээ зарласан билээ. Энэ өдөр тэрбээр өөрийнхөө төгссөн Санкт-Петербургийн улсын их сургуулийн хуулийн факультетийн эрдэмтдийн зөвлөлөөс хүндэт гишүүн цол хүртсэн. Тэрбээр “Өнөөдөр би үүнийг төлөвлөөгүй байсан ч энэ баярын уур амьсгалтай үед тавьсан саналыг дуртайяа хүлээн авч, сонгуулийн кампанит ажилд оролцохоор болсноо хэлмээр байна” хэмээн мэдэгдэж байжээ.
Оролцсон хэлбэр: бие даасан
Кампанит ажлын үргэлжилсэн хугацаа: 73 өдөр
Сонгуулийн үр дүн: 53.00 хувь
2003 он. Ард түмэнтэй хийх “Шууд утас”
Путин Ерөнхийлөгчөөр ажиллаж байх эхэн үедээ төрийн албаны хөлсний менежерийн байр суурьтай харагддаг байсан ч төрийн тэргүүнээр ажиллах хугацаа дуусах үед үндэсний удирдагч, “Ард түмний Ерөнхийлөгч” байр сууринаас өөрийгөө харагдуулах нь нэмэгдсэн байна. 2001 оноос эхлэн тэр жил бүр шууд эфирээр “шууд утас” ажиллуулж, иргэдийн асуултад хэдэн цагийн турш хариулдаг болсон юм. Энэ шууд утсын үргэлжлэх хугацаа жил ирэх тусам өсөж байв.
Яг ийм теле эфирийн үеэр тэрбээр Краснодарын иргэн Валентина Алексеевнагийн асуултад хариулахдаа хоёр дахиа нэр дэвшинэ гэж мэдэгдсэн билээ. “Би энэ мэдэгдлийг ойрын өдрүүдэд хийе гэж төлөвлөж байсан. Тэгээд ч миний албан ёсны кампанит ажил дөнгөж эхэлж байна. Мэдээж олон асуулт байгааг мэдэж байгаа. Миний хариулт бол итгэлтэйгээр “Тийм ээ, би ойрын хугацаанд нэрээ дэвшүүлнэ” гэж хэлэх байна” гэжээ. Сонгууль 2004 оны гуравдугаар сарын 14-нд болсон юм.
Оролцох хэлбэр: бие даасан
Кампанит ажлын үргэлжилсэн хугацаа: 87 өдөр
Сонгуулийн үр дүн: 71.31 хувь
2007 он. Залгамжлагч Дмитрий Медведевтэйгээ Кремльд уулзав
Путин гурав дахиа нэр дэвшиж чадаагүй. Үүнийг Оросын Үндсэн хуулиар хориглодог. Гэхдээ тэрбээр дараагийн дөрвөн жилд улс орныг хэн удирдах вэ гэдгийг зарлах сүүлчийн үгээ хэлэх ёстой байв. 2007 оны турш засгийн эрхэнд хоёр шадар сайдын хооронд “залгамжлагчдын өрсөлдөөн” шууд бус байдлаар явагдаж байсан гэхэд болно. Энэ бол Дмитрий Медведев, Сергей Иванов хоёрын дунд болсон чимээгүйхэн өрсөлдөөн юм. Дмитрий Медведев үндэсний төслийг гарган ирж, инновацийн талаар ярьж байсан бол Сергей Иванов БХЯ, цэргийн аж үйлдвэрийн цогцолборын асуудлыг хөндөж, Дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийг хөгжүүлж байв. Ингээд далд ажиллагаа албан ёсоор зарлах хүртэл үргэлжилсэн гэхэд болно. Эхэндээ хэнийг Ерөнхий сайдаар зарлана, тэр Путиныг залгамжлагч болно гэж харж байв. Гэтэл 2007 оны намар Путин Виктор Зубковын Засгийн газрын тэргүүнээр томилжээ.
Эцэст нь 2007 оны арванхоёрдугаар сарын 10-нд Думын сонгууль болсны дараа Путин Кремльд Медведев болон “Нэгдмэл Орос”-ын Борис Грызлов, “Шударга Орос”-ын Сергей Миронов, “Хөдөө аж ахуйн нам”-ын Владимир Плотников, “Иргэний хүч”-ийн Михаил Барщевский гэсэн дөрвөн намын тэргүүнтэй уулзаж, энэ дөрвөн намаас Медведевийг сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон байна.
“Дмитрий Анатольевич Медведевийг нэр дэвшүүлж байгаа нь би түүнийг мэддэг болоод 17 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Би түүнийг нэр дэвшүүлэхийг бүрэн дэмжиж байна” хэмээн Путин мэдэгдэж байжээ. Сонгууль 2008 оны гуравдугаар сарын 2-нд болсон.
Дмитрий Медведевийн оролцсон хэлбэр: “Нэгдмэл Орос”-оос нэр дэвшсэн
Кампанит ажлын үргэлжилсэн хугацаа: 83 өдөр
Медведевийн сонгуульд үзүүлсэн үр дүн: 70.28 хувь
2011 он. Лужникт болсон “Нэгдмэл Орос”-ын их хурал
Медведев дөрвөн жил Ерөнхийлөгч байх хугацаандаа дараагийн Ерөнхийлөгч дөрөв биш, зургаан жил ажиллах ёстой гэсэн шинэ хууль гаргажээ. Гэвч энэ хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Путин ч тэр, Медведев ч тэр, аль нь дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэдгийг ярилцаагүй юм.
Харин нууц ажиллагаа есдүгээр сарын 24-нд болсон “Нэгдмэл Орос”-ын их хурлаар шийдэгдэв. Путин, Медведев хоёр тайзан дээр гарч ирээд намынхаа хэдэн зуун гишүүний өмнө төлөвлөгөөгөө зарласан байна. “Их хурлаар намын дарга Владимир Путиныг Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжих нь зүйтэй гэж би үзэж байна. Энэ алга ташилт надад Владимир Владимирович Путиныг ямар туршлагатай, ямар нэр хүндтэй гэдгийг тайлбарлахгүй байх эрхийг олгож байна” хэмээн тухайн үед төрийн тэргүүнээр ажиллаж байсан Медведев мэдэгджээ. Харин Путин Медведевт Ерөнхий сайдаар ажиллах санал тавьсан байна.
Путин их хурлаар цаашид ажиллах тухай бүх хэлэлцээртээ хүрсэн гэж мэдэгджээ. Нэгэн ил болсон ярианаас үзэхэд Медведев тэр хоёр 2011 оны наймдугаар сард хамтдаа загасчилж байхдаа эцсийн тохироогоо хийсэн гэнэ.
Путины хувьд энэ бол Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурав дахь тохиолдол байсан. Үүний улмаас түүнийг Үндсэн хуулийг зөрчиж байна гэж олон хүн шүүмжилж эхэлжээ. Тус улсын Үндсэн хуулийн 81 дүгээр зүйлд “Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн албыг нэг хүн хоёроос дээш удаа дараалан хашихыг хориглоно” гэж заасан байдаг. Харин Путин ч, Путиныг нэр дэвшигчээр бүртгэж авсан Сонгуулийн төв комисс ч түүнийг хуулийн дагуу нэр дэвшсэн гэж үзэж байв. Яагаад гэвэл тэр хоёр дараалан Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Дараа нь дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажиллаагүй. Тиймээс дараагийн удаа нэр дэвшиж байгаа нь анхныхад тооцогдох гэнэ. Шүүмжлэгчид Үндсэн хуульд Ерөнхийлөгчид ерөнхийдөө хоёр удаа л ажиллаж болно гэж хязгаарласан гэж маргаж байв. Тухайлбал, тэд Үндсэн хуулийн шүүхийн 1998 оны тогтоол болох “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр байх нь Үндсэн хуулийн дээд хязгаар” гэдгийг баримталж, эсэргүүцэж байлаа.
Оролцсон хэлбэр: “Нэгдмэл Орос” намаас нэр дэвшсэн
Кампанит ажлын үргэлжилсэн хугацаа: 162 хоног
Сонгуулийн үр дүн: 62.6 хувь
2017 он. ГАЗ автомашины үйлдвэрийн 85 жилийн ой
Путин энэ оны турш шинээр нэр дэвших үү гэсэн асуултаас бултаж байсан юм. Тэрбээр улс төрийн мэдэгдэл хийж, анхны хүүхдэд материаллаг дэмжлэг үзүүлэхээ амлаж, сонгогчдын янз бүрийн бүлгийнхэнтэй уулзалт хийж байв. Харин Кремлээс кампанит ажлаа эхлүүлж байгаагаа зарлах нь буруу гэж үргэлж мэдэгдэж байлаа.
Харин энэ сарын эхнээс л түүнийг арванхоёрдугаар сарын 6-нд нэрээ дэвшүүлж байгаагаа зарлана гэсэн яриа гарах болсон юм. Энэ өдөр Ерөнхийлөгч хоёр уулзалт төлөвлөөд байлаа. Эдгээр нь Москвагийн “Мегаспорт” спорт цогцолборт болох сайн дурынхны форум, Нижний Новгородод ГАЗ автомашины үйлдвэрийн 85 жилийн ойн арга хэмжээ юм. Харин Путин залуус, ажилчдаас ажилчдыг нь сонгожээ.
Эхлээд сайн дурынхны форумын үеэр Путинд нэр дэвших эсэх тухай асуулт ирсэн юм. “Оны шилдэг сайн дурын этгээд” шагналыг хүртсэн Байгал нуурыг хамгаалах олон нийтийн хөдөлгөөний удирдагч Максим Токарев гэгч залуу Путинээс сонгуульд оролцох эсэхийг асуужээ.
Путин ч асуултад нь асуултаар хариулсан байна. Тэрбээр иргэдийн дэмжлэгийг харж байж шийдвэр гаргах хэрэгтэй гэжээ. “Хэрвээ би ийм шийдвэр гаргавал тантай сэтгэл санаа ойр хүмүүс энэ шийдвэрийг дэмжих үү?” хэмээн Путин асуухад заал дүүрэн “Тийм ээ” гэж хариулсан байна. “Тэгвэл би бодож үзээд, ойрын хугацаанд шийдвэр гаргана аа” хэмээн Путин хэлжээ.
Ингээд Ерөнхийлөгчид дөрөв дэх удаагаа нэр дэвших асуудлаа шийдвэрлэхэд хоёр цаг хагас орчмын л хугацаа болжээ. Оройн таван цагийн үед түүнд дахин энэ асуултыг тавьсан байна. Энэ удаад ГАЗ үйлдвэрийн ажилчид түүнээс асуужээ. Тус үйлдвэрийн ахлах мастер Артем Баранов “Шийдвэрээ зарлаж, бидэнд бэлэг бариач. ГАЗ-ынхан таныг дэмжиж байна” хэмээн хэлэхэд заал даяар “ГАЗ-ынхан таныг дэмжиж байна! ГАЗ-ынхан таныг дэмжиж байна” хэмээн хашхирсан байна.
Ингээд Путин оролцогчдын халуун алга ташилт дор “Энэ тухай зарлах хамгийн шилдэг газар үүнээс өөр байхгүй байх. Тийм ээ, би нэрээ дэвшүүлэх болно” хэмээн хариулжээ. Сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болно.
Оролцох хэлбэр: тодорхойгүй
Кампанит ажлын үргэлжлэх хугацаа: 102 өдөр
Сонгуулийн үр дүн: тодорхойгүй