Өмнөд Солонгос улс БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг устгах тусгай отряд байгуулахаар болжээ. Энэ тухай “Коммерсантъ” сонинд мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын удирдлагууд тус улсын 2018 оны батлах хамгаалах төсөвт Ким Чен Уныг устгахад зориулсан зардал гэж албан ёсоор оруулсан гэнэ. Энэ дагуу 340 сая вон буюу 310 мянган долларыг мянган хүний бүрэлдэхүүнтэй отрядын сургуулилт, зэвсэг, тоног төхөөрөмжид зориулан гаргахаар болжээ. Уг отрядын гол зорилго нь Хойд Солонгосын удирдагчийг устгах юм.
Энэ отряд нь Америкийн SEAL Team Six отрядын хөтөлбөрөөр сургуулилт хийх юм байна. Америкийн энэ отряд нь олон улсын алан хядагч Осама бин Ладеныг устгаж байсан түүхтэй. Өмнөд Солонгосын талаас энэхүү отрядын зардлыг алгуурхан нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
БНАСАУ-ын засаг захиргаа өнөөдөр (2017.12.07) Солонгосын хойгт дайн болохоос зайлсхийх аргагүй гэж мэдэгдсэн билээ. АНУ, Өмнөд Солонгосын явуулсан цэргийн сургуулилт, түүнчлэн Вашингтоны эрх бүхий албан тушаалтнуудын мэдэгдэл нь БНАСАУ-д цохилт өгөх бэлтгэлийг гэрчилж байна гэж Хойд Солонгосын ГХЯ-наас мэдээлсэн байна. Пхеньяны хувьд дайныг хүсээгүй ч түүнээс нуугдаж, зугтахгүй гэжээ.