АН-ын дотоод зөрчилд цэг тавигдах хүртэл хугацаа байгаа бололтой. УИХ, Нийслэл болон орон нутгийн сонгуулиас хойш тасралтгүй явагдсан АН-ын фракц хоорондын тэмцэл яг одоо намын шинэ дарга С.Эрдэнийг буланд шахах оролдлогоор үргэжилж байна.
Намын их хурал нь АН-ын дүрэмд орох өөрчлөлтийг баталсан ч С.Эрдэнэ даргатай шинэ удирдлагын баг энэ дүрмийг өөрсдийнхөө үзэмжинд тааруулж засварласан. Удахгүй санал хураалт нь болох аймаг, нийслэл, сум дүүргийн намын даргын сонгуульд нэр дэвшигчдээс ихээхэн хэмжээний мөнгийг дэнчин хэлбэрээр авахаар болсон. Энэ нь намын эрх мэдлийг мөнгөөр худалдаж авч, улс төрийн намыг нэг хүнээс хараат болгож байгаа явдал гэж үзсэн АН-ын гишүүдийн эсэргүүцэл өчигдрөөс (2017.03.15) нэлээн ширүүсэв.
Улсын дээд шүүх АН-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэдэг үндэслэлээр татгалзсан нь тус намын гишүүдийг нэлээн идэвхжүүлсэн бололтой.
С.Эрдэнийг Улсын дээд шүүхэд дүрмийн заалтаа аваачиж батлуулахаас өмнө ниссэн гишүүдийнх нь шургаа ийн “бай”-гаа оносон бол АН-ын дарга “Их хурлаараа баталсан зөрчилгүй дүрмийн заалтыг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзаж байгааг ойлгосонгүй” гэсэн ядмагхан тайлбарыг албан ёсоор өгөөд байна.
Гишүүдийнхээ нэхсэн асуултад товхийсэн хариулт өгч чадаагүй С.Эрдэнийн сул тал дээр юуханыг ч улстөржүүлж, хөөсрүүлж чаддаг АН-ын гишүүд ядах юмгүй тоглох шалтгаан болж өгч байгаа бололтой. Өчигдөр түүнийг хэвлэлийн хурал хийсэн танхимаа бараг орхин гарч амжаагүй байхад АН-ын намынх нь нөхөд Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг хуралдуулахыг шаардаж эхэлжээ. Энэ аян өнөөдөр ҮЗХ-г хуралдуулахыг дэмжсэн гишүүдийн гарын үсэг цуглуулах аян болж өрнөсөн байна.
Шинэ дарга С.Эрдэнийн баг одоохондоо ҮЗХ-ны “атганд” байгаа. Шинэ баг энэ хороог Үндэсний бодлогын хороо гэдэг нэрээр өөрчилж, гишүүдийг нь шинээр сонгох, ажил нь яг одоо ид явагдаж байгаа дотоод сонгуулиар зохицуулагдах байсан юм.
Зөвхөн Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөгийн дэнчин төлж байгаа бол Нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад өрсөлдөгч 15, дүүргийн намын дарга горьдогч 20 сая төгрөгийг сонгуулийн хураамж болгон төлж буй. Энэ их татаас, дэнчинг төлөхөд хүнд байна хэмээн бухимдаж байгаа АН-ын гишүүдийн ҮЗХ-г хуралдуулах гэсэн давалгаа нэлээн эрчтэй явагдаж мэдэхээр болжээ.
Ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорсон байна. Яг одоо гуравдугаар сар хэдийнэ дундаа ороод явж байгаа. Үлдэж байгаа хугацаанд АН дотоод маргаанаа яаж ийгээд шийдэх нь шийдэх байх.
Харин энэ их хэрүүл тэмцэл нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид жинхэнэ “садаа” болж магадгүй байна. Эрх барьсан ч, энгийн номхон байсан ч дотооддоо хэзээ ч ойлголцож чаддаггүй гэсэн нэг ийм саарал имиж ирэх сонгуулиар АН-ыг нэр дэвшигчтэй нь дахиад л татаж унагаахад гайхах юм огт алга.
Д.ХАЛИУН
3 comments
АН ЗАДАРНА .АЛУУРЧИН ДАРГАТАЙ НАМ ГЭЖ БАЙДАГГҮЙМ. БИД ЗАДЛАНА ГЭДГЭЭ АМЛАЯ. ЭЛБЭГДОРЖИЙН,ШОНХОРЫН НАМ ГЭЖ ЮУ БАЙСИЙ
VZH huralduulakh ni zuitei. Uhaantai baigaarai ard tumen mini. Aimag, duurgiin namiin horoonii dargad dandaa shonhoriin ugui bol bayangoliinhon neree devahuulchikhsen tuuj yawna lee…
яг үнэн алуурчн даргатай нам байдаггүй юмаа