Америкийн нэгэн сувгийн реалити-шоуны үеэр жүжигчин Стивен Сигал олноос үргэлж нууцалдаг эхнэр, хүүгээ танилцуулж, олныг гайхшируулсан түүхтэй. Тэрбээр монгол бүжигчин Б.Эрдэнэтуяа гэгч бүсгүйтэй ханилан суугаад гурван жил болсон бөгөөд хүү нь өдгөө ой хоёр сартай гэж байлаа.
Сигал эхнэртэйгээ найман жилийн өмнө Монголд ирэхдээ танилцсан гэнэ. Хүүдээ Күнз хэмээх нэр хайрлажээ. Энэ бол жүжигчин эрийн гурав дахь гэрлэлт юм. Түүний хувьд өмнөх хоёр гэрлэлтээсээ таван хүүхэдтэй. Сигал өтөл насандаа аав болсондоо дуртай байгаа гэнэ.
Тэгээд ч түүнд гэр бүл, зураг авалт, Луизиана мужийн Жефферсон тойргийн шерифийн орлогчийн үүргийг хаших бүхий л ажлыг амжуулах хангалттай эрч хүч бий. Сигалын гэр бүл Жефферсон тойрогт жил гаруйн хугацаанд амьдарч байгаа юм. Энэ тойрог тайван амгалангаараа алдартай, тулааны урлагийн алдарт мастер Стивентэй гэмт хэрэгтнүүд ч орооцолдохоос эмээдэг биз.
Түүнчлэн алдарт жүжигчин, Оросын шинэ иргэн Стивен Сигал саяхан Орост Андрей Малаховын “Пусть говорят” нэвтрүүлгийн зочноор оролцжээ. Тэрбээр студид эхнэрээ дагуулан ирэхэд оросууд гэргийнх нь гоо үзэсгэлэнг биширч гүйцжээ.
Нэвтрүүлгийн үеэр эхнэр Б.Эрдэнэтуяа нь анх нөхрөө хараад л ямар царайлаг залуу вэ гэж бодсон ч нөхөр нь болно чинээ зүүдлээ ч үгүй гэнэ.
Нэвтрүүлгийн үеэр үзэгчдэд жүжигчин болон түүний эхнэр, хүүгийн гэр бүлийн бичлэгийг харуулсан байна. Хүү нь одоо долоон настай, эцгийнхээ замналыг дагаж, дорнын тулааны урлагаас хичээллэж эхэлжээ. Гэргийнх нь хэлж буйгаар анх харахад хатуу, чанд, захирангуй, хаалттай мэт Стивен Сигал гэртээ огт өөр хүн гэнэ. “Тэр дотроо маш зөөлөн, дулаан хүн. Тэр кинон дээр гардаг шигээ зүйлийг огт хийх гэж оролддоггүй, хэзээ ч над дээр тулааны сургуулилт хийж байгаагүй” хэмээн эхнэр нь өгүүлжээ.
Дашрамд тэмдэглэхэд Оросын үзэгчид энэ нэвтрүүлгийг үзээд Сигалын эхнэрийн дур булаам, үзэсгэлэн төгөлдөрийг гайхан биширсэн байна. Нэвтрүүлэг интернэтэд цацагдсаны дараа эелдэг зөөлөн монгол бүсгүйн тухай магтаалтай сэтгэгдлүүд урсаж эхэлжээ. Тухайлбал “Сигалын эхнэр үнэхээр хөөрхөн юм аа. Гоолиг, жижигхэн, яг л хүүхэлдэй мэт” хэмээн магтжээ.
1 comment
ХАХА, БАЙДАГ Л НЭГ БЭЛЭН БОР БАЙНА Ш ДЭЭ.