Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай цөөн хором ярилцлаа.
-ИПОТЕКИЙН 8 ХУВИЙН ЗЭЭЛ ЗОГСОХГҮЙ-
-Ипотекийн 8 хувийн зээл ерөнхийдөө зогсонги байдалд орлоо. Цаашид хэвийн үргэлжлүүлэх үү гэсэн хүлээлт үүсээд байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ зээл зогсохгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Гэвч банкны шаардлагыг давж, зээл авах иргэд тун хомс байгаа юм. Энэ нь ипотекийн зээл зогссон мэт ойлголтыг иргэдэд өгч байна. Найман хувийн зээлийн хувьд удаашралтай байгаа нь 30 хувийн босгоо давж орон сууцны зээл авах хүмүүс нь дууссан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, зээлийнхээ 30 хувийг урьдчилан төлөх боломжтой иргэд нь ханасан. Тэгэхээр нэг бол 30 хувийн босгыг бууруулах, эсвэл ТОСК-иас гаргаж буй Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлэгт хүргэх зэрэг боломжуудыг судалж байна. Энэ оны хувьд 10 мянга орчим айл орон сууцтай болно гэсэн тооцоо байгаа. Ирэх оны хувьд энэ тоог бууруулахгүйгээр хамгийн багадаа 15 мянган айлыг орон сууцжуулах боломжийг эрэлхийлж байгаа.
-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанк хариуцдаг байсныг Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүлсэн. Эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа нь үнэн. Эргэн төлөлтөөр гэхэд 200 гаруй тэрбум төгрөг бий. Ирэх оны төсөвт 120 гаруй тэрбум төгрөг гэж үзвэл 320 гаруй тэрбум төгрөг нь л байна. Жилдээ дунджаар 10 мянга орчим айлыг орон сууцжуулна гэж үзвэл 700 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэгэхээр 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр олох шаардлага тулгарч байна. Иймд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн журмыг шинэчлэх Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогийн хэрэгжиж байгаа ипотекийн журам арилжааны банк талдаа ашигтай ч иргэдэд үр ашиг нь бага байгаа юм. Үүнийг өөрчилнө. Одоо зөвхөн байрны урьдчилгаа төлөх боломжгүй иргэд л үлдсэн гэдгийг дахин хэлмээр байна. Тиймээс урьдчилгаа төлбөрийг банкаар дамжуулж бус, шууд иргэдэд олгох боломжийг судалж байна. Шинэчилсэн журмыг энэ ондоо багтааж танилцуулна. Одоо ипотекийн зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр явуулж байгаа. Тэд өөрийн хөрөнгөөр зээл олгож, түүнийгээ ипотекийн корпорацид худалдах зарчмаар явагдаж байна. Тиймээс арилжааны банкууд өөрийн шаардлага нөхцлийг тулгах нь ойлгомжтой.
-Урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгож бууруулах боломж бий юу?
-Шууд буулгах боломжтой гэж хэлж болохгүй. Энэ талаар ажлын хэсэг байгуулаад судлах болно.
-Ипотекийн зээлийн багцыг гадаад зах зээлд гаргаж бонд босгох боломж бий юу?
-Ипотекийн зээлийг 2003 оноос хойш олгож эхэлсэн. Энэ хугацаанд 4 их наяд төгрөг хуримтлагдсан байдаг. Үүнээс 1.9 их наяд төгрөг нь орон сууцаар барьцаажуулсан бондын хэлбэртэй байгаа юм. Энэ мөнгийг хоёр дахь зах зээлд гарган арилжаалж хөрөнгө босгох боломжийг судалж байна. Одоо эргэн төлөлтөөсөө зээлийн эх үүсвэрийг гаргаж байна. Цаашид гадны хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судална.
-ЗАХЫН ГЭР ХОРООЛЛУУДАД ОРОН СУУЦНЫ БИЧИЛ ТӨВ БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-
-Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийг орон сууцжуулах бодлого маш чухал. Энэ хүрээнд цаашид ямар ажлууд хийх вэ?
-Энэ асуудлыг бид судалж байгаа. Яамны зүгээс иргэдийг орон сууцжуулах чиглэлд хоёр том асуудал шийдэхээр ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байна. Гэр хорооллыг орон сууцжуулах гэхээр тулгардаг хамгийн том бэрхшээл нь дэд бүтэц, инженерийн шугамын асуудал байдаг. Тиймд захын гэр хорооллуудад орон сууцны бичил төвүүд байгуулахаар ажиллаж байна. 200 айлын дунд цэвэр бохир ус, халаалтын бүх асуудлыг шийдсэн төвтэй болно. Энэ ажлыг БНХАУ-ын хоёр тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хийхээр төлөвлөж байна.
-зах зээлд борлогдохгүй байгаа 30-40 мянган орон сууцыг гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг судалж болдоггүй юм уу?
-Бид эхний ээлжинд олон улсын туршлагыг судалж үзээд, Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар ажиллаж байна. Зорилтот эмзэг бүлгийн иргэд болон төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцанд хамруулах нь хамгийн оновчтой арга гэж харж байгаа.
-Тэгвэл түрээсийн орон сууцны тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй юм биш үү?
-Энэ асуудлыг судалж, холбогдох албаныхан хамтран ажиллаж үнэхээр ийм боломж бий эсэхийг судалж байгаа. Яамны зүгээс мэдээж хамгийн боломжит хувилбар сонгохын тулд л ажиллаж байна. Эхний ээлжинд хамгийн боломжтой гаргалгаа нь үнэхээр Түрээсийн орон сууц гэдэгтэй санал нийлж байгаа. Тиймээс л зорилтот бүлгүүдээ эхлээд орон сууцжуулах шаардлага байна.