Налайх дүүрэгт ашигт малтмалын тусгай хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрээс зургаа нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авчээ. Үүнээс зөвшөөрөлгүй 100 гаруй ам, цооногт 1000 орчим хүн ажилладаг байна. Өнгөрсөн онд 12 уурхайчин амиа алдсан байна. Тус дүүргийн хоёрдугаар хороо Нарлаг орчмын тусгай хамгаалалттай газарт иргэд зөвшөөрөлгүй уурхайн ам нээж ажиллуулах болсон аж. Энэ газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг аж. Хуулийн дагуу уурхайн ам төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд байрладаг юм байна. Мөн ойр орчмын айлуудын байшинд цууралт өгч эхэлсэн гэдгийг оршин суугчид хэлж байгаа аж. Иймд өнөөдөр (2017.03.16)-наас эхэлж дээрх зөвшөөрөлгүй уурхайн амыг хааж эхэлсэн байна.
Эхний ээлжинд энэ хэсгийн уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, “УБЦТС” ХК-ийн Налайх түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран бүрэн зогсоож, 20 гаруй ам цооногуудыг булах, нөхөн сэргээлт хийх зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж эхэлжээ. Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайг хааж, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.