Биткойны ханш олны анхаарлыг татсаар байна. Арваннэгдүгээр сарын 29-нд биткойны ханш дээд түвшиндээ хүрч, 11377 ам.доллар болсны эцэст орой нь 2000 гаруй ам.доллараар буурч, 9290 ам.доллар болжээ. Ийнхүү ханш нь 25 хувиар унасан тухай биржийн мэдээлэл баталж байна. Харин өчигдрөөс 10 мянган ам.доллараас дээш ханштайгаар борлуулагдаж эхэлжээ.
Ерөнхийдөө дэлхий дахинаа хамгийн алдартай криптовалютын ханш өнгөрсөн арваннэгдүгээр сард 4.5 мянга гаруй ам.доллараар нэмэгдсэн юм. Харин энэ он гарснаас хойш 10 дахин өсчээ. Энэ долоо хоногт биткойн түүхэн дээд түвшиндээ хоёр удаа хүрч, эхлээд 10 мянга байсан бол дараа нь 11 мянган ам.доллар болж нэмэгджээ.
Тэгвэл биткойны талаар Нобелийн шагналтнууд, хөрөнгө оруулагчид, эдийн засагчид, банкирууд юу гэж боддог бол. Энэ тухай ВВС-гийн нийтлэлийг хүргэж байна.
Биткойны ханш энэ долоо хоногт хоёр ч удаа дээд амжилт тогтоолоо. Арваннэгдүгээр сарын 29-нд биткойныг 10 мянгаас дээш ам.доллараар худалдаалж эхэлсэн байна. Энэ бол криптовалютын үнэ таван оронтой тоонд гарсан анхны тохиолдол юм. Гэвч үүгээр сюрприз дуусаагүй бололтой. Маргааш өдөр нь энэ амжилт дахин эвдэгдэж, өглөөнөөс эхлэн биткойны ханш 11 мянган ам.долларыг давсан юм. Ингээд нийт 191 тэрбум орчим ам.долларын хөрөнгө болжээ.
Энэ нь их үү, бага уу? Харьцуулаад үзье л дээ. Энэ бол Орос, Саудын Араб, Энэтхэг улсын 2016 оны цэргийн төсөвтэй ойролцоо гэж SIPRI-д мэдээлжээ. Эсвэл “Forbes” сэтгүүлийн жагсаалтаар Оросын хамгийн баян 200 бизнесмэний нийт хөрөнгийн 40 хувь гэсэн үг. Бүр нарийн яривал, “Frobes”-ын дэлхийн баячуудын жагсаалтад нэг, хоёрдугаар байрт ордог Билл Гейтс, Уоррен Баффет нарын нийт хөрөнгөнөөс 23 тэрбумаар илүү гэсэн үг.
Тэгвэл биткойн өссөн нь юутай холбоотой вэ? Шинжээчид үүнийг Чикагогийн CME Group бирж оны эцэс хүртэл биткоинд фьючерс (тодорхой нэр төрлийн стандартчилагдсан бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ) гаргах төлөвлөгөөтэй байгаатай холбож байна. Тэд энэ сарын хоёр дахь долоо хоногоос фьючерс гаргахаар болсон бөгөөд энэ тухайгаа өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр зарласан билээ.
Ийм фьючерс гарсны дараа криптовалютын зах зээлд маш чухал бизнесийн мөнгө орж ирнэ гэсэн хүлээлт байна. Биткойнд фьючерс байгуулна гэдэг энэхүү активт хөрөнгө оруулах замыг нээж буй чухал алхам гэж “Blockchain Capital”-ын шинжээч Спенсер Богарт “Bloomberg” агентлагт мэдээлжээ. Эдгээрт хөрөнгө оруулалтын сан, банкууд багтах юм. Одоогийн байдлаар биткойнд ийм компаниас оруулах хөрөнгө оруулалт тун бага байгаа юм. Учир нь тэдэнд криптовалютад хөрөнгө оруулах боломж тун бага гэж Богарт тайлбарлажээ.
Арваннэгдүгээр сарын 11-нд Швейцарийн “Vontobel” хувийн банк Швейцарийн санхүүгийн биржид мини фьючерсын худалдаа гаргаж байгаагаа зарласан. Мэдээж ингэснээр биткойны ханшийн уналтаар мөнгө олох боломж бүрдэх юм.
Тэгвэл Йелийн их сургуулийн профессор, 2013 онд Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн Роберт Шиллер үнэ нь өсч буй биткойн бол зүгээр л хөөсрөлт хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ лхагва гарагт Оросын эдийн засгийн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ криптовалютын нэр хүнд хүмүүсийн сэтгэлзүйн онцлогоос болдог хэмээн тайлбарлажээ. Москвагийн Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн урилгаар Орост ирсэн тэрбээр “Намайг хүмүүстэй биткойны талаар ярилцах үед хүмүүсийн идэвх сэргэдэг болохыг би ажигласан. Тэдний нүд хэрхэн гялалзаж, гялтганаж байгааг би хардаг. Хүмүүс биткойнд дуртай” гэжээ.
Гэхдээ криптовалютын сэдвийг сонирхдог ихэнх хүмүүс түүний ажиллах үндэс, технологийг бүрэн ойлгоогүй байдаг хэмээн Шиллер хэлсэн байна. Хүмүүс биткойнд хөрөнгө оруулж буй нэг шалтгаан нь эдийн засаг, технологийн хөгжлийн үед робот, хиймэл оюун ухаан хүмүүсийг орлоно гэсэн айдастай холбоотой гэнэ. Шиллер “Энэ үнэхээр хачирхалтай. Бүгд л энэ тухай сонсож, бүгд үүнд санаа зовдог” хэмээн хэлжээ. Энэ айдас ялангуяа биткойныг сонирхдог залуусын дунд тархсан гэнэ. Түүнчлэн биткойн нэр хүндтэй болж буйд сэтгэл хөөрлийн байдал ч нөлөөлдөг гэнэ. Биткойн яг л “гайхалтай” гэдэг үг шиг сонсогддог болсон тухай Шиллер үргэлжлүүлэн ярьжээ.
Тэгвэл биткойны ханш болоод криптовалютад шинжээчид хэрхэн хандаж байгаа талаарх санаа бодлоо “ВВС”-ийнхэнд ийнхүү илэрхийлжээ.
“Galaxy Investment Partner” хеж-санг үүсгэн байгуулагч, тэрбумтан Майк Новограц:
“Хөөс, маш их хөөсрөл. Энэ бол манай цаг үеийн хамгийн том хөөсрөл байх болно”. /Bloomberg/
“Биткойн 2018 оны эцэс гэхэд 40 мянган долларт хүрч магадгүй. Тэгэх бүрэн боломжтой… Мөнгөний асар их урсгал явж байна. Зөвхөн энд ч бус, дэлхий дахинд” /CNBC/
Йелийн их сургуулийн профессор, Нобелийн эдийн засгийн салбарын шагналтан Роберт Шиллер:
“Би криптовалютад харагдаж байгаа шигээ тийм ч таагүй ханддаггүй. Гэхдээ биткойн одоо хөдөлж байгаа цагт бусад хөөсрөл хамт л явна. Энэ бол түүх. Ямар түүх гээж? Сатоши Накамото (энэ хүнийг биткойныг зохиосон гэдэг) нэгэн агуу нийтлэл бичээд (энэхүү нийтлэлдээ тэрбээр цахим мөнгөний төвлөрсөн бус системийг дүрсэлсэн) алга болсон. Энэ хүн одоо хаана байна вэ? Бидэнд мөнгөний шинэ хэлбэр байна… Үнэхээр хувьсгалч сонсогдох байх л даа. Гэхдээ криптографикийг маш нарийн хэрэглэх хэрэгтэй. Энэ бол түүх, залуу хүмүүс, идэвхтэй хүмүүсийн урам зоригийг сэргээж, энэ зах зээлийг хөдөлгөж буй түүх юм. Гэхдээ энэ бол суурь хүчин зүйлс биш. Бид биткойныг маргааш гэхэд хагарч, үүрд алга болох зүйл гэсэн утгаар хэлээгүй шүү. Би үүнийг 2013 лнп харж байсан. Үнийн уналт дахиад л болно. Тэгээд дахиад өснө”. /CNBC/
“Tesla”-гийн тэргүүн, үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск:
“Энэ худлаа (өөрийг нь биткойныг үүсгэн байгуулагч гэснийг хэлж байна). Хэдэн жилийн өмнө нэг найз маань надад биткойны нэг хэсгийг явуулж байсан. Гэхдээ би тэр хаана байгааг мэдэхгүй байна” /Twitter/
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин:
“Криптовалютын талаар шоглон хэлэхийг минь зөвшөөрнө биз ээ. Юу вэ гэхээр хэрвээ дэлхий дээр үнэхээр хиймэл оюун ухаан оршин тогтнодог байсан бол, тэр нь энэ ертөнцийг эзлээд, ажиллаад, хамгийн түрүүнд биткойныг зохион бүтээх байсан биз ээ” /РИА Новости/
Сбербанкны тэргүүн Герман Греф:
“Би үүнийг туршиж үзсэн анхны туршлагаа санаж байна. Би хэдэн биткойн худалдан авч, 12 биткойноор нэг футболк авсан юм. Тэр үед биткойн 0.38 ам.долларын ханштай байсан болохоор футболк таван доллар орчмын ханштай байлаа. Харин одоо би энэ футболкоо хадгалах болно. Яагаад гэвэл тэр бол миний хувцасны шүүгээн доторх хамгийн үнэтэй футболк боллоо шүү дээ”. /ТАСС/
“Wikileaks”–ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж:
“Үнэн хэрэгтээ биткойн бол давуу тал, сул талын зөв тэнцвэртэй байдлыг эзэмшсэн валют. Үүгээрээ ийм их алдартай”.
“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс:
“Энэ бол техникийн асар том өсөлт гэж бодож байна. Гэхдээ үүнд Засгийн газрууд давуу үүрэг гүйцэтгэх болно. Биткойн өөрийн хямд байдлаараа сонирхол татаж байна. Биткойн уян хатан, шилжүүлэг хийхэд хялбар, ялангуяа томоохон шилжүүлэг хийх боломжтой зэргээрээ сонгодог валютуудыг давж гарна”.
“Berkshire Hathaway”-ийн ерөнхий захирал, дэлхийн №2 баян Уоррен Баффет:
“Түүнээс холхон л байгаарай. Мөн чанар дээрээ бол энэ нь зэрэглээ. Биткойн нь мөнгийг үр дүнтэй, нэр ус ч үгүйгээ шилжүүлэх арга”.
3 comments
hyatad uls yagaad horison talaar bich dee
Suljeend dontogsdiin teneglel. Suljeend ugsun munguu hed nugaraad yamar biznest orood baigaag harsanuu Ugui uchraas suljeechin suljeenii hohirogch geed bga yum shuude. Ene bitcoini mungu haana hereglej haana bairshdagiin. 100g avaad guilgee hiiy bankind uguud teriigee soliul haana solij guilgee hiij bna.Oron bur undesni valyut munguni bodlogotoi hen durtai suljeechin teriig ugui hiideg bol bitcoind shiljih olon jil ungurluu.Tetgevrin uchra medehgui hedsn hun sariin talhni munguuruu haana uildverlej yund heregleh ni medegdehgui gaduur togloomchdin heregledeg cheton shig yum evch shataj bna.Ulsiin valiutiig luivarchdad zuulguj bna
хаашаа ч хэдийг ч хамаагүй шилжүүлж болдогоороо хууль бус гүйлгээнүүдэд илүү ашигтай юм бн. Хятадууд айхтар болохоороо муу үр дагаврыг нь урьдчилж хараад хориглож байгаа байх. Манайхан шинэ юманд хуйлардгаараа нэг хэсэг дагаж хожих нь хожоод сүүлд нь алдах байх.