“Эрдэнэс таван толгой” (ЭТТ) ХК-ийн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар эдийн засагч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар нэгджээ. Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, ЭТТ-н санхүүгийн байдлыг танилцуулав. Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигчид буюу 1072 хувьцааны эзэд болон тус компанийн хувьцааг худалдан авсан, дотоодын ААН-үүдийн эрх ашгийг хэрхэн зөрчсөнийг онцоллоо.
Санхүүгийн үзүүлэлтүүд
ЭТТ 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагаддаг. Үүнийг орон нутгийн буюу жижиг ТТ-н зардалтай харьцуулбал 51 хувь, Энержи ресурсынхаас 106 дахин өндөр.
2011 оноос хойш нийт 24.2 сая тонн, сайн чанарын нүүрсийг сорчилж олборлосон. Хэрэв энэ барга барилаар үргэлжлүүлэн ажиллабал уурхайн үр ашигтай нөөц 8 жилийн дараа дуусна.
Компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн.
Нийт зээл нь 822 тэрбум төгрөг бөгөөд үүний 70 хувийг Хөгжлийн банкны зээл бүрдүүлж байна. Чалкогийн өр нийт зээлийн наймны нэгийг эзэлдэг.
Эдгээр баримтыг ЭТТ компанийн ТУЗ-д танилцуулсан тул найдвартай, үнэн зөв мэдээлэл гэдгийг Л.Наранбаатар онцоллоо. ЭТТ ХК тул санхүүгийн бүх үзүүлэлт нь олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Гэвч 2016 оны хоёрдугаар улирлаас хойш буюу МАН шинэ удирдлагууд томилсноос хойш цахим хуудсандаа мэдээллийг нийтлэхээ зогсоосон аж.
Иймд дээрх зөрчил дутагдлыг нэн даруй арилгах шаардлагыг “Эрдэнэс Монгол” компани болон Засгийн газарт тавихаар зэхэж байна. ЭТТ компанийн 80 хувийг Засгийн газар, 20 хувийг иргэд, ААН-үүд эзэмшдэг.
Таван толгойн уурхайн Монголчууд биднийг 100 жил тэжээх арвин их нөөцтэй гэдэг. Гэтэл уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар найман жилийн дараа үр ашигтай нөөц нь дуусна гэсэн тул энэ талаар тодруулав.
-Найман жилийн дараа Таван толгойд өчнөөн хөрөнгө оруулж, төмөр зам бариад хэрэггүй. Хөрсөнд ойрхон буюу зардал багатай, хамгийн сайн чанарын нүүрсийг нь сорчлоод олборлочихсон тул энэ нөөц удахгүй дуусна. Үүнийг мэргэжлийн хүмүүс тогтоочихсон. Уурхайг зохих ёсоор нь ашиглахгүй бол эргээд төр өрийн дарамтад орохоор болчихлоо. Улаан гэрэл ассан. Уурхайн онцлог бол олборлох тусам гүн рүү гээ ордог. Нэг тонн нүүрсийг нь 30 ам. борлуулахдаа үүнээс бага зардлаар олборлох шаардлага тулгарсан. Үүний тулд уурхайн өрөм рүүгээ эхлээд цөмөрсөн гэсэн үг. Яг ийм жишээ Багануурын уурхайд бий. 1978 оноос 2011 оны хооронд тус уурхай 98 сая тонн нүүрс олборлон, 90 сая тонн нүүрсийг газарт хаясан. Төр нүүрсний үнийг өртгөөс нь бага барихын тулд ашиглалтын урт хугацааны горимыг эвдсэн. Газар булсан 90 сая тонн нүүрсийг одоо гаргаж авах техникийн боломжгүй. Нөөц ашиглалт нь маш бага буюу 48.5 хувь байдаг. Таван толгой яг энэ замаар явж байна.
Гацууртын ордыг ашиглах гэж арван жил хүлээж байна. Оюутолгойн нөөцийг тогтоогоо арван жилийн дараа Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн. Таван толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ найман жил гацаж байна. Бид боломжоо ингэж алддаг. Энэ хооронд манай өрсөлдөгчид бидний орон зайг эзэлдэг. Австрали, Индонез, ОХУ нүүрсний их нөөцтэй. Тэд БНХАУ-тай татварын хөнгөлөлт эдлэх хэлэлцээ хийж байна. Зах зээлээс биднийг алхам тутамд шахаж байна.
Засгийн газар болон толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хөндсөөр ирснийг хуульч Б.Баяр танилцуулав.
- Хувьцаа эзэмшигчид ЭТТ компанийн талаарх мэдээллийг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, санал өгөх, томилох, томилогдох, хувьцаа буюу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, өвлүүлэх, худалдах эрхтэй. Гэвч эдгээр эрхээ өнөөг хүртэл эдлээгүй.
- ЭТТ их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигдийн эрх ашиг болон хууль, тогтоомжийг зөрчсөн.
- Иргэн бүрт хуваарилсан, нэг ширхэг, “Эрдэнэс Монгол” компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй.
- Стратегийн ордын арван хувийг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжина гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, бүхий л ХК дөрөвдүгээр сард багтаан хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарладаг. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан зарлах үүрэг хүлээдэг. Иймд энэ удаагийн хурлын зарыг эртнээс түгээн, иргэдийг хуралд оролцуулан, мэдээллээр хангахыг хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид уриаллаа.
Тэд нийт хувьцаа эзэмшигчдийн өмнөөс эрх баригчдад хандах зөвшөөрлийг олон нийтээс авахын тулд ard.mn сайтаар бүртгэж эхэлсэн байна.
Хуульч Б.БаярИймд бид Гашуун Сухайтын боомтыг нэн даруй олон улсын чанартай болгох, төмөр замаа барьж, нүүрсээ баяжуулах шаардлагатай.
Хувьцааныхаа ногдол ашгийг авахаар хүлээж буй бид төрд шахалт үзүүлэх хэрэгтэй.