Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 30 дахь жилдээ өчигдөр Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө. Монголын үе үеийн “Топ” тодотголтой шилдэг загвар өмсөгчдийг шалгаруулдаг тус наадам энэ жил “Агаарын бохирдлыг шүүх” маскны загварын уралдаан зарласнаараа онцлогтой. Энэхүү загварын гуравдугаар байрт загвар зохион бүтээгч Б.Энх-Оч “Fight”, дэд байрт О.Оюунтөгс “Хийморь”, тэргүүн байрт М.Жаныдайзын “Үүлэн-2” загвараар тус тус шалгарлаа. Тэргүүн байрт шалгарсан загвар 2018 онд Хонг Конгт болох загварын шоунд оролцох эрхтэй болов.
Энэ удаагийн наадамд 50 орчим загвар өмсөгч,загвар зохион бүтээгчдийн өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлөөр урласан загварыг тайзнаа толилуулав.
Харин энэ жилийн “Топ модель”-иор загвар өмсөгч Т.Халиунаа тодорч, шагналыг анхны Топ моделиудын нэг Э.Одгэрэл гардуулсан юм.
Наадмын дэд байрын шагналын эзнээр загвар өмсөгч Н.Сайнзаяа, “Шилдэг фото модель”-иор загвар өмсөгч Б.Батцэцэг, Н.Бадмаараг, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр Ш.Хишигбат, “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр Д.Шүрэнцэцэг нар шалгарсан бол наадмын ивээн тэтгэгч “Керасис” брэндийн шагналыг загвар өмсөгч О.Ариунзул, Д.Шүрэнцэцэг, Т.Шинэтуяа, Туркийн “Цезарь” брэндийн шагналыг загвар өмсөгч Ш.Хишигбат, Б.Чинзориг нар хүртсэн.
Мөн “Гоёл “наадмын үндэс суурийг тавилцсан нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит Гран при шагналын эзнээр “Гоо од” хувцас загварын урлангийн дизайнер Н.Долгормаа тодорлоо.
Ирээдүйтэй залуу дизайнер: Загвар зохион бүтээгч Ч.Болормаа
Шилдэг make up artist: “SS make up” группын Н.Сонинхүү
Шилдэг үсчин: “Хос шагай” салоны үсчин Б.Хосбаяр
Шилдэг фото зурагчин: Ч.Ганбат
Өдөр тутмын, спорт, амралтын хувцасны шилдэг дизайнер: “Only one” брэндийн дизайнер Т.Энхтөр, Г.Бямбацэрэн
Гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Зосон” брэндийн дизайнер Б.Шийлэгмаа
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: “Эртний Монгол хийц” компанийн дизайнер Д.Уранцэцэг
Уран сэтгэмжийн загварын шилдэг дизайнер: “Бажуна” брэндийн дизайнер Б.Батсүх
Шилдэг зохион бүтээх товчоо: “Сити” их сургууль
Мэргэжлийн топ байгууллага: “Шилмэл загвар” компани
Ирээдүйтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч М.Болорхишиг