2017-11-28 12:341min015

Тэтгэвэрт гарах ээжүүдийн НДШ төлсөн хугацааг 2018 оноос тооцно

5111

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аар баталсан. Энэ дагуу төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болсон юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулсан билээ. Ингэснээр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээнээсээ хамаарч хүүхэд бүрийн тоогоор жил нэмүүлж, эрт тэтгэвэрт суух боломж бүрдэж буй юм.  Уг хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хэлсэнээр “Энэ хууль нь тэтггэвэрт гарах ээжүүдэд үйлчэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ. Харин эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод өмнө нь тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүдийн НДШ төлсөн хугацааг нөхөж бодохгүй” гэсэн юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан судалгаанд дурдсанаар нийт өрхийн 38 хувь хүүхэдгүй, харин хүүхэдтэй өрх нийт 531,1 мянга байгаагийн 16 орчим хувийг өрх толгойлсон, ганц бие эх/эцэг/-тэй өрх эзэлдэг. 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай учраас энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.