Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийв. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалуулах, хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүүхдийн эрх, хамгааллын бодлогын хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын хүүхдэд ээлтэй үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай эрхзүйн зохицуулалтын шийдэл гарцыг хэлэлцэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох зорилготой юм.
Хэлэлцүүлэгт Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалах тодорхой чиг үүрэг хүлээдэг төрийн бодлогын болон үйлчилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэд, судлаачид, олон улсын байгууллагууд оролцож байна. Энэхүү хэлэлцүүлгийг хийснээр:
-Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн дүгнэснээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах,
-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоо сайжрах,
-Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хамтран ажилласнаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Олон ТББ-ын төлөөлөл ирсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нэлээд тодорхой график, тоонууд хэллээ. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан богино хугацаанд үр дүнтэй ажлыг иргэдийн санаачилгаар хийж гүйцэтгэсэн байна. Ийм ажлыг төр цааш нь бас хийгээд явж болно шүү гэж тайлагналаа. Баяр хүргэе. ЦЕГ-ын хэлтсийн дарга Г.Арсланхуяг үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж байгаа асуудлаар хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа хэллээ. Төсөвтэй холбоотойгоор ганц цагдаа 17 мянган хүнд хүрэлцэхгүй байгааг хэллээ.
Миний хэлэх зүйл бол сэтгэл хирдхийлгэм гэмт хэргүүд ойр ойрхон гарч байна. Өглөө босоод л ямар нэгэн муу мэдээ сонсож байна. Энэ байдал өчигдөр эхлээгүй. Бидний 27 жилийн түүх. Сайхан нийгэм рүү орж байна. Зах зээлийг далд гар өөрөө зохицуулдаг юм байна гэсэн бодолтойгоор бид 27 жил явжээ. Эргээд харахад зохицуулах ёстой, төр оролцох ёстой олон асуудал гарч ирж байна. Үүний нэг нь хүний эрхийн асуудал. Ялангуяа өнөөдөр бидний ярьж байгаа хүүхдийн эсрэг, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг төр анхааралдаа авахгүй бол болохгүй хэмжээнд очсон байна.
13 настай хүүхдийг зочид буудалд авч орж хөнөөсөн хоёр хүн тодорхой байна. Хүүхэд нас барсан нь тодорхой байна. Гэтэл тэд хүн алчихаад 20 гаруй хоног гадуур байцаагдаж явсан байна. Өнөөдөр Монгол Улсын нөхцөл байдлаа харъя. Энэ нь өнгөрсөн 27 жил улс орныг удирдаж явсан Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, намын дарга нар, бид нарын ажлын үр дүнгийн буруу үзүүлэлт юм. Энэ дээр бүгдээрээ санал нэг байгаа байх. Улс орныг удирдаж яваа бид нарын үй ажиллагааны дүнг ингэж тавьж байгаа юм.
Өнөөдөр өглөө бид 11:40 цагаас ҮАБЗ-ийн анхны хурлаа хийлээ. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон миний бие оролцсон. Энэ хурлаар ажилгүйдэл, ядуурлыг дайны хэмжээнд авч үзье гэлээ. Энэ гарч байгаа бүх муу муухай зүйл ажилгүйдэл, ядууралтай холбоотой. Ажилгүй, ядуу иргэд, маргаашдаа итгэлгүй хүнээс янз бүрийн муу муухай зүйл гарч байгаа. Хэн ч адилхан. Би ч, та нар ч адилхан. Маргааш маань ирээдүйгүй бол бид яах юм бэ? Маргааш ирээдүйгүй бол өнөөдрийг аргацааж өнгөрөөхийн тулд хамаг муу муухай руу орно шүү дээ. 35-аас дээш насныхан ажилд орох боломжгүй. Мэргэжилгүй. 40 хүрсэн хүн залуу байгаа ч ажил олдохгүй. Аав, ээж нь ажилгүй хүүхдүүд яах вэ?
Лангуун дээр зогсож худалдаа, үйлчилгээ хийж байгаа хүмүүсийн бараг 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Ганзага хийж, энэ улс орныг худалдааны эдийн засгаар тэтгэж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь дахиад л эхчүүд. Өглөөнөөс орой хүртэл өдрийн орлогоо л бодож зогсоно. Хүүхдийн сургалтын төлбөр, өдөр тутмын хүнсний төлбөр бодно. Эр нөхөр юу хийдэг вэ? Зарим нь такси түрээсэлдэг байх. Ажилгүй хүн олон. Энэ бол өнөөгийн манай нэг гэрийн дүр төрх. Ялангуяа гэр хороололд өнөөдөр хөдөөнөөс асар их нүүдэл ирдэг болсон. Хашаатай хашаагүй гэр хороолол Улаанбаатарыг утаагаар дүүргэж байгаа. Ингээд ажилгүйдэл, ядууралд цэг тавих зорилгоор бид өнөөдөр ҮАБЗ-ийн анхны хурлаа хийлээ. Үүнийг бид нийтэд зарлаж, дэмжүүлэх ёстой юм.
Ч.Ганжавхлан сая “Бид хүүхдийг 7 хоног, 70 хоног, 700 хоног хайрладаг биш, үүрд мөнх хайрлах ёстой юм” гэж хэллээ. Мэдээж өргөс авч байгаа юм шиг тэр дор нь арилгаж чадахгүй. Бид энэ дээр эвээрээ нэгдээд явъя. Дээр үед хөршийн холбоо гэж байсан. Хөршүүд хоорондоо холбогдоод, хүүхдүүдийнхээ талаар, хаана явж байгаа тухай мэдээлэл солилцоод явдаг байсан.
Бид хуучин нийгмээс авах зүйл байгаа. Пионерийн зуслан гэж байсан. Хөдөлмөр зуслан гэж хөдөлмөр эрхлүүлдэг сайхан газар байсан. Өнөөдөр сошиал, фейсбүүкт томчууд, хүүхэдгүй алтан цагаа үрдэг болсон. Амьд харилцаагүй болсон. Хүний эрхтний наймаа зохион байгуулалтад орсон. Хүчний байгууллага, тагнуул, цагдаагийнхан энэ тал дээр санал нэг байгаа. Сар гаруйн өмнө би тагнуул, прокурор, цагдаад хар тамхины асуудал, хүүхдийн наймаа, хүний эрхтний наймаа, дэн буудал нэрээр хамаг муу муухайн үүр болж байгаа буудлуудын сүлжээг илрүүлэх тал дээр ажлын хэсэг байгуулсан. Бүх улс оронд ядуурал, гэмт хэрэг байгаа тохиолдолд зохион байгуулалттай гэмт хэргийг хамгаалдаг нь төрийн цагдаа нар дотор байдаг. Би гэхдээ бүгдийг нь хэлээгүй байна. Төрийн цагдаа энэ сүлжээг хамгаалж байж тэд гэмт хэргээ хийдэг. Сая бас Ч.Ганжавхлан хэллээ. Гэр хороололд, ядуу газруудад гарч байгаа гэмт хэргийг дүүргийн цагдаа мэдэхгүй байна гэж байхгүй гэлээ. Үнэхээр цагдаа нүдээ аних юман дээрээ аньдаг, нүдээ нээх юман дээрээ нээдэг. Зохион байгуулалттай бүх гэмт хэргийн цаана төрийн хүчний байгууллага тодорхой хэмжээгээр оролцдог.
Хүний эрхийн үндэсний комиссоос тайланд дурдсан тоонууд дотор их зовлонтой тоонууд байгаа юм. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр, үнэмшмэргүй тоонууд гардаг. Харамсалтай нь нэлээд дарагдсан мөртлөө эмзэглэмээр тоонууд. Гуравны нэг нь ил гардаг л гэж бодож байгаа. Ихэнх нь мэдээлэгддэггүй. Гурван настай хүүхэд, таван настай хүүхдийн асуудал яригдлаа. Таван настай хүүхдийн асуудал дээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн даргыг дуудаж ирээд тэр хүүхэдтэй холбоотой, бас 13 настай хүүхэдтэй холбоотой шинжилгээний баримт аваад ир гэсэн. Аваад ирэхэд хэрэг үйлдэгдсэн гэсэн шинжилгээний дүн гарсан байсан. Энэ дээр прокурор хойрго хандсан. Би прокурор дээр өөрийн биеэр очиж хяналтын прокурор дээр үг хэлсэн. Яагаад ийм тодорхой гэмт хэрэг хяналтын прокурор дээр цагаадаад байдаг юм бэ. Та нар яагаад ингэж хайнга ажилладаг юм бэ. Яагаад 13 настай хүүхдийг зочид буудалд аваачаад ам руу нь архи цутгаад, шүд ам нь гэмтчихсэн байхад хэрэг хийсэн хүмүүс гадуур байцаагдаж байдаг юм бэ. Энэ асуудлуудыг тавиад, өөрийн биеэр оролцоод явж байгаа.
Өнөөдөр энх цагт Халх голын болон чөлөөлөх дайнд алдсан цэрэг эрсээс олон хүнээ, тэр дотор хүүхдүүдээ бид ганцхан жилийн дотор алдсан аймшигтай статистик байна. Халх голын дайн, чөлөөлөх дайн бол дэлхийн дайны түүхэнд тэмдэглэгддэг үйл явдал. Өнөөдөр энх цагт үүнээс олон хүний амь, түүний дотор хүүхдийн асуудлыг яриад явж байна.
Асуудлыг хурдтай шийдэх, гэмт хэрэгтэй, хэрцгий этгээдүүдэд тохирсон дохио санамж өгөх үүднээс миний зүгээс юу санаачилж байна вэ гэхээр “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдийг цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх” тухай саналаа ХЗДХ-ийн сайдад өнөөдөр хүргүүлж байна. Мөн ийм төрлийн гэмт хэрэг хийсэн хүмүүст Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа уучлал үзүүлэхгүй гэсэн хатуу бодолтой байна.
Монгол Улс 2012 оны 12-р сард “Цаазаар авах ялыг халахад чиглэсэн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын II нэмэлт протокол”-д нэгдэж орсон нь миний бодлоор цагаа олоогүй, эртэдсэн үйлдэл болжээ гэж дүгнэж байна. Манай нийгмийн өнөөгийн байдал ажилгүйдэл, ядууралтайгаа холбогдоод гэмт хэргийн нөхцөл байдалтайгаа уялдуулж үзэхэд цагаа олоогүй гэсэн дүгнэлт би хэлээд байна.
Бидний өнгөрсөн 27 жилд гаргасан түгээмэл, давтамжтай алдаа бол үндэсний онцлог, үндэсний өвөрмөц нөхцөл байдлыг үл хэрэгсэн гадаадын туршлага нэрээр элдэв туршилт, хууль заалтуудыг нэвтрүүлж ирсэн явдал байдаг. Энэ бол өнөөгийн хамгийн том алдаа юм болов уу гэж дүгнэж байна. Дэлхийн улс орнуудаас одоо 58 улс цаазын ялыг хэрэглэсэн хэвээр байгаа дотор бидний хөгжилтэй орон хэмээн даган дууриахыг хүсдэг Япон, АНУ зэрэг улсууд ч бий. Бид үндэснийхээ эрхийг бодох ёстой.
Цаазаар авах ялыг “хүмүүнлэг бус” хэмээн үзэж, хэрэглэхгүй байх уриалга олон улсад тархаж байдаг. Гэвч өөрийгөө хамгаалах чадваргүй багачуудыг зэрлэгээр хөнөөж, тарчилган, тэдний амьд явах эрхийг бусниулсан гэмтнүүдэд амьд үлдэх эрх байх ёстой юу гэдгээр сошиалаар, бусад сүлжээгээр санал асуулга явуулах хэрэгтэй болов уу гэж би бодож байгаа.
Цаазаар авах ялыг сэргээх тухай саналыг ХЗДХЯ хэлэлцээд ямар саналтай байгаагаа бэлдээд ирвэл энэ асуудлыг УИХ-д оруулъя гэж байгаа.
Цаазаар авах ялгүй болcноо зарласан цагаас хойш Монгол Улсад онц хүнд, харгис хэрцгий гэмт хэргүүдийн тоо эрс өссөн болохыг сүүлийн жилүүдийн статистик, тоо баримт хангалттай харуулж байна. Цаазаар авах ялгүй болcноо зарласан цагаас хойш онц харгис гэмт хэргүүдийн тоо цаазтай байх үеийнхээс өндөр гарсан байна.
Нөгөө талаар хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй илрүүлэхэд иргэдийн оролцоог татах, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах тогтолцоог бий болгох нь өнөөдөр чухлаар шаардагдаж байна.
Үүний нэг нь Иргэний танхимд энэ асуудлыг татан ирж хэлэлцүүлж байгаа нь зөв юм. Үүнийг цаашид үр дүнтэйгээр, ямар хэлбэрээр хэлэлцүүлэх вэ гэдгийг 21 аймаг, 9 дүүрэг, хотуудаар явуулах ёстой гэсэн санал гарч байна. Үүнийг та бүхэн дэмжих байх аа.
Энэ хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэнд дахин баяр хүргэе. Хэлэлцүүлэг олон үр дүнд хүрч, цаашид юу хийх талар санаачилгууд гаргах байх. Энд ирсэн хүмүүсийн 90 орчим хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд байна. Бодит зүйлийг зүрх сэтгэлээсээ хэлэх байх аа.
Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хүүхдийг хүчирхийлсэн асуудалд байнга анхаарал тавьж ажиллах болно. Баярлалаа” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан Хүний эрхийн үндэсни комиссын тайланд дурдсанаас үзэхэд ганцхан жилийн дотор 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. 12-17 насны 1613 эх амаржжээ. 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байна.
УЕП-оос гаргасан мэдээгээр сүүлийн 5 жилд Монгол Улсад 2055 хүн амиа хорложээ. Хүүхдүүд амиа хорлох тохиолдол нэмэгдэж, 10-14 насны 78 хүүхэд, 25 хүртэлх насны 605 залуус амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ.
Ийм байхад амар амгалан сууж болохгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа
Эх сурвалж: undesten.mn