Польшийн Быдгош хотод болж буй бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан пүрэв, баасан гаригт буюу энэ сарын 23-24-нд болж өндөрлөлөө. Анхдугаар тэмцээнд манай улс эмэгтэй бүтэн багаа илгээснээс “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 58 кг-ын жинд мөнгө, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 53 кг-д, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа 60 кг-д хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирэхээр болж байна.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг нэг мөнгө, хоёр хүрэл, гурван шагнал байртай 30 оноотой 30 орноос багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орлоо. Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон улс 75 оноогоор тасархай тэргүүлэв. 48 кг-ын жинд Туркийн Эрин Демирхан, 69 кг-д Францын Кумба Ларрок нар аваргалсан бол үлдсэн бүх жинд Наран улсын бүсгүйчүүд аваргаллаа. Харин Украин 47 оноотой хоёр, ОХУ 34 оноотой гуравдугаар байр эзлэв. Быдгошийн дэвжээнд манай эмэгтэй бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.
48 кг: Өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин спортын мастер Б.Чимгээ 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга, Украины Оксана Ливачтай хийж 2:9-өөр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шөвгийн наймд Хятадын бөхөд ялагдснаар дагах барилдаан гараагүй.
53 кг: 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, 2017 оны Цэргийн ДАШТ-ий алт, Испанийн Гранпригийн хүрэл, “Mongolia Open” ОУТ болон насанд хүрэгчдийн улсын аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал эхний тойрогт БНХАУ-ын Ки Занд 6:8-аар ялагдсан бөгөөд өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Канадын Алисса Клевесийг 6:3-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Эми Анн Фирнсайдыг 7:6-гаар ялснаар Польшийн дэвжээнээс Монголын багийн хоёр дахь (өмнөх өдөр нь А.Батцэцэг мөнгөн медаль хүртсэн) медалийг авчирсан билээ.
55 кг: “Монголиа Опен” ОУТ болон насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Б.Болортуяа 1/4 шигшээд залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Румыний Симона Присовод цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
58 кг: 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг эхний даваанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм.
60 кг: 2016 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа эхний даваанд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Аяулым Касымоваг 6:2-оор, шөвгийн наймд өнгөрсөн жилийн залуучуудын Европын аварга Румыний Криста Тунд Инцег 5:3-аар ялсан ч хагас шигшээд Украины Илона Прокопевнукт цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд Беларусийн Юлья Писаренкаг 8:3-аар ялснаар Польшийн дэвжээнд Монголын багийн гурав дахь медалийг авчирав.
63 кг: “Mongolia Open” ОУТ-ий хошой хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Х.Болортуяа 1/8 шигшээд Энэтхэгийн Анил Решма Манэг 4:4-өөр ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын Татьяна Смолякт 1:2-оор тун харамсалтай ялагдсан.
69 кг: “Mongolia Open” болон Хөлөнбуйрын ОУТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер М.Хишигмаа 1/8 шигшээ барилдаанд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азербайжаны Элис Маноловад 2:3-аар ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн.
75 кг: Өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер П.Номин-Эрдэнэ 1/8 шигшээд эзэн орны Анна Урбановицыг 6:2-оор ялсан. Харин 1/4 шигшээд 2015 оны өсвөр үеийн дэлхийн аварга, 2017 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Японы Юсүха Мацүюкид оноогоор цэвэр (0:10), дагах барилдаанд Германы Фрэнси Радельтэд цэвэр ялагдав.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
48 кг (15 бөх): 1. Демирхан (Турк) 2. Риту Риту (Энэтхэг) 3. Зу Жиан (БНХАУ), Туркан Насирова (Азербайжан) … 11. Буяндалайн Чимгээ (Монгол)
53 кг (18): 1. Мико Игараши (Япон) 2. Ки Зан (БНХАУ) 3. Ганбаатарын Отгонжаргал (Монгол), Екатерина Полешук (ОХУ)
55 кг (12): 1. Харүна Окүно (Япон) 2. Ирина Курачкина (Беларусь) 3. Нина Менкенова (ОХУ), Алина Акобия (Украин) … 10. Бат-Очирын Болортуяа (Монгол)
58 кг (15): 1. Юзүрү Күмано (Япон) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 3. Татьяна Кит (Украин). Элин Йоханна Нильссен (Швед)
60 кг (15): 1. Юү Сакано (Япон) 2. Илона Прокопевнук (Беларусь) 3. Энхбатын Гантуяа (Монгол), Татьяна Омелченко (Азербайжан)
63 кг (17): 1. Айна Жимпей (Япон) 2. Бракстон Стоун (Канад) 3. Моа Леа Мария Ныгрен (Швед), Адела Ханзликова (Чех) … 9. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
69 кг (18): 1. Кумба Ларрок (Франц) 2. Нарүха Мацүюки (Япон) 3. Дануте Домикайтит (Литва), Юдари Санчес Родригес (Куба) … 13. Мөнхбатын Хишигмаа (Монгол)
75 кг (14): 1. Ясүха Мацүюки (Япон) 2. Грейспин Дуган (Канад) 3. Анастасия Шустова (Украин), Фрэнси Радельт (Герман) … 9. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Монгол)