-АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ-
Шинэ Засгийн газрын халаа сэлгээ үргэлжилсээр. Ялангуяа хууль хүчний байгууллагуудыг орвонгоор нь сольж байх шиг. ЦЕГ, ТЕГ-ын дарга нарыг сольж, зарим газар, хэлтсийнх нь удирдлагыг ч халж сэлгэж байгаа аж. Бусад газрын тухайд халаа сэлгээнд өртөх нь ч цаг хугацааны л асуудал болж байна.
АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргалыг арайхан явуулчихаагүй байна. Гэвч түүний ажлыг авах хүмүүсийн тухай яриа хэдийнээ гарчихсан. Нэн түрүүнд хурандаа Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Билэгтийг зүтгүүлэх гэж байгаа гэж аравдугаар сард л улстөрийн хүрээнд шуугиад эхэлчихсэн билээ.
Гэхдээ өнөөг хүртэл энэ халаа сэлгээний тухай элдэв хов жив гарахгүй байсанд АТГ-ыг оролдохооргүйгээр тохироог хийсэн бололтой гэж олон нийт үзэж байсан юм. Тэгтэл үгүй ажээ.
Юу гэвээс, МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн АТГ-ыг одоо тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалж байгаа Г.Баасанг удирдана гэсэн яриа гарч эхэллээ. Хэдийгээр хааны алба халаатай, эзний алба ээлжтэй ч тухайн хүний онцлог, туршлага, эзэмшсэн мэргэжил, өөр олон зүйлээс шалтгаалж зохих албанд томилох учиртай. Энд нэг л зүйл ойлгомжтой байна.
АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ. Уг нь энэ газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
Мөн АТГ нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална. Тус газрын албан үүргийн чиг баримтлалд “Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, АТГ эрх баригч нам хүчин, эсвэл төрийн дээд албан тушаалтнуудын зүгээс өөрсдөд нь улайран зүтгэсэн хэн нэгнийг эрхлүүлэн, шагнахаар илгээдэг газруудын нэг биш. Учир нь АТГ өөрөө хууль хэрэгжүүлэхээс гадна хэрэгжилтийг нь хянах маш онцгой, халдашгүй статус бүхий газар гэж ойлгож болно.
Г.Баасан хатагтайн тухайд хуульчийн мэргэжлийг хожим эзэмшсэн ч өнгөрсөн богино хугацаанд өөрийн ур чадварыг илэрхийлж чадсан нэгэн. Тэрбээр төрийн албаны хажуугаар олон нийтийн эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг нь ч үнэн. Хүчин буурай ахмадуудын өмнөөс хүчтэй тулж, тэмцсээр энэ өндөрлөгт хүрсэн түүнийг Монгол Улсын нөлөө бүхий хатагтай нарын нэг ч гэдэг.
Гэхдээ дээр дурдсанчлан АТГ нь маш их нууц, мэдээллийн сан агуулдаг, үүнийг олон нийтэд тэр бүр дэлгэх боломжгүй, ялангуяа улстөрчдөд бүр ч мэдэгдэж болохгүй. Учир нь эдгээр баримт бүр төрийн нууцыг агуулахын зэрэгцээ хүний нэр хүнд, цаашилбал амь насанд ч хүрэх магадлал өндөртэй тул өнгөрсөн хугацаанд Монголын урдаа барьдаг хурандаа, генералууд энэ газрын даргын албыг хашиж ирсэн.
Гэхдээ бүгд ажлаа тайван хийсэн нь үгүй. АТГ-ын даргын албыг хашиж байгаад амиа алдсан тохиолдол ч байгаа.
Тиймээс энэ ажилд Г.Баасан хатагтай тохирохгүй. Харин түүнд одоогийн алба болох Олон нийтийн зөвлөлийн дарга хамгийн тохиромжтой гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тиймдээ ч түүнийг энэ ажилд томилогдсоныг олон нийт талархан хүлээн авсан.
Гэхдээ Г.Баасанг энэ албанд зүтгүүлнэ гэсэн нь санамсаргүй хэрэг биш. Учир юу гэвэл, 2016 оны долоодугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Харин түүнээс өмнө мань хүнийг энэ албанд томилох, эсэх талаар маргаан гарч байх үед тухайн үед УИХ-ын дарга байсан /энэ асуудал АН-ын засгийн үед яригдаж эхэлсэн/ З.Энхболд хамгийн ихээр эсэргүүцэж, өөрийн хүнийг санал болгож байсан гэдэг.
Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж, бүх ажлыг нь өмнөөс нь хийх боломж гарсан болохоор Х.Энхжаргалын ажлыг авах нь цаг хугацааны л асуудал болсон. Гэвч АТГ-ын даргыг халж, оронд нь өөрийн хүнээ томиллоо, томиллоо гэхэд арай ч ийм найзан дундын найраа байж болохгүй албан тушаал гэдгийг мэдэх буй биз ээ.
Эх сурвалж:
3 comments
Энэ албан тушаалд Цагдаагийнхан очоод ажил нь ургишлаагүй нь хэн бүхэнд ойлгомжтой болсон шүү дээ. Иймд Баасан аний мэт очвол ч болж байгаа юм бишүү.
Заавал цагдаад ажилалах хүн байх алба алга даа
Энэ авилга авч идэж ууж бгааг хав дарж улсын
нууц гэж мэдээлэл өгдөггүй юм бол энэ газар бх
хэрэг бна уу.энэ авилгачдын хуулийн дагуу
шийдэх эрх нь энэ газарт бгаа биш үү.иймд
нууж хаах биш авилга авахгүй болтол нь
ажилалуулах юм биш үү.баасан байна уу дорж
бна уу бат бна уу хамаагүй.гагцхүү шударга ил
тод нээлттэй ард түмний хүссэн авилгачийн
цээрэлүүлэх л хэрэгтэй.үүнийг л ард түмэн хүсч
бгаа.дараа нь авилгагүй болгох энэ л бна
Аль нэг нам төлөөлүүлж хүнээ битгий сонго. Монгол улсыг авилгаас салгаж чадах, аливаа нэгэн хүний эрхшээлд орохгүй хүнийг лл сонгон Авилгагүй Монгол болгоход л гол зорилго нь оршиж байна. Хурц шиг мэдээлэл цуглуулаад хүнийг шантаажилдаг хүн хэрэггүй. Үнэн ч шударга даргыг харж далдагнадаггүй, хүн л байх ёстой бөлгөө.