– Жилд дунджаар хотын дарга зэрэг янз бүрийн зэрэг зиндааны арав гаруй удирдагч сүмд орж ирдэг–
Тэртээ 1975 онд коммунистууд засгийн эрхэнд гарч ирсэн Өмнөд Азийн энэ улсад хүнд суртал гаргасан, багахан ч болтугай авлига, хээл хахууль авсан албан тушаалтнуудыг дахин хүмүүжүүлнэ хэмээн сүмд илгээдэг аж. Тэгвэл энэхүү хүмүүжлийн арга үр дүнгээ өгсөн эсэх талаар “АиФ”-ын шинжээч ийнхүү бичсэнийг орчуулан хүргэж байна.
Ланг хэмээх энэ нөхөр өөрийнх нь зургийг авахгүй байхыг хүссэн юм. “Надад маш ичгэвтэр байна. Би ургац хураалтын үеэр тариачдыг хүлээн авдаггүй, тэдний хүсэлтийг жинхэнэ хүнд сурталтан мэт хойш нь тавьдаг байлаа. Тиймээс ч нам зөв зүйл хийж, намайг ийш нь явуулсан” хэмээн ярих аж. Тэр Луангпхабанг хотын буддын сүмийнхний нэгэн адил үүрийн жингээр босож, нутгийн иргэдээс бадар гуйхаар явдаг. Ихэнхдээ энэ нь чанасан цагаан будаа, тун бага хэмжээний жигнэсэн ногоо байх бөгөөд аяга устай нийлээд бүтэн өдрийнх нь хоол болно. Үдээс хойш гэхэд хоол идэх хориотой.
38 настай Ланг бол лам биш, Лаост хэлдэгчлэн “буддын сүмийн хүү” буюу сонсогч. Лам нарыг ажил хийхийг зөвшөөрдөггүй болохоор (тэд уншлага уншиж, мөргөл үйлдэж, Буддын сургаалын гүнд нэвтрэх ёстой) Ланг шалаа шүүрдэж, сав суулгаа угааж, өрөөнүүдээ цэвэрлэх үүрэгтэй. Сүрэл ч дэвсэхгүйгээр шалан дээр нүцгэн унтана. Лангийн гомдоллосноор шумуул огт алж болохгүй гэнэ. Хэрвээ шумуул хазахаар суух юм бол үргэхээс өөр юм хийж болохгүй. Сүнс, хойд нас байдаг гэдэгт итгэдэг буддын шашинтнуудын дүрэм энэ. Тус улсын цорын ганц нам буюу эрх баригч Лаосын ардын хувьсгалт намын тосгоны албан тушаалтан тэрбээр сүмд дахиад гурван сар суух үлдсэн гэнэ. Түүнийг хагас жил дахин хүмүүжүүлэхээр ийшээ явуулжээ. Үнэхээр дэлхий дээр үлдсэн тавхан социалист орнуудын нэг Лаост хэрвээ албан тушаалтнууд “даварч оодрооод эхэлбэл”, түүнд хатуужил, даяанчлалын орчинд амьдруулах хэрэгтэй гэж үздэг байна.
Хунтайж хэрхэн социалист болсон бэ?
“Жилд дунджаар хотын дарга зэрэг янз бүрийн зэрэг зиндааны арав гаруй удирдагч сүмд орж ирдэг” хэмээн Лаосын армийн дэслэгч асан, өдгөө аялал жуулчлалын агентлагийн эзэн болсон Пхоу Вонг тайлбарлаж байна. “Нэг удаа бүр нэг сайд ирж байсан түүхтэй. Тэр сайд ширэнгэн ойн уулын бяцхан сүмд оршихуйн мөн чанарыг ухаарсан даа. Ядаж байхад яг борооны улирал таарсан бөгөөд шөнөдөө битүү шумуул нисдэг байсан гэсэн. Ингэдэг нь яаж байгаа юм бэ гэж үү? Сайд ч бас гуйранчлалыг мэдэх ёстой шүү дээ. Төрөл төрөгсөд нь сүмд амттай хоол хүнс, тансаг эд зүйлс ч авчрах хориотой. Тухайн хүн суугаад ард түмэн яаж амьдарч байна вэ гэж бодог л дээ. Үнэхээр ч ийм шийтгэлийн дараа албан тушаалтнууд илүү дуулгавартай, даруу төлөв болдог. Сайн албан тушаалд очоод, үнэтэй машинаар явж, ресторанд хооллоод, шилтгээнд амьдраад эхлэхээр “Ингэх л ёстой” гэж бодож эхэлдэг. Харин шалан дээр нүцгэн унтахад дэрийг хүртэл тансаг зүйл хэмээн мөрөөдөж, хэрчим тахианы махыг ер бусын амттай зүйл гэж бодох болно” хэмээжээ.
Бидний хувьд ийм шийтгэл нь үнэхээр ер бусын санагдаж байгаа ч Лаос өөрөө тун өвөрмөц орон юм. Хувьсгалыг тухайн үедээ хааны гэр бүлийн гишүүн, “улаан хунтайж”, ирээдүйн Ерөнхийлөгч Суфанувонг хэмээх Парист коммунист үзэлтэй болсон хүн тэргүүлж байлаа. 1975 онд Ардын хувьсгалт нам Лаосын хаанаа түлхэн унагаж, Зөвлөлт Холбоот улсын жишгээр социализмыг байгуулна гэж зарлахад олон сүм үүдээ барьж байлаа. Лам нарт бадар барихыг хориглож, тариачны хөдөлмөр эрхлүүлэхээр албадаж байв. Ингээд хэдэн зуун ламыг зөвшөөрөлгүйгээр дахин сургана хэмээн хөдөлмөрийн лагерь руу авч явж байв. Харин 1980-аад оны эхээр ийм үйлдэл буруу юм гэж үзээд, бүх зүйл өөр өөрсдийн байрандаа оржээ.
“Эндхийн амьдрал амралтын газар биш ээ. Тиймээс оодорсон, иргэддээ таагүй хандсан албан тушаалтнууд хагас жил, нэг жилийг давж гарах гэж нэлээд юм үзнэ. Өөрийгөө хэчнээн буруу байсныг ухамсарлах хүртэл шүү” хэмээн сүмийн лам Сиенг Тхонг тайлбарлаж байх жишээтэй.
“Тэгэхээр энэ чинь жинхэнэ шорон болж таарч байна уу?” хэмээн намайг гайхан асуухад “Үгүй ээ. Огт шорон биш. Эртний уламжлалаар бол Лаост эр хүн бүр буддын сүмд дор хаяж гурван сар амьдарч, бодит ертөнцөөс ангижрах ёстой. Гэхдээ тэд гар утас ашиглах, хот руу хоол хүнсэнд явах зэрэг урьдын хатуу чанд зүйлс үгүй болсон. Харин “цөлөгдсөн албан тушаалтнууд” соёл иргэншлийн баялгийг хүртэх эрхгүй. Сүмд засан хүмүүжүүлэх зорилго нь ламын амьдралаар бүрэн амьдарна гэсэн үг. Яг л армитай адил. Өдрийн чанд цагийн хуваарьтай, нарийн дүрэмтэй. Бүгд хоол идэхгүй байвал та ч бас идэхгүй. Бүгд угаалганд орохоор явбал та ч бас явна. Сэрлээ л бол босдог. Сонсогчдыг хүнд ажлаар нухалж дарахгүй. Гэхдээ ажилгүй суулгана гэж байхгүй. Ерөнхийдөө сүмд залхуу, цалгар назгай байдал гаргасан, бага хэмжээний ч болов хээл хахууль авсан албан тушаалтнуудыг явуулдаг. Хаалганаас цааш гарч болохгүй, зөвхөн цагаан будаагаар хооллож, бүтэн өдөржингөө өлсөхдөө илүү их гэм нүгэл хийсэн бол юу болохыг маш амархан ойлгодог юм. Илүү том авлигачдыг явуулдаг ширэнгэн ойн засан хүмүүжүүлэх газар бол илүү “хөгжилтэй” л мэдээрэй” хэмээн Луанг-пхабанга тойргийн сүмийн номлогч Рача Чан мэдэгджээ.
Коммунистуудын чөтгөр
Ланг шөнө дөлөөр чөтгөр байнга зүүдэлдэг хэмээн бидэнд чимээгүйхэн шивнэсэн юм. “Зүүдэнд маань чөтгөрүүд гарч ирдэг. Яагаад гэвэл би намынхаа өмнө буруу зүйл хийсэн хүн. Сүнс, хий үзэгдэлтэй ч таарч байлаа. Үнэхээр аймшигтай” хэмээн тэр агдагнан чичрэв.
Бидний хувьд ийм зүйл циркийн үзүүлбэр мэт санагдах биз. Гэхдээ марксист-ленинист үзэлтэй хэрнээ лаосчууд үнэхээр сүнс, чөтгөр байдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг аж. Лам нар муу сүнс чөтгөрөөс айдаг, харин гэм нүгэл үйлдсэн сонсогчдод жижигхэн гал үзэгддэг гэх. Үүнээс гадна Лаосын Засгийн газрын шашны асуудал эрхэлсэн газрын мэдэгдсэнээр лам нар сүмд мөргөл, уншлагаасаа гадна Карл Маркс, Владимир Ленинийг судалдаг гэнэ. Үнэхээр сүмийн үүдэнд алх, хадуур бүхий улаан дарцаг хадаастай байх бөгөөд Лаосын намын албан тушаалтнууд хувцсан дотроо ямар нэгэн сахиус зүүсэн гэдгээ ч нуудаггүй байна.
“Бид анхандаа буддизмыг хориглож, алдаа гаргасан юм билээ” хэмээн нийслэл Вьентьянаас холгүйхэн орших нэгэн жижигхэн хотын коммунист хорооны нарийн бичгийн дарга харуусангүй өгүүлнэ. “Будда чинь анхны коммунист юм билээ. Танай Христ ч мөн адил. Юугаараа гээч? Элдэв чимэг, гоёлгүй, даруухан амьдарч, мацгаар хооллож, ард түмнээ халамжилж байсан шүү дээ. Би ч бас сүмд найман сарыг өнгөрөөсөн. Машин худалдан авахыг мөрөөддөг байсан бол одоо надад юунд хэрэгтэй билээ гэж бодох болсон. Гэтэл Хятадын коммунистуудыг хар. Бөөн хээл хахууль, нууц амрагууд. Тэднийг 10 жил сүмд суулгах хэрэгтэй” хэмээн өгүүлсэн юм.
Харин би “Тэгвэл манайхыг лав 100 жил суулгах юм байна даа” гэтэл Лаосын коммунист бодлогоширсноо дагзаа маажин “Битгий гомдоорой. Гэхдээ танай эрх бүхий албан тушаалтнууд зарчмын хувьд засран хүмүүжиж чадахгүй” хэмээв.
Ланг хэмээх нөхөр маань салах ёс гүйцэтгэх үед зочид буудалдаа зурагтай юу хэмээн асуугаад хүндээр санаа алдсан юм. Харин халуун ус хүртэл байгаа гэдгийг сонсоод гунигтайгаар дуугаа хураасан. Миний хувьд Лаосын төрийн бүтэц, уламжлалыг дэмжих гэсэнгүй. Гэхдээ манай эрх бүхий албан тушаалтнууд яаж хагас жил дан цагаан будаагаар хооллож, шалан дээр нүцгэн унтаж, өглөө дөрвөн цагт босч, хүйтэн усанд орвол сайхан даа гэх бодол төрсөн юм.
Магадгүй энэ л үед тэд ард түмэнд юу хамгийн чухал болохыг ойлгож, лимузин, шилтгээн авахаа болино доо. Юутай Лаост дахин хүмүүжүүлсний үр дүнд юу болсныг харж байгаа биз ээ.
Георгий Зотов
5 comments
Монголд маань бас л хэрэгтэй санаа б.на.Даанч нүгэлтэнгүүд нь дэндүү тэнэг өөрөө үгүй болохгүй бол аав ээж эхнэр хүүхэд ач зээ хамаагүй дээ.Ард олныг бодно гэж гонж.Эцэстээ алтаа авч диваажин луу зүдгээд түүнийгэээ даахгүй тамын гал рүү унах байх даа хөөрхий.
ман манайханд сүмд суулгаснаас сум зоох шаардлагатай болсон хэмжээний хүмүүс зөндөө байна шүү дээ.
Энэ чинь харин зөв арга байна даа. Манай нөгөө нам улс төрийнхөн очсон сүмдээ хор найруулж хутгаад эд хөрөнгийн бас идчихээд ирэхээ чадна шүү хаха
saihan sanaa bn! hoid solongos laosoos suraltsah heregtei!
Хагас жил ингэж нямба хийж ариуссан хойго нь их хуралд нэр дэвшүүлдэг байвал таарна.