Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хот хөдөөгийн шүдний өвчин болоод удаж байгаа. Ийм бэрхшээл амсч яваа газрын нэг бол Архангай аймгийн Хангай сум. 2012 онд тус сум 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд хүлээж авсан ч хөрсний цэвдэгээс шалтгаалан барилга нь 2013 оны хавраас эхлэн хана, хаалга, шал хэсгээрээ хагарч цуурч, үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болсон байна.
Аймгийн МХГ 2014 онд барилгыг ашиглахыг хориглосон акт гарчээ. Үүнээс хойш цэцэрлэг хүүхдүүдээ гэрт хүлээж авдаг болсон бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд сумын Соёлын төвийнхөө зургаан өрөөнд 100 хүүхдээ хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) олгож байна.
Цэцэрлэгийн удирдлага 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгтэй болох үсэлтээ шат шатны байгууллагуудад хүргүүлж иржээ. Тус суманд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 305 хүүхэд байдаг гэнэ. Хэрэв шинэ цэцэрлэгтэй болох юм бол сумын хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хувь 80-д хүрэх боломжтой юм байна.