Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр (2017.11.23) “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байна. Энэ арга хэмжээг нээснийг мэдэгдэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Өнөөдрийн семинарт гадаад, дотоодын зочид, энэ сургалт, хэлэлцүүлгийн сэдэвт ажил нь хамаарах цагдаа, татвар, Сангийн яам зэрэг бүх төрийн байгууллагын төлөөллийг уриад байна.
Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн “Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч” төвийн Ерөнхийлөгч, доктор, ноён Николас Женакопоулус болон АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн Эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн шүүхийн профессор ноён Никос Пассас та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
Мөн энэ хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн ҮАБЗ-ийн Ажлын алба, Шүүх, прокурорын байгууллага, АТГ, ЦЕГ, Татварын ерөнхий газар, ТЕГ, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөллийн байгууллагуудад талархал илэрхийлье.
Өнөөдөр өглөө салхигүй, утаа ихтэй байна. Утаа, оффшор хоёр ямар холбоотой юм бэ гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Холбоотойгоор барахгүй, номер нэг асуудал болоод байгаа. Бид өнөөдөр энд оффшорт нуугдсан Монголын баялгийн мөнгийг оруулж ирэх сургалт явуулахаар цугларсан. Манай төрийн байгууллагууд энэ ажлаа хийж чадахгүй байгаа учраас та бүхэнд хичээл заалгахаар энэ талаар ажилладаг, олон улсад нэртэй хүмүүсийг урьж авч ирсэн.
Монголын байгалийн баялгийг зарсныг тооцоод үзвэл Улаанбаатарын утааг хэд дахин бууруулахаар мөнгө байна. Хэдэн триллион төгрөг байна. Хэдэн зуун тэрбум ам.доллараар яригдах мөнгө байгаа. Харамсалтай нь энэ мөнгө Монголын эдийн засагт орж ирж эргэлдэхгүй, оффшор бүсэд байршаад байгаа учраас түүнийг олж ирэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа сая миний нэрийг нь дурдсан энэ олон байгууллагад үүрэг болгосон. Тэд Ерөнхийлөгчид юу гэж хэлсэн бэ гэхээр манайд энэ талын мэдлэг, үүнийг оруулж ирэх чадвар байхгүй байна гэсэн.
Одоо тэгвэл гадаад орнууд оффшороос авах ёстой татвараа яаж авч байгаа, байрших ёстой газар нь мөнгөө байршуулж байгаа талаар сургалт явуулна. Үүний дараа ажлаа хийх хэрэгтэй. Янз бүрийн шалтаг тоочихгүй байх гэж бодож байна.
Одоо та бүхэнд Монгол орны тухай хамгийн товч танилцуулга өгье. Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд нэлээд дээгүүрт орно. “Ernst&Youmg” санхүүгийн компаниас нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийж үзсэн. Түүгээр Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ. Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй олон баялаг хөрсөн дор байна. Энэ баялаг сүүлийн 20-30 жил эргэлтэд оржээ. Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна. Гэтэл 3 сая хүний 40 хувь нь ядууралтай байна.
Хэрэв бид ийм их баялаг экспортлосон юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг нийт ард түмэнд хүртээлтэй байх ёстой юм. 30 гэр бүл гэдэг нэр томъёо ингэж гарч ирсэн.
Эдийн засаг өсч байгаа нь үнэн. 2000 оноос хойш манай улсын төсөв 10 дахин нэмэгдсэн. 10 хувиар биш. Гэтэл яагаад ядуурлын түвшин өсөөд байна гэсэн асуудал байгаа юм. Энэ бүхний хариулт бол Монголын байгалийн баялгийн мөнгө Монгол Улсдаа орж ирэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үүнийг сонгуулийн үеэр Ерөнхийлөгчид сонгогчид хэлж өгсөн. Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг бидний өмч юм байна гэдгийг хэлж өгсөн. Яахаараа А4 цаасны хэмжээтэй лицензээр үүнийг 30 гэр бүл өөртөө авч хэрэглэдэг юм бэ. Ядаж мөнгийг нь оруулж ирээч ээ гэдэг хүсэлт тавьсан.
Ерөнхийлөгчийг Монголын ард түмний олонхи нь сонгосон. Одоо энэ мөнгийг оруулж ирнэ ээ, төрийн байгууллагууд аа.
Дотооддоо хийж байгаа ажлаа бас товчхон дурдая.
УИХ-аас Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр баталж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг бие даасан хуулиудыг баталж, Эрүүгийн болон Иргэний хууль, Татварын тухай хуулиудад албан тушаалын гэмт хэрэг, татварын гэмт хэрэг, үндэслэлгүй хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх заалт оруулж, хэрэв ингэж хөрөнгөжсөн бол хөрөнгийг хурааж авдаг заалтыг Эрүүгийн хуульд оруулсан.
Энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох тодорхой заалтуудыг оруулахын хамт Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон шаардлагатай бусад олон улсын гэрээнд нэгдэн орж авлигын эсрэг эрхзүйн тогтолцоогоо бүрдүүлж чадсан. Харамсалтай нь “цагаан захтнуудын” гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байна. Энэ дүгнэлтийг би нэг биш, нэлээд хэдэн удаа хэллээ.
Монголын ард түмэн бодитой үр дүн шаардсаар байна. Хууль эрхзүйн орчны ийм өргөн бололцоо байсаар байтал “цагаан захтны” гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй төрийн байгууллагын чадавхи сул байгаатай холбоотой. Авлигатай тэмцэх байгууллагууд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, дотоодын болон олон улсын эрхзүйн боломжийг ашиглах чадавхи суулгах, авлигатай тэмцэх олон улсын сүлжээтэй харилцаа холбоо тогтоож, үйл ажиллагаага уялдуулах, иргэд, олон нийтийн байгууллагын хяналтыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын мэргэшсэн шинжээч, судлаачдын үнэтэй зөвлөгөө, практик туршлагыг солилцохоор ноён Николас Женокопоулус, ноён Никос Пассас нарыг урьж ирүүллээ. Онолоо та нар мэднэ.
Оффшорын дансны эздийг сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа зарлалаа. Түүнээс өмнө бид оффшор данстай хүмүүсийнхээ нэрийг мэддэггүй байсан. Одоо бол хэн гэдэг гишүүн, хэн гэдэг сайд, хэн гэдэг бизнесмэн хаана данстай байгааг мэдсэн. Дансан дотор нь хэд байгааг мэдэхгүй байгаа. Энэ ажилд практик ажил хийдэг Николас Женокопоулус, Никос Пассас нар зөвлөгөө өгнө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү бодитой санал, санаачилга, тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа Монгол Улс дахь авлигыг таслан зогсоох, оффшор бүсэд нуугдсан Монголын ард түмний баялгийн нэгээхэн хэсгийг буцааж авчрахад томоохон хувь нэмэр болно хэмээн найдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн байгууллагуудын хийж байгаа ажилд байнга анхаарал тавьж, үр дүнг нэхэмжилнэ шүү” гэлээ.
4 comments
Daldgar turd baihdaa yu hiisen yum
зи дарга нэг хэлсэн бол дуусгаж л сална даа
Тиймээ хамгийн түрүүнд тэр мөнгөөр өргүй бол баян гэдэг шиг монгол хүн бүрийн сэтгэлийн мухарт байнга шаналгаж байдаг өрийг даръя өвчнөөс салгадаг өчнөөн том эмнэлгүүд баръя өвчин үүсгэдэг утаанаасаа салъя өч төчнөөн сургууль баръя өөрийн гэсэн бензинтэй болъё.
Мал биш учир бүх хүн мэдэж байгаа. Өмнөх 4 жилд чамайг утаа, оффшорын талаар ярихыг сонсоогүй юм байна.Чи 90 оноос хойш яг юу хийсэн юм. Ярих биш хийх хэрэгтэй байна.