МАН-ын 28 дугаар Их хурал талцал хуваагдалгүй, чимээ шуугиангүй эв нэгдэлтэй болж өндөрлөлөө. Энэ сарын 20-21-нд Соёлын төв өргөөнд болсон тус хурлаар өчигдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх 21:40 цагт 1309 төлөөлөгчийн 63.1 хувийн саналаар намынхаа 15 дахь даргаар сонгогдлоо.
МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд төлөөлөгчид аймаг, дүүргээрээ хуваагдан санал өгсөн. У.Хүрэлсүх нийт сонгогчдын 63,1 хувь буюу 775 хүний санал авсан бол Д.Хаянхярваа 36,9 хувь буюу 451 хүний санал авсан юм.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намын даргын тамгаа гардан авсныхаа дараа төлөөлөгчдөд хандаж үг хэлэхдээ “Төлөөлөгчдийнхөө магтаал, зэмлэлийг энэ хэдэн хоногт сонслоо. Монгол Улсын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. Тиймээс би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ дахь намын бүлгийн 33,32 гэсэн яриа энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж буйг та бүхэндээ зарлая. Ийм үүрэг даалгаврыг Их хурлаас надад, МАН-ын 65 гишүүд өглөө” гэсэн юм. Маргааш буюу Их хурлын гурав дахь өдөр МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Ямартай ч олонхи хүмүүсийн таамаглаж байснаар Ерөнхий сайдын суудалд хүчээ сорьсон У.Хүрэлсүх намын даргад нэрээ дэвшүүлж ялалт байгууллаа.