Германы канцлер Ангела Меркель парламентын олонхийг бүрдүүлж, тогтвортой Засгийн газар байгуулах эвслээ бүрдүүлж чадсангүй. Түүний хувьд цөөнхийн Засгийн газрыг удирдахад бэлэн бус байгаа бөгөөд цорын ганц гарц нь парламентын шинэ сонгууль явуулахаас ч аргагүй байдалд оруулж мэдэх юм. Гэхдээ сонгууль болсон ч өмнөхтэй адил дүн гарах магадлал өндөр байна.
Тиймээс өдгөө Меркель тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертэй уулзахаар төлөвлөж байна. Юутай ч цөөнхийн Засгийн газар байх уу, эсвэл шинэ сонгуульд явуулах уу гэдгийг парламент дахь канцлерын сонгох үйл явцыг хийж байж, түүнийг нь төрийн тэргүүн нь томилж байж шийдвэрлэх юм.
Либералууд
Германы либералууд “Ямайка” эвсэлтэй хэлэлцээр амжилтгүй болсон, түүнээс гарч буйгаа мэдэгджээ.
Даваа гарагт шилжих шөнө Германы Чөлөөт ардчилсан нам Меркелийн Христийн Ардчилсан холбоо/Христийн социалист холбоо болон “Ногоонтнууд” (“Ямайка”)-тай парламентын эвсэл бүрдүүлэх асуудлаар олон долоо хоногийн турш хэлэлцээ хийсний эцэст тус эвслээс гарч байгаагаа зарлажээ. Уг нь тэд есдүгээр сард болсон парламентын сонгууль дуусмагц зөвшилцөл байгуулж, хэлэлцээ хийж эхэлсэн билээ.
“Бүгд л өөр өөрсдийнхөө зарчим дээр бат зогсож байсан болохоор бид хэнийг ч буруутгахгүй. Гэхдээ бид ч бас өөрсдийн байр суурин дээрээ зогсох болно. Биднийг ямар нэгэн зүйлийг өөрчлөөсэй гэж сонгосон. Гэвч хэлэлцээ хийж чадсангүй. Буруу удирдаж байснаас удирдаагүй нь дээр” хэмээн Чөлөөт Ардчилсан намын дарга Кристиан Линднер “Ямайка” эсвэл бүрдүүлэх хэлэлцээний дараа мэдэгджээ.
“Ямайка” эсвэл гэдэг нь Меркелийн намаас гадна Чөлөөт ардчилсан нам, Ногоонтнуудыг нэгтгэж, Ямайкийн далбаатай төстэй хар, шар, ногоон өнгө бүрдүүлсэн эвсэл болох байжээ.
Үлдсэн хувилбар
“Ямайка” эсвэл амжилттай бүрдсэн бол бундестаг дахь 709 суудлын 393 буюу 55 хувийг бүрдүүлэх ёстой байв. Гэвч либералууд эндээс гарснаас хэлэлцээнд нийт суудлын 44 хувь нь үлдэж, олонхийг бүрдүүлж чадахгүй болж байгаа юм.
Германы социал-демократууд Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбоотой нэгдэж, “их эвсэл” бүрдүүлэхгүй гэж өмнө нь мэдэгдсэн билээ. Уг нь тус хоёр нам эвссэн бол 399 суудал буюу 56 хувь болж, олонхийг бүрдүүлж чадах байсан. “Ямайка”-гийн хэлэлцээ бүтэлгүйтсэнээс хэдхэн цагийн дараа социал-демократууд ч өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.
“Бундестагийн сонгуулийн дараа олон долоо хоногийн турш бусад намуудтай хэлэлцээ хийсэн ч Германы Социал демократ намын байр суурь өөрчлөгдөөгүй. “Их эсвэл”-ийг хадгалах тактик Германы Социал демократын намын хувьд есдүгээр сарын 24-нд ч буруу зүйл байсан, арваннэгдүгээр сарын 20-нд ч буруу хэвээр байна” хэмээн тус намын даргын үүрэг гүйцэтгэгч Ральф Штегнер мэдэгджээ.
Өдгөө тэгэхээр Меркельд хоёр л хувилбар үлдээд байна. Энэ бол Германы түүхэнд огт байгаагүй цөөнхийн Засгийн газар бүрдүүлэх, эсвэл тийм ч хурдан болохгүй шинэ сонгууль. Энэ удаад болсон эвслийн хэлэлцээ хоёр сарын өмнө буюу есдүгээр сарын 24-нд болсон парламентын сонгуулийн үр дүнд хийгдэж байгаа юм.
Харин “Ногоонтнууд” Меркелийн намтай цөөнхий Засгийн газарт оролцох боломжийг ч үгүйсгэж эхэлжээ. “Германд тогтвортой Засгийн газар хэрэгтэй. Тиймээс парламентын олонх байх ёстой. Хэрвээ Германы Социал демократ нам эвсэл орохоос бүрэн татгалзсан хэвээр байвал цөөнхөөр яаж засаг бүрдүүлэхийг би мэдэхгүй байна” хэмээн “Ногоонтнууд”-аас хэлэлцээ хийсэн Юрген Триттин мэдэгджээ.
Ийнхүү шинэ сонгуулиар засаг бүрдүүлж болох цорын ганц хувилбар нь Христийн ардчилсан холбоо/Христийн ардчилсан нам, Чөлөөт ардчилсан намын цөөнхийн Засгийн газар юм.
Хэдий тийм боловч Меркель есдүгээр сарын сонгуулийн дараа цөөнхий Засгийн газар бүрдүүлэх бодолгүй байна гэж мэдэгдсэн билээ. Тухайн үед тэрбээр Германд тогтвортой Засгийн газар бүрдүүлэх хүсэлтэй байна гэж хэлж байсан юм.
Меркель Ерөнхийлөгчид хандана
Ийнхүү Меркель ямар ч замыг сонгосон бай, Ерөнхийлөгчид хандахаас өөр аргагүй болжээ. Хэрвээ тэр цөөнхий Засгийн газар бүрдүүлэхээр шийдвэл төрийн тэргүүн бундестагт түүнийг канцлерын албанд нэр дэвшүүлнэ. Харин Меркель шинэ сонгууль явуулъя гэвэл мөн л канцлерыг сонгох сонгуульд оролцоно.
Германы Үндсэн хуулийн 63 дугаар зүйлд зааснаар аль ч тохиолдолд Ерөнхийлөгч бундестагт шинэ канцлерыг нэр дэвшүүлдэг юм байна. Хэрвээ нэр дэвшигч гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгч түүнийг Засгийн газрын тэргүүнээр томилно.
Хэрвээ канцлерыг эхний удаад сонгож чадахгүй бол бундестагт дахин 14 хоногийн хугацаа өгдөг юм байна. Энэ хугацаа дуусгавар болохоор канцлераа сонгож чадаагүй бол сонгуулийн хоёр дахь шатыг явуулна. Хэрвээ энэ удаад дахин танхимын тэргүүнээ сонгож чадахгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор канцлерыг томилох буюу бундестагийн тараадаг.
Бундестагийг тарааснаас хойш 60 хоногийн дотор шинэ бундестагийн сонгууль болдог аж. Тэгэхээр хэрвээ Ерөнхийлөгч ойрын хугацаанд шинэ канцлераа парламентад нэр дэвшүүлбэл шинэ сонгууль хоёрдугаар сарын дундуур хавьцаа болно гэсэн үг.
Меркель ч хэлэлцээ амжилтгүй болсон талаар Ерөнхийлөгч Штайнмайерт мэдэгджээ. “Бид эвслийн хэлэлцээгээ амжилттай дуусгаж чадсангүй. Энэ нь юу вэ гэвэл маргааш өглөө би Ерөнхийлөгчтэй холбоо барьж, цаашид хэрхэх тухай мэдээлэл хүргэнэ гэсэн үг” хэмээн даваа гарагийн шөнө тэрбээр мэдэгдсэн байна.
Түүнчлэн Меркель “Бид, Христийн ардчилсан холбоо, Христийн социалист холбооныхон хамтдаа байх болно. Энэ хүнд үед улс орныхоо өмнө хариуцлагаа хүлээж, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулна гэдгээ энд тэмдэглэхийг хүсч байна. Бид өөрсдийн хүчээр улс орныхоо нэгдэлд тус хүргэх болно” гэжээ.
Тэрбээр хэлэлцээний хамгийн чухал асуудалд цагаачлалын асуудал орж байсныг тэмдэглэсэн байна. Меркель либералуудтай санал зөрөлдсөн асуудал нь жижигхэн байсан, харин “Ногоонтнууд”-тай зөвшилцөж болох байсан гэж тэмдэглэжээ.
Германы Ерөнхийлөгч Штайнмайерын хувьд хэдхэн хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр эвслийн хэлэлцээг хариуцлагатайгаар хийж, эргээд сонгогчид руу шийдвэр гаргуулахгүй байхыг оролцогчдод уриалж байлаа.
Ээлжит бус сонгуулийн дүн ч адилхан гарна
Үүнтэй зэрэгцээд олон нийтийн дунд шинэ сонгуулийн асуудлаар санал асуулга явуулжээ. Тус санал асуулгад ойрын амралтын өдрүүдэд дахиад сонгууль болбол аль намд саналаа өгөх вэ гэсэн асуултыг оролцогчдод тавьсан байна. Гэтэл есдүгээр сарынхтай адилхан дүн гарч иржээ.
Тодруулбал, “Forsa”, “Emnid ба Infratets Dimap”-аас явуулсан санал асуулгаар Меркелийн нэгдэл 30-32 хувь (есдүгээр сард 32.9 хувийн санал авсан), социал-демократууд 20-22 хувь (20.5 хувь байсан), либералууд 11-12 хувь (есдүгээр сард 10.7 хувь байсан)-ийн санал авахаар бол ногоонтнууд 10-11 хувь (сүүлчийн сонгуульд 8.9 хувийг авсан) авахаар байна.
Харин зүүнийхэнд 9-10 хувь (есдүгээр сард 9.2 хувь байсан), барууны “Германы альтетнатив”-т 12-13 хувь (есдүгээр сард 12.6 хувь байсан)-ийн санал өгөхөөр байгаа аж.