Үндэсний статистикийн хороо (ҮСХ) сар бүр нийгэм, эдийн засгийн талаарх статистик мэдээллийг танилцуулдаг. Үндэсний стастикийн хорооны мэдээллийн танхимд өнөөдөр (2014.03.14) эхний хоёр сарын статистикийн мэдээллийг танилцууллаа.
Оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж 963.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 211.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж өмнөх сараасаа 380 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэсээ 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөг болсон нь өмнөх оноос 61.5 тэрбум, өмнөх сараас 106 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж байгаа иргэд оны эхний хоёр сард 47.2 мянгад хүрчээ. Үүний 34.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд. Харин 3.1 мянган иргэн нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа хүмүүс юм. Ажилгүй, ажилд орохоор бүртгүүлсэн иргэдийн 57.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.
Цалингийн дундаж хэмжээг бүх салбараар ангилахад уул уурхай, олборлох салбарын ажиллагсад хамгийн их буюу 2.3 сая төгрөгийн цалинтай. Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбар хамгийн бага буюу 599 мянган төгрөгийн цалинтай байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сард 4.7 мянган эх амаржиж 4771 хүүхэд төржээ. Улаанбаатар хотод 2017 оны хоёрдугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрч Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 229 болсон байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 4.8 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалт, захиргааны журмын эсрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт хэргийн үзүүлэлт өсөхөд нөлөө үзүүлсэн аж. 2017 он гарснаар 14.1 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1397 хүн баривчлагдсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүлжүүлэгдсэн хүн 1208-аар, баривчлагдсан хүн 501-ээр өссөн аж.