Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе ням гарагт ард түмэндээ хандаж үг хэлжээ. Тэрбээр энэхүү үйл явдлыг хэд хэдэн удаа хойшлуулж байсны эцэст ийнхүү үг хэлсэн байна. Уг нь түүнийг цэргийнхэнтэй хэлэлцээр хийсний үр дүнд сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзах байх гэж хүмүүс хүлээж байлаа. Гэтэл 20 минут үргэлжилсэн ард түмэндээ хандаж хэлэх үгэнд тэрбээр иргэдээсээ салах ёс гүйцэтгэсэн боловч огцорч байгаагаа хэлсэнгүй.
Харин ч 12 дугаар сард болох эрх баригч намын их хуралд оролцоно гэдгээ мэдэгдээд, сүүлийн долоо хоногт болсон үйл явдал түүний бүрэн эрхэд заналхийлээгүй гэжээ.
Ням гарагт эрх баригч намаас Роберт Мугабег тус улсын төрийн тэргүүний суудлаас авч хаясан билээ. Харин намын шинэ тэргүүнээр 75 настай экс дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагвуг сонгосон байна.
Түүнчлэн намаас Ерөнхийлөгчийг даваа гарагийн үд дунд гэхэд сайн дураараа огцрохгүй бол итгэл үзүүлэх эсэх асуудлыг эхлүүлэх гэнэ.
Телевизээр явуулсан Ерөнхийлөгчийн үгийг сонссон хүмүүс түүнийг огцорч байгаагаа мэдэгдэх байх гэж байлаа. Гэвч Мугабе хэлсэн үгийнхээ төгсгөлд “Та бүхэнд баярлалаа. Тавтай нойрсоорой” л гэж хэлсэн байна.
Зимбабве улсын сөрөг хүчний удирдагч Морган Цвангираи ч Мугабегийн хэлсэн үгэнд маш ихээр гайхсан гэжээ.